Баатар хунтайж

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

XVII зууны Ойрадын нөлөө бүхий улс төрийн зүтгэлтэн, Цорос аймгийн тэргүүлэгч, нэгэн үе ойрадын чуулганыг Очирт сэцэний хамт барьж байсан

1634 онд Хархул ноён нас барж түүний хүү Эрдэнэбаатар суурийг нь залгамжилж 1635 онд Цоросын хант улсыг байгуулсан юм. 1636 онд Хошуудын Төрбайх гүүш ханы хамт Төвд рүү цэрэглэн мордож, 1637 онд Халхын Цогт тайжийг цохиж шарын шашинд тус хүргэсний учир түүнд V Далай ламаас “Эрдэнэ” цол соёрхож, тэр үеэс Хотогчин баатар, Эрдэнэбаатар хунтайж хэмээн түүхэнд алдаршжээ. Тэрбээр Хөх нуур, Төвдөд нүүдэллэсэн Хошууд, Ижилийн зүг одсон Торгууд, Дөрвөд нартай ч холбоо харилцаатай байж тэднээр өөрийгөө дэмжүүлэн хүрээлүүлэхийг эрмэлзэж байв.

Эрдэнэбаатар хунтайж 1640 онд Тарвагатайн Улаанбураа хэмээх газар Халх Ойрадын их ноёдын чуулганыг санаачлан хуралдуулагчийн нэг байж “Их цааз”-ыг батлалцаж байв. Тэрбээр Зая бандид Намхайжамцын дэмжлэгээр ойрадад шашин дэлгэрүүлж хэд хэдэн сүм хийд шинээр байгуулжээ. Тэдгээр сүм хийдүүдийн ойролцоо хан, ноёдын өргөө ордон байрлаж, суурин газрууд бий болж харийн худалдаачид ирж, худалдаа наймаа хийх болов. Мөн суурин газруудын ойролцоо газар хагалан тариа тарьж, үүндээ Дундад Ази зэрэг суурин орноос олзлогдогсдыг ажиллуулж байжээ.

Түүний баримталж байсан гол бодлого дотоод байдлаа бэхжүүлэхийн тулд хөрш орнуудтай тухайлбал, Opoc, Казакстан, Монголын Алтан хантай найртай харилцаж холбоо харилцаагаа бэхжүүлэх явдал байв.

Эрдэнэбаатар хунтайжийн эрх барьж байх хугацаанд Оросын хаант улс руу 33 удаа элч илгээж байсан баттай баримт Орос улсын архивт байдаг бөгөөд 19-өөс багагүй нь түүний өөрийнх нь илгээсэн элч байжээ. Тэрбээр элч илгээж хот байгуулахад зориулж мужаан, дархан, чулуучин зэргийн мэргэжлийн хүмүүс ирүүлэх болон үржлийн зориулалтаар гахай, тахиа, хүнсний зориулалтаар агталсан гахай зэргийг удаа дараа захиалан авч байжээ. Орос улсын элч нар Ойрадад яваад буцаж ирэхдээ хунтайж Ховогсайрт 3 тоосгон хот байгуулсан гэж мэдээлж байв. Баатар хунтайжийн нас барсан он нь түүхэнд зөрүүтэй тэмдэглэгджээ.