А-Кьюгийн үнэн түүх
А- Кьюгийн үнэн түүх (хялбаршуулсан Хятад: 阿Q正传; уламжлалт Хятад: 阿Q正傳; пиньинь: Ā Q Zhèngzhuàn) нь 1921 оны 12 сарын 4-нөөс 1922 оны 2 сарын 12-ний хооронд хэвлэгдэн гарсан Лү Шүний зохиол юм.
Зохиолд гол баатар нь болох, тухайн цаг үеийн Хятадын тариачдын төдийгүй ерөөс зовж зүдсэн орны үгээгүй ядуу ардын нийтлэг шинж төрхийг илэрхийлсэн, боловсрол муутай, тогтсон ажилгүй, А-Кьюгийн "адал явдал" дүрслэгддэг. А-Кью бол байнга бусдад дээрлэхүүлж, ялагдаж, доромжлуулж байдаг ч гэсэн, өөрийгөө ялсан гэж өөрийгөө хуурч мэхлэдэг нэгэн.
Агуулга
[засварлах | кодоор засварлах]Энэ зохиолын бүлгүүд нь:
- Оршил
- Гаргуун ялалтын товч тэмдэглэл
- Гаргуун ялалтын товч тэмдэглэлийн үргэлжлэл
- Хайр дурлалын эмгэнэлт явдал
- Амьдрах аргын асуудал
- Сэргэлтээс мухардалд
- Хувьсгал
- Хувьсгалд оруулсангүй
- Их бүрдэл
Оршил хэсэгт зохиолч А-Кьюгийн жинхэнэ нэрийг мэдэхгүй гэж өгүүлдэг. "А" буюу 阿 нь Хятад нэрүүдийн өмнө залгагддаг угтвар. "Кью" буюу Q нь "Куэй" хэмээх нэрийн товчлол бөгөөд тийм дуудлагатай олон ханзнаас алийг нь хэрэглэхээ мэдэхгүй байсан тул латин үсэг хэрэглэсэн гэж байдаг.
Дараагийн бүлгүүдэд А-Кьюгийн ерөнхий дүр төрх гардаг. Тэрээр Вэйжүан тосгонд ямар ч нэр хүндгүй, орон гэр гэхээр зүйл ч үгүй, айлд зарцлагдан олсон, хааяа хулгай хийж олсон хэдэн зоосоороо гэдсээ тэжээж, үлдснийг нь архинд өгчихөөс ч буцдаггүй нэгэн. Мөн тосгон дахь байр сууриа дээшлүүлэх гэж, арай эр хүндтэй хүмүүсийнх нь хийж буй үйлдлийг дуурайж байдаг. Энэ бүхнээс харахад, А-Кью нь үнэхээрийн тэнэг амьтан шиг санагдах боловч түүний эхнэр авъя гэсэн санаа, хот руу ажил хайхаар явсан зэрэг нь түүнийг бүр ухаангүй тэнэг, яадгаа алдчихсан амьтан биш болохыг нотолж байна. Лү Шүнь нь хотод Цюй жэнь гэгч алдартай ноёныд очиж ажиллан нилээд хугацаа өнгөрүүлэн, хэрэндээ "баяжаад" тосгондоо ирсэн нь түүний алдар нэр хүндийг өсгөж, бүр Жао ноёны хатан хүртэл түүний хөшгийг өндөр үнээр авна. Энэ хэсэг нь А-Кьюгийн хүнлэг шинж бөгөөд тосгоныхны бүдүүлэг байдлыг гаргаж ирсэн. Нэг өдөр Вэйжүан тосгонд нь хувьсгалын тухай мэдээ орж ирнэ. Үүнийг далимдуулаад тосгоныхон "хувьсгалчдын арми" нэртэйгээр баячуудан гэрийг дээрэмдэнэ. А-Кью ч гэсэн хувьсгалч болъё гэсэн ч, чадалгүй, дээрмийн хэргээр гүтгэгдэж, цаазлагдана. Цаазлагдахынхаа өмнө тэрээр мөн л өөрийгөө мэхлэн, өөрийгөө зоригтой хүн болж дахин төрнө гэж өөртөө итгүүлнэ.
Үзэл санаа
[засварлах | кодоор засварлах]Тухайн үед Хятад нь уламжлалт зан ёс ба орчин үеийн капиталист, аж үйлдвэржсэн нийгмийн үзэл суртал хоорондын сөргөлдөөн болж байв. Зохиолын гол санаа бол засаглалын хэлбэр хичнээн солигдсон ч, жирийн хөдөөгийн ард түмэн нь уламжлалт ёсоо дагасаар, хуучнаараа амьдарсан хэвээр байна гэсэн явдал юм.