Баатар (Жалайр)

Баатар ноён (хятадаар: 霸突魯, Bà tū lǔ) (?-1261) нь Их Монгол Улсын цэргийн жанжин. Жалайрын Мухулай ноёны хөвүүн Булугийн хөвүүн бөгөөд Аньтун чинсангийн эцэг.

Товч намтар[засварлах | кодоор засварлах]

Тэрбээр Хубилайн доорх цэргийн ноёдын нэг байхдаа олон удаагийн тулаанд гавьяа байгуулж байсан. Тэрээр нэгэн удаад Хубилайд ийн өгүүлжээ: "Янь[1] нутаг болбоос луу бар мэт сүр жавхаатай, өмнө зүгт жяньхуайг[2] хянамуй, умар зүгт их говийг хянамуй. Тэнгэрийн хөвүүн дөрвөн зүгийн иргэнийг захирч болно. Их ван тэнгэрийн доорхийг эзэгнэхийг хүсвэл Яньжиныг яасан ч алдаж болохгүй"[3] хэмээж байжээ. 1259 онд Мөнх хаан тэнгэрт хальсны дараа Хубилайн тушаалаар Кайжоу руу довтлов. Таван удаагийн хатгалдаанд ялав. Түүний дараа цэргээ удирдан монгол нутаг руу яаравчлан буцав. Тухайн үед монголын хаан суурины төлөө Хубилай, Аригбуха хоёр тэргүүтэй монгол болон эзлэгдсэн орны ноёд жанжид хоёр талд хуваагдсан үед Баатар ноён Хубилайн талыг дэмжиж 1261 онд хоёр монгол хааны цэргүүд байлдах үеэр амь үрэгдсэн. 1304 онд Өлзийт Төмөр хааны зарлигаар Баатар ноёнд дунпин ван (東平王) цол нэхэн шагнав.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Юань улсын судрын 119-р дэвтэр Мухулайн шастирт Баатар ноёныг Тэмүлүн (夫人 帖木倫)[3] гэх гэргийтэй, Чаби хатантай эх нэгтэй гэж тэмдэглэж буй. Тэрбээр Аньтун, Динтун (定童), Бадухутай (霸都虎台), Хэтун (和童) хэмээх дөрвөн хөвүүнтэй. Аньтун нь хожим Юань улсын баруун гарын чинсан болсон. Хэтун нь го ван цолыг залгамжилсан.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. одоогийн Бээжин хот
  2. Жяньхуай гэдэг нь хятад гол бөгөөд өөр салаа утга нь өмнөд хятадыг заадаг.
  3. 3.0 3.1 "元史/卷119".