Бавуужав

Бавуужав
1875 он – 1916 оны 8 сарын 10

Шударга баатар Бавуужав
Төрсөн газар Манж Чин улс, Өвөр Монгол
Нас барсан газар Дундад Иргэн Улс, Манжуур
Эх орон Богд Хаант Монгол Улс
Ажиллагаа/салбар Өвөр Монголын сайн дурын цэрэг
Албан үүргийн он жилүүд 1911-1915 он
Цол Гүн
Цэргийн удирдах албан тушаал Таван замын байлдаанд жанжин, дараа нь Ерөнхий командлагч
Тулалдаанууд/дайнууд Таван замын байлдаан
Шагналууд Богд Хаант Монгол Улсын шударга баатар
Богд Хаант Монгол Улсын гүн

Шударга баатар Бавуужав буюу Харчин гүн Бавуужав гэж алдаршсан Бавуужав нь Богд хаант Монгол улсын цэргийн зүтгэлтэн, авъяаслаг жанжин, Монголын үндэсний тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, Хятадын түрэмгийлэлийн эсрэг баатарлагаар тэмцэгч хүн байжээ. Богд Хаант Монгол Улс байгуулагдсаны дараа Дундад Иргэн Улсын түрэмгийллийн эсрэг хийсэн Таван замын байлдаанд цэрэг удирдан оролцож онц гарамгай гавъяануудыг байгуулсан авъяаслаг цэргийн командлагч байсан байна.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Бавуужав нь Өвөр Монголы Зостын чуулганы Түмэд зүүн гарын хошуунд төрж өссөн байна. 1904-1905 оны Орос-Японы дайнд оролцож байсан цэргийн хэрэгт туршлагатай нэгэн байжээ. Богд Хаант Монгол Улс байгуулагдсаны дараа Богд хаанд үнэнчээр хүчин зүтгэж байсан ба Таван замын байлдаанд нэг замын цэргийн туслах жанжнаар идэвхийлэн оролцож, олон удаа Монголчуудад ялалт авчиржээ. Монгол цэргин командлагч манлай баатар Дамдинсүрэн нийслэл Хүрээнээс дуудан эргүүлэн татсаны дараа Таван замын байлдааны Монгол цэргийн Ерөнхий командлагчаар томилогдон дайн дуустал энэ тушаалд байсан. Гурван улсын Хиагтын хэлэлцээрээр Өвөр Монголыг Монгол улсад нэгтгэхгүй болсонд ихэд бухимдан өөрийн цэргээс өвөрлөгч хошуудын цэргүүдээс бүрдсэн цэргийн ангийг зохион байгуулан Хятадын цэргийн эсрэг байлдааны ажиллагааг үргэлжлүүлсэн боловч Хятадын генерал Ми Чэнбаогийн тоо, зэвсэглэлийн хувьд илт давуу хүчинд бут цохигдсон байна. Цэргийн гол хүчээ цохиулсны дараа Ар Монголд зугтан гарсан ба Монголын Засгийн газар Манжуур луу дүрвүүлэн гаргасан ажээ[1].

Таван замын байлдааны дараа Хятадын эсрэг[засварлах | кодоор засварлах]

Бавуужав нь Гурван улсын Хиагтын хэлэлцээрт ихэд бухимдан өөрийн цэргээс өвөрлөгч цэргүүдээс бүрдсэн цэргийг зохион байгуулан Хятадын цэргийн эсрэг байлдааны ажиллагааг үргэлжлүүлэв. Энэ үед түүний зорилго чухам юу байсан нь тодорхойгүй. Өвөрмонголыг хятадаас тусгаар улс болгоход зорисон бололтой байдаг. Энэ үед ДИУ-ын Хуурай замын цэргийн Яам, Туслан зөвлөх Яамнаас нэр хамтлан Монголын Засгийн Газарт албан бичиг ирүүлж Бавуужав Ар Хорчины нутагт нэвтрэн ирж дээрэм тонуул хийж амгалан тайван байдал алдагдуулж байгаа учраас Дундад Иргэн Улсын тусгай цэрэг хөдөлгөж байлдан сөнөөхөөр бэлтгэж байна. Иймд Монгол Улс цэрэг мордуулж Бавуужавын үймээнийг даралцахад туслалцаа үзүүлэх хэрэгтэй хэмээн хүчлэн шаардах болжээ.

Үүний дараа Бавуужавын эсрэг ДИУ генерал Ми Чэнбаогийн томоохон хүчийг илгээсэн. Бавуужав хятад цэргийн хэтэрхий давуу хүчинд дийлдэн ухарч зугадсаар 1915 оны 11 дүгээр сарын 15-нд Егүзэр хутагт Галсандашийн хүрээний газар ирж хоргодсон байна. Гэтэл Шяо Лян Чэний захирсан хятад цэрэг Бавуужавыг нэхэн хөөсөөр Монголын хил давж, тэрхүү хүрээнд ирж шөнийн турш Бавуужавын цэрэгтэй зургаан цаг гаруй тулалдаж түүний цэргээс мянга гаруйг алж, 500 гаруй хүн, үхэр буу нэг, пулемёт 1, винтов 1000 гаруй, сум олныг олзолжээ. Бавуужав үлдсэн цэргийнхээ хамт Таонань Баргын зүг зугадан зайлж Солон ууланд очиж бүгсэн байна. Хятад цэрэг ихээхэн сүр үзүүлж, сүм хийд бурхан шүтээн эвдэж, үлэмжхэн эд хөрөнгө дээрэмдэж, Егүзэр хутагтыг баривчилж тусгайд нь өөр хэд хэдэн ламыг бөөнөөр нь цагдан хорьжээ.

Монголын Засгийн Газар энэхүү байдалд ихээхэн дургуйцэж Ерөнхий сайд Т.Намнансүрэн, Гадаад Яамны сайд Б.Цэрэндорж нар Нийслэл Хүрээнд сууж байгаа Бүгдийг хамгаалах их сайд Чэнь Лү-д бараалхан “хятадын түшмэл цэрэг шалтгаангүйгээр дайрч ирээд тус хийдийг эзэлж олон хүнийг алж шархдуулав. Хийдийн бурханы хөргийг урж тасчив. Хутагт лам нарыг баривчилж Зүүн, баруун хуучдын хамба ламыг тушаахгүй бол баривчилсан хүмүүсээ суллахгүй гэж байна” гэдгийг мэдэгдээд ДИУ-ын энэ хэрэг явдал Хиагтын гурван улсын гэрээний заалтыг зөрчиж байгаа учир уул цэргийг нэн даруй Монголоос гаргаж, хутагт лам нарыг суллаж тус хүрээ ба иргэдэд учруулсан бүх хохирлыг төлж өгөхийг шаарджээ.

Чэнь Лү Монголын удирдагчдад хандаж хэлэхдээ, одоогоор гадаад, дотоод монголын хилийг нарийвчлан тогтоогоогүй байна. Тийм учраас хятад цэрэг хил зөрчсөн гэж үзэх учиргүй. Егүзэр хутагт Бавуужавыг баривчилж, манай цэрэгт тушаалгүй зугатаалгасан буруутай учраас ял эдлэх ёстой. Өөр хэлэх олон үг байхгүй гэж мэдэгдээд тэднийг өчүүхэн ч хайхраагүй төдийгүй Бавуужав бол танай Монголын харьяат болсон хүн болохоор түүний өдүүлж буй гэмт хэргийг танай Засгийн Газар бүрэн хариуцах ёстой хэмээн анхааруулаад сөрөг хэд хэдэн шаардлага тулгасан байна. Т.Намнансүрэн, Б,Цэрэндорж нар түүнд хариу болгож хэлэхдээ: Хиагтын гэрээний дараа Бавуужавыг Өвөр монголдоо буцахыг зөвшөөрсөн учир одоо тэр манай монголд харьяалагдах учиргүй, гэхдээ бид түүнийг баривчилж чадахгүй боловч монголоос хөөн гаргаж болох юм гэж мэдэгдсэн байна.

Яг тэр үед хятад цэрэгт баривчлагдсан Егүзэр хутагтаас тусгай хүн яаравчлан зарж Засгийн Газар дахин захидал ирүүлж өөрийг нь хятад руу авч явах гэж байгааг мэдэгджээ. Монголын эрх баригчид энэхүү мэдээг авмагцаа Егүзэрийн хүрээ ба Замын Үүдийн чиглэлд тус бүр мянган цэрэг илгээж, Бавуужавыг Монгол хязгаараас хөөн зайлуулахыг даалган тушаажээ. Гэтэл мөнөөх сайд Чэнь лү Бээжинд цахилгаан утас илгээж манай улс цэргээ ухраан татаж ер болоxгүй. Би Монголын албаны хүмүүст дөрвөн зүйлийн шаардлага тавьсан, тухайлбал Бавуужавыг хамсаатных нь хамт барьж тушаах, дахин түүний хэрэг өдүүлэхгүйг батлан хариуцах, Бавуужавын үймээнээс болж хятад худапдаачдад учруулсан бүх хохирлыг төлөх, Бавуужавын дээрэмчдийг дарахад гаргасан цэргийн бүх зардлыг төлөх хэрэгтэй гэж тэдэнд мэдэгдсэн гэжээ. Мөн тэрбээр Замын-Үүд, Егүзэрийн хүрээний чиглэлд мордуулсан монгол цэрэг нь Бавуужавыг хөөн зайлуулах үүрэгтэй биш байх. Харин манай хятад цэргийн замыг тосч дайтах төлөвлөгөөтэй байж магадгүй гэдгийг тэрхүү цахилгаан утсанд тэмдэглэсэн байлаа.[2]

Монгол Дундад Иргэн Улсын хооронд байдал хурцдаж болзошгүйг ажиглаж байсан консул А.Миллер энэ хэрэг явдлын тухай өөрийн Засгийн Газартаа яаралтай мэдэгдсэний дараа Оросын Гадаад явдлын Яамны сайд С.Д.Сазанов Бээжин дэх элчин сайд В.Н.Крупенскийгээр дамжуулж хятад цэргийг даруй Монголоос татан гаргахыг ДИУ-ын Засгийн Газарт шаарджээ. Үүний хариу болгож 1915 оны 11 дүгээр сарын 18-нд ДИУ-ын ГЯЯ-ны сайд мэдэгдэхдээ "хэрэв монголчууд өөрийн нутаг дээр хоргодож байгаа Бавуужавыг баривчлан тушаавал манай улс цэргээ татаж авахад бэлэн байна" гэж Крупенскийд анхааруулсан байна. Оросын дипломатууд үүний хариу болгож "Бавуужав бол Монгол улстай одоо холбоо харилцаа тасарсан бөгөөд ДИУ Бавуужавын амийг бусниулж болохгүй" гэдгийг мэдэгджээ.[3]

Нийслэл Хүрээнд сууж байсан А.Миллер өөрөө сайд Чэнь Лү-тэй уулзаж ДИУ-ын цэрэг Монголын хилийг давж түрэмгийлсэн явдлыг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдээд Гадаад, Дотоод Монголын хооронд хилийн зааг байгааг ДИУ үл тоомсорлож байгаад харамсаж байна. Хиагтын гэрээнд зааснаар бол ДИУ Монголд цэрэг байрлуулах эрхгүй. Хятад цэрэгт баривчлагдсан Егүзэр хутагт ба бусад хүмүүсийг сулла. Бавуужав одоо Монголын харъяат биш болсон учир түүний өдүүлсэн хэргийг Монгол улс хариуцах ёсгүй. Тиймээс Монголд учруулсан бүх хохирлоо төлөх хэрэгтэй хэмээн анхааруулжээ.[4]

Чэнь Лү үүний хариу болгож "Гадаад Монгол бол ДИУ -ын нутаг дэвсгэр гэдгийг Хиагтын хэлэлцээрээс тогтоосон бөгөөд бид тэрхүү гэрээг баримтлах хэрэгтэй. Тиймээс манай цэргийг хил зөрчсөн хэмээн буруутгаж болохгүй. Егүзэрийн хийдэд чухам юу болсон тухай би сайн мэдэхгүй байна. Манай Засгийн Газраас надад мэдэгдсэн зүйл одоогоор алга. Харин өчигдөр Т.Намнансүрэн нараас л энэ тухай сонслоо. Энэ талаар эхлээд сайтар судлах хэрэгтэй. Дараа нь тэр явдал юунаас үүссэнийг мэдэж, шийдвэрлэх аргаа ярилцъя. Бавуужав бол Гадаад Монголтой харилцаагаа таслаагүй байгааг би мэдэж байна. Тухайлбал манлай ван Дамдинсүрэнг хэдэн сарын урьд Гадаад Монголын зохих албаны газраас одуулж Бавуужавтай уулзуулан түүнд 30000 рубль тусалсан. Та үүнийг сонсож мэдсэн биз дээ" гэжээ. Чэнь Лү А.Миллертэй ярилцсан тухайгаа тэр дор нь Бээжинд мэдэгдэж, "мөн Гадаад Монголоос өмнө зүг рүү илгээсэн цэрэг Егүзэр хутагтыг манай цэргээс булааж авах санаатай бололтой. Тиймээс Ми-гийн удирдсан цэргийг даруй хойд зүг рүү явуулж Шяо-гийн цэрэгтэй нэгтгэн хүчээ зузаатгах хэрэгтэй" хэмээн зөвлөжээ.[5]

Бавуужав Монголын хязгаараас дутаан зайлж, Өвөр монголын зүүн хойд нутагт очиж хятад цэрэгтэй тулалдахаар бэлтгэж байх үед Монголын Засгийн Газар Егүзэр хутагтыг баривчлан хорьсон хятад цэргийн даргад албан бичиг хүргүүлэн түүнийг суллахыг шаарджээ. Гэтэл тэрхүү цэргийн дарга түүний хариуг өгөлгүйгээр Галсандашид хэлэхдээ, “Танай Засгийн Газраас Бавуужавыг ятган тохинуулах буюу эсхүл хядаж арилгахаар цэрэг гаргасан боловч ер манай ДИУ -ын цэрэг лүгээ хүчин хавсарсугай хэмээсэн үг үгүй ба бас ч зүүн хуучид ван, баруун хуучид хамба лам нарыг нутагт буцаах эсэхийг огт үл дурдсан нь нийлэлцэхгүй тул эл хэргийг миний хэлсэн ёсоор шийтгэн дуусгахын янар чамайг талибахгүй”. Бид буцахдаа “чиний биеийг авч явна”хэмээн сүрдүүлж байв. Гэвч үүнээс хойш төдий л удалгүй 1915 оны 12 дугаар сарын 20-нд хятад цэргийн захирал Шиюу Шан Ли Егүзэр хутагт Галсандашийг дагалдах түшмэл гүн Дашнямын зэрэг есөн хүний хамт баривчлан авч одсон ба Егүзэрийн хүрээнд байгаа хятад цэргийг цахар Мижигсэнгийн Зодбажаваар захируулан үлдээжээ. Үүний дараа Монголын Засгийн Газар Егүзэр хутагтыг суллуулахаар сайд Чэнь Лү-д хэд хэдэн удаа хандаж хүссэний дараа тэрбээр хариу мэдэгдэхдээ хутагт Галсандаш өөрөө “дуртайяа даган орсугай хэмээсэн бөгөөд бас ч Нийслэлд (Бээжин З.Л.) хүрч бараалхсугай хэмээн гуйсан” учир манай цэрэг түүнийг авч явжээ хэмээн дурдсан байна. Мөн ДИУ-ын Засгийн Газар эрхэм хутагтад маш найрсаг хандаж буй учир сэтгэл зовних явдалгүй хэмээн тэмдэглэжээ.

Гэвч чухам хэрэг дээрээ бол “хутагт Галсандаш нэгэнт хятадын гарт орсон учир тэдний албадан аваачих муу сүрд дарагдаж, ДИУ-д дагаар орох хэмээн ам алдсан” бөгөөд түүнийг нь хятад ашиглан Галсандашийг дотоод зургаан чуулганыг захирах сайдын тушаалд өргөмжилнө хэмээн амлаж байсан тухай зарим баримт байдгийг нягтлууштай.

Үүний сацуу Хайларт сууж байсан Оросын дэд консул П.Усатый 1915 оны 12-р сард Халхын Сэцэнхан аймгийн Илдэн ван Доржпаламын хошуунд түр сууж байсан Бавуужавтай биечлэн уулзаж ДИУ-тай эвлэрэхийг ятгасан боловч амжилт олоогүй билээ.[6]

Бавуужавтай холбогдож гарсан яриа Оросын консул, хятад сайд хоёрын дунд өрнөсөн төдийгүй цаашаа улам гүнзгийрчээ. ДИУ, Гадаад Монгол хоёрын аль аль нь өөрийнх нь эсрэг тэмцэх болсон тэр үед Бавуужав арга буюу Манжуурын чиглэлд зугадан зайлжээ. ДИУ тэр үед Монголоос цэргээ татсан төдийгүй Егүзэр хутагт Галсандашийг ч Монголд буцаахад төдийлөн татгалзах зүйлгүй болсон байлаа. Энэ нь ч Орос, ДИУ-ын хооронд аль болохоор эвсэн зохицох явдал нэн шаардлагатай болж байсантай холбоотой юм. Тиймээс ч 1916 оны эхээр Богд эзэн хаанаас ДИУ-ын ерөнхийлөгчид баяр бэлэг хүргэхээр урьд шийдвэрлэсний дагуу Сэцэнхан Навааннэрин, ван Жамьяндорж нарыг Бээжинд зарж илгээсэн бөгөөд тэд хутагт Галсандаштай уулзаж ярилцан тэр тухайгаа Монголын Засгийн Газар мэдэгдсэнд тэдгээр төлөөлөгчдийг эгж ирэхдээ Галсандашийг дагалдуулан авчир гэж Богд хаан зарлиг болгосны дагуу Егүзэр хутагт 1916 оны 2 дугаар сарын 20-нд эх нутагтаа буцаж иржээ. Түүний дараахан Долооннуурын хавь нутгийг харьяалан захирагч яамны сайдаас түүнд бичиг ирүүлж, хятад цэргүүд Баарин хошуу сүм дээр олон цэрэг суулгаж “хулгай” Бавуужавыг сэргийлэхийн тул тус хутагтын хүрээнээс дайчлан булааж аваачсан мал эд хогшлын үлдэгдэл болох адуу 602, үхэр 37, тэрэг 27, тэмээ 41, эсгий бүрээс 152 бүхэл, 659 хэсэг, хана 309, тооно 58, үүд 86, унь 60, гэрийн тулга 14, бүрээс 5-ыг эгүүлэн хүргүүлснээ мэдэгджээ.

Манжийн төрийг сэргээх үйлс[засварлах | кодоор засварлах]

Монгол Улсын эрх баригчид өөрийнх нь саналыг дэмжээгүйд гутарч эцсээ хүртэл тэмцэх андгай тавьсан Бавуужав харьяат цэргээ авч Халхын зүүн захын хошуудыг дайрч Хөлөнбойрын зах нийлэх Халх гол хүрч буудаллахаар одох замын зуур Сэцэнхан аймгийн Илдэн Засаг жүн ван Манжбазарын Доржпалам, эрхэмсэг засаг бэйл Жамсранжавын Цэрэнням, Үйзэн засаг бэйс Цэрэнгийн Гомбосүрэннарын хошууны аль баялаг айлын адуу мал гэр хэрэглэлийг дайчлан авч цэргийн хэрэгцээндээ нийлүүлж байснаас тэр нутгийн ард олон нилээд хэлмэгдэж, аж төрөл нь алдагдаж багагүй зовлонд нэрвэгдэж байв. Энэ байдалд сэтгэл зовнин янз янзын арга сэдэж байлаа. Эрдэмтэн Чимэдийн Дэмчигдорж хэмээгч (Дандаа чинсан) сайн дураар 1915 оны өвөл ид хүйтнээр хэдэн харчин эр дагуулж, тэмээ хөлөглөн урт замыг нууцаар туулан явж Бавуужавтай биечлэн уулзаад түүнийг ятгаж ухуулсан байна. Ч.Дэмчигдорж түүнд хэлэхдээ: “Монгол угсааны хэргийг шинэ үүсгэсэн гавьяагаа төгсгөхгүйгээр өөр зуураа зэвсэг хөдөлгөхийг зүй хэмээвээс болом уу? Сайд бүгд улсаа тэрслэхийг зөв хэмээвээс болом уу? Гүн Та байлдахыг байж хойш эгэхийг хүсмүй” хэмээсэн хойно Бавуужав өөрийн багш Ч.Дэмчигдоржийн үгийг дагаж хэсэг зуур дээрэм хийхээ зогсоосон байна. Гэвч Монгол Улсын Засгийн Газар Бавуужавт бодитой туслалцаа үзүүлээгүй учир тэрбээр дахин хуучин байдалдаа шилжжээ. Тиймээс Монголын Засгийн Газар Сэцэн хан аймгийн цэргийн жанжин бишрэлт ван Пүрэвжавын Доржцэрэнг томилон үлэмжхэн цэргийн хамт илгээж, Бавуужавтай уулзан үймээн самуунаа намжааж, дээрэм тонуулаа зогсоохыг ятган ухуул хэмээн даалган тушаажээ. Тэр үед Бавуужав 3000 цэрэгтэйгээ Илдэн вангийн хошууны нутаг Халх голд байж байгаад Хэрээ уул хэмээх газарт шилжин байрласан боловч П.Доржцэрэн нарыг ирж яваа мэдээг сонсож, Өвөр монголын Хөлөнбойрт очиж, тэндхийн эрх мэдэл бүхий хүмүүстэй уулзаж, учир явдлаа ойлгуулж, тэднээс дэм туслалцаа авч хэсэг зуур сууж байжээ. Ван П.Доржцэрэн Хэрээ уулын орчим очиж маш тодорхой захидал үйлдэж, тусгай элч довтолгон Бавуужавт хүргүүлжээ. Гэвч тэрбээр П.Доржцэрэнгийн ухуулж ятгасныг ер хайхарсангүй, харин ч Манж Дайчин Улсын хаант төрийг дахин сэргээхээр Манжийн сүүлчийн хааны ойр дотно хүмүүс ба түүнийг дэмжигчид болон “Жибингээс (Японоос З.Л.) эш батыг олж нэгэнт зарласан” ба өөрийн хэрэглэж байсан Монголын туг, тамгаа халж өөрчилсөн бас японоос зэвсэг, нисэх онгоц ирүүлэх хугацаа болж байгаа учир 1916 оны 6 дугаар сарын 18-ны барс (өглөө) цагт Зүүн Үзэмчингээс мордож “дэлхий дахиныг засаж түмэн амьтны тусыг үйлдэх үнэн сэтгэлийг дээд тэнгэр байцаан тольдох тул гагцхүү бурхан тэнгэрт даатган залбирмуй” хэмээн өөрийнхөө цаашид тэмцэх зорилгоо “дэмий нуун халхлахгүй үнэнээ нээн гаргаж” мэдүүлэн бичсэн захидлыг түүний элчид өгч буцаасан байна. Тодруулбал Бавуужав Хаант Оросоос ямар боловч тусламж дэмжлэг авна хэмээн итгэж байсан нь талаар болж, Монгол Улсын эрх баригчид ДИУ-аас болгоомжлон түүнд огт туслахгүй болсон явдалд ихээхэн бухимдаж хэрхэх аргаа олж ядан байх үед нь Миязато Ишомури гэгч японы хүн Баргаар дамжин Бавуужавтай уулзаж өөрийгөө Хайларт эм тан худалдаалан суудаг Хун Ли гэдэг хятад хүн хэмээн танилцуулаад, хэрэв та хүсвэл Япон улсаас зэвсэг худалдан авахад чинь би тусалж чадна хэмээн ярьсан байна. Ингэж 1915 оны 8-р сарын эхээр Японтой холбоо тогтоох боломжтой болж, өөрийн түшмэл Тас шувуу гэгчийг М.Ишомуритай хамт Токиод илгээсний дараахан 1915 оны 11 дүгээр сарын 16-нд Японы хоёр офицер ирж Бавуужавтай уулзаж, улмаар одоогийн Чанчун хотод нэг мянган винтов, 50 мянган сум авчирч, эдгээрийг Бавуужавт хүргэж өгөхөд туслалцаа үзүүлэхийг П.Усатыйгаас хүсчээ. Гэвч тэрбээр үүнийг эөвшөөрсөнгүй. Оросын зүгээс Бавуужавт дэмжлэг үзүүлэхгүйг Япон ойлгоод Манжийн хуучинсаг үзэлтэн хаан угсааныхныг ашиглаж Баргаар дамжуулан Бавуужавт хүнс, хувцас, зэвсэг хэрэглэл хүргэх болжээ. Бавуужавт зэвсэг хэрэглэл хүргэхэд туслалцаа үзүүлэх болсон тэдгээр манж хүмүүс бол Хаант Засгийг дахин сэргээхийн төлөө тууштай үйл ажиллагаа явуулж байсан Манжийн хаан угсааны Чан Чи хэмээгч Сү Чин ван, Шаньси, Гансу мужийн сайд Шэн Юн нараар удирдуулсан томоохон бүлэглэлд багтаж байлаа. Тэдний гол төв нь 1904 оноос эхлэн Японы мэдэлд шилжсэн Далянь хотод байрлаж байсан явдал Японоос Бавуужавтай харилцахад зохистой боломж бий болгож байв. Япон ч энэ бүлэглэлд элдэв зүйлээр тусалж Манжийн хаант төр сэргээх гэсэн тэмцлийг нь дэмжиж байлаа. 1916 оны зун Далянь хотоос тэрхүү бүлэглэлийн үйл ажиллагаанд идэвхтэй ороцдог монгол ван Эрдэнэ-Цогт, манж Дин Ин нар гурван япон офицер дагалдуулан Бавуужавын дэргэд очжээ. Үүнээс хойш төдий л удалгүй Су Чин ван өөрийн хүү Сян Хуйг таван япон офицертой бас очуулжээ. Тэд Бавуужавыг ятгаж, манжийн хаант төрийг сэргээхэд дэмжлэг туслалцаа үзүүл, ялангуяа Өвөр монгол, өмнөд манжийн ард иргэдэд энэ талаар ухуулга ятгалга хийхийг хүсчээ. Бавуужав ч уг хүсэлтийг биелүүлэхээ амлаж, түүнийхээ хариуд их хэмжээний зэвсэг, хувцас, хүнс, бие мөнгө 200 мянган ланг авахаар болсон байна. Мөн Бавуужавын гэр бүлийн аюулгүй байдлыг хангахын тулд тэднийг японд суулгах зүйтэй хэмээн зөвлөсөн бөгөөд энэ нь чухамдаа Бавуужав Японд чин үнэнчээр хүчин зүтгэхийн баталгаа болсон байж тун магадгүй. Үүнийхээ дараа Бавуужав Барга, Халхын эрх баригчдад захидал бичиг хүргүүлж Хиагтын гурван улсын гэрээ Барга Өвөрмонголыг Халхад нэгтгэх талаар ямар ч оролдлого хийгээгүй. Тиймээс цаашид Манжийн хаант төрийг сэргээн байгуулахаар эрслэн тэмцэх болно гэдгээ мэдэгджээ[7].

Бавуужав Манжийн хаант төрийг сэргээхийн төлөө тэмцлээ хэрэгжүүлэхдээ Японы дэмжлэг туслалцаанд тулгуурлан юуны өмнө ДИУ-ын эсрэг дайтахаар бэлтгэж, бүх цэргээ таван зам хувааж Чанчүн, Мүгдэн хотууд ба Гирин, Хар мөрөн мужийг дэс дараалан эзэлж, улмаар Бээжинг эзлэхээр төлөвлөжээ. Гэтэл энэ үед ДИУ-ын зүгээс Монголын эрх баригчид Бавуужавтай эвсэн хуйвалдаж буй мэтээр янз бүрийн сэжиг таавар гаргаж, түүний дээрэм тонуул үйлдэж байгааг таслан зогсоохыг удаа дараа хүчлэн шаардсаар байв. Иймд арга буюу Монголын Засгийн Газар Хатанбаатар ван С.Магсаржавыг Бавуужавтай нүүр тулан уулзаж ятган ухуулж, түүнийг дээрэм хулгайгаа зогсоож зэвсгээ хураалган Ар, Өвөр монголын аль хүссэн газраа чөлөөтэй нутаглан суухыг мэдэгд хэмээн илгээжээ. С.Магсаржав Нийслэл Хүрээнээс шууд явж, Сэцэн хан аймгийн Үйзэн гүний хошуу (одоогийн Дорнод аймгийн Матад) хүрч Тэгш Манлай хэмээх газар түр буудаллаж, Далайбаатар гэгч хүнийг Бавуужавтай уулзаж “хязгаарт түвшингүй болгон түйвээж болохгүй, зэр зэвсгээ хураалгаж, нам гүм шударга түвшин явах хэрэгтэй. Улсын сангаас цалин хэрэглэлийг чинь олгоё” хэмээн хэлүүлсэнд Бавуужав түүний үгийн хариу болгож “Бид нэгэнт Монголд жигшигдэн хөөгдсөн учир цэргийн зэр зэвсгийг хураалгаж чадахгүй, цалин мөнгө ч авахгүй, харин энэхүү зэвсгээрээ монголоос чадах чинээгээр хоол олж иднэ. Монголтой эрэгчин эмэгчнээ үхтэл үзнэ. Хэрэв Монголд дийлдвээс бид гомдох явдалгүй, дийлж болбаас хэзээ ч монголоос амиа тэжээнэ хэмээн эрс үг хэлж” мөнөөх Далайбаатарыг гурав хоног хорьж байгаад “чамайг албаас зохино. Гэвч чи мууг алаад Монголыг хорсгож чадахгүй тул буцаж энэ учрыг хэлтүгэй” хэмээн буцаажээ. Бавуужав түүний дараа цэргээ авч Хайлар хотын зүг зайлан одсон учир С.Магсаржав өөрийн биелүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлж чадалгүй буцаж иржээ. Үүний дараа Бавуужав Монгол Улсын Засгийн Газарт дэлгэрэнгүй захидал ирүүлж “Бид нар хэдүй Монгол улсаа дахин мандуулсугай” хэмээн тэмцсэн боловч энэ их зорилгодоо хүрч чадсангүй. Тиймээс “Дайчин улсын хэвт ёсны хаан эзнийг Дундадаас (ДИУ-аас) мандуулахаар Манжийн угсаа Су Чин ван лугаа зөвлөлдөн хэлэлцэж тогтоод хэргийг анх үүсгэхэд аливааг хувьсган (өөрчлөн З.Л.) улируулж хэрэглэхгүй аваас үл болох тул тамга, туг, хиурыг бүрнээ шинэ үйлдэж Богд хааны соёрхсон туг тамгыг шүтээн болгож цаг үргэлж аливаа зүйлийг даатган залбирч…Тоа нан фу зэрэг газрыг байлдан эзлэхээр бэлтгэж, цэргийнхээ хагасыг хүүхэд эмэгтэйчүүдийн хамт Хөлөнбойрт үлдээж, aгт морь 300, үхэр 50-иад, майхан тавийг тэр хавийн ардаас тусласныг авч мордох гэж байгаагаа мэдэгдээд “Дундадыг дахин мандуулах түшмэл цэргийг ерөнхийлөн захирагч сайдын тамга” хэмээх монгол үсэгтэй дундаа монголын соёмбо үсгийг сийлсэн тамга даржээ” Мөн энэхүү захидалтай хамт бас нэгэн бичгийн хуулбарыг ирүүлсэн байна. Уул бичгийг Су Чин вангийн дотно хүмүүс Бавуужавт хандаж бичсэн бөгөөд Манж Дайчин улсын төрийг дахин сэргээж хааныг ширээнд нь залахад туслахыг түүнээс хүссэн байна[8].

Манжуурт хийсэн байлдаанууд[засварлах | кодоор засварлах]

Бавуужав бүх монгол үндэстнийг Богд хааны захиргаанд нэгтгэсэн их улс байгуулахын төлөө тэмцлээсээ няцаж, Манж Чин Улсын хаант төрийг дахин сэргээхээр шимтэх болсон явдлыг Өвөр монголын нилээд хүмүүс дэмжин талархаж байв. Ялангуяа Гадаад Монголд суурьшсан өвөрлөгчдийн олонхи Бавуужавын үйл ажиллагааг дэмжихээр явцгаасан байна. Мөн янз бүрийн хүмүүс Бавуужавын цэрэгт сайн дураар элсэх болсноор түүнийг дагалдагчид таван мянга гаруй болж, Японоос түүнд тусламж болгож үхэр буу 4, явган цэргийн буу гурван мянгыг Мүгдэнгийн ойролцоох төмөр замаар ирүүлсэн байна. Тэр үеэс Бавуужав Тоа нан фү-г байлдахаа больж Мүгдэнг чиглэн давшжээ. Гэвч ДИҮ-ын цэрэг Бавуужавыг тосон байлдахад эхлээд Хятад цэрэг бага зэрэг ухарсхийсэн боловч удалгүй дахин давшилтад орж монгол цэргээс дал гаруйг алж нилээдийг шархдуулж винтов буу ер орчмыг олзолж авчээ. Үүнээс хойших хэд хэдэн тулалдаанд Бавуужав тийм ч их хохирол үзээгүй бөгөөд харин ч түүний цэргийн Жиримийн чуулган хавьд байлдаж байсан хороо нь хятад генерал Ү Цюн шэн гэгчийн захирсан цэрэгт хүчтэй цохилт өгч, улмаар У цюн шэнг шархдуулж, түүний цэргээс 130 гаруйг алж 100 гаруй хүнийг шархдуулсан байна. Байдал ийнхүү хурцдаж Бавуужавын цэрэг 10 мянга гаруй болж, нилээд хүчирхэгжих болсон явдалд Мүгдэнгийн цэргийн захирагч Жан Золин Тоа нан фү рүү цэргийн үлэмж хүч илгээсний сацуу Хар мөрөн мужийн сайд Би Гуйфан мөн тусгай цэрэг гаргаж Тоананфүгээс Бавуужавын цэрэг ирэх гол гол замыг угтуулан сэргийлжээ. Гэвч Бавуужав үргэлжлэн давшсаар Кайтүн Хуйцэсян, Лишүсян, Синанжэн зэрэг хэд хэдэн хотыг эзэлж байсан боловч энгийн иргэдэд бараг хохирол учруулаагүй бөгөөд эзэлсэн хотуудаа ямар ч харуул хамгаалалтгүй орхин цааш давшилтаа үргэлжүүлж байжээ. Ингэж Бавуужав Хянганы нуруунаас Мүгдэн хүртэлх 600 гаруй километр замыг туулж давшсаар байв. Нутгийн ард иргэд Бавуужавыг дэмжиж бүх л бололцоогоороо тусалж байсны сацуу Япон ч зэр зэвсэг, хүнсээр тасралтгүй хангаж байлаа.

1916 оны 8-р сард Бавуужавын цэрэг давшсаар Дорнод Хятадын Төмөр Замын өртөө байрладаг Гоцзыдян хотод ороход нь манжийн хаан угсааныхныг дэмждэг хэдэн зуун манж эрчүүд түүнд дагаар оржээ. Эндээс Бавуужавын цэрэг бага зэрэг зэр зэвсэг нэмж авч цааш дайтахаар бэлтгэж байхад нь тус хотын хятад цэрэг их буу пулемётын хүчирхэг галаар монгол цэрэгт сэхээ авахуулалгүй цохилт өгч улмаар зай завсаргүй бүслэн гаднаас ямар нэгэн зүйл нэвтрэх, гадагш гарах бүх бололцоог хаан тусгаарласан байна. Ийнхүү бүслэлтэд орж хэсэг хугацаа өнгөрсний дараа Бавуужавын цэргийн дотор үймээн дэгдэж Насанбаярын захирсан 300 хүнтэй анги, Батын захирсан 70 цэрэг Бавуужавыг орхин хятад цэрэгтэй нийлжээ. Сарын дараа Бавуужавын цэрэг хятад цэргийн бүслэлтийг сэтэлж, мөн оны 9 дүгээр сарын 18-нд их бууны галаар давшиж, Чанлинсян хотыг эзэлж хятад цэргийг хөөн зайлуулаад хэсэг зуур хүчээ сэлбэж дахин дайтараар зэхэж байв. Гэвч ДИУ Бавуужавын давшилтыг зогсоох түүнийг дарж устгахын тулд түүнтэй дайтах цэргийхээ тоог ихээхэн нэмж генерал Чжан Си Лан гэгчийг тэрхүү цэргийн ерөнхий жанжнаар томилжээ. Бавуужав байлдаанаа үргэлжүүлж Жэхэ мужийн Линьси хот руу давшиж бараг эзлээд байх үедээ 1916 оны 10 дугаар 10-ны өглөө дайсны их бууны галын цэргийг олзлохоор очиж яваад их бууны суманд өртөж амиа алджээ[9].

Бавуужавын цэргийн хувь заяа[засварлах | кодоор засварлах]

Бавуужавыг алагдсаны дараа түүний цэргүүд давшилтаа зогсоон ухарч хэд хэдэн чиглэлд тархан сарнижээ. Сэвжингээ, Бүмбэжав нарыг нилээд тооны цэрэг дагалдан Хөлөнбойр луу буцаж тэнд үлдсэн цэрэг, эмэгтэйчүүд, хүүхэд рүүгээ 1916 оны 12 дугаар сард очжээ. Мөн цөөвтөр цэрэг хятад цэрэгт дагаар орж, зарим цэрэг нь уугуул нутагтаа буцжээ. Үүний дараа Хөлөнбуйрт очсон цэрэг бэлтгэл хангасныхаа дараа японы цэргийн сургагч Нью Шүкэ, Кизава, Шоотана, Квашима, Үсүй зэрэг арван гурван хүний удирдлагаар Хайлаарт довтолж 1917 оны 6 дугаар сарын эхээр тус хотыг эзлэн авч, Амбаны Яам, баруун зүүн тэнхимийг эзэлж, баруун тэнхимийн дарга Чэн шаныг цаазлахад Хөлөнбойрын амбан Шенфү Цицикар хот руу дүрвэн зайлжээ. Бүмбэжав Сэвжингээ нар Ботгон нутгийн Мин Бао гэгчийг томилж Су Чин ванд бичиг захидал илгээж, түүний зөвлөснөөр Хөлөнбуйрын тусгаар тогтнолыг сэргээснээ зарлаж Цэ Хэ Жа гэгчийг орон нутгийн даргаар томилж Хөлөнбойрын амбаны тушаалыг устгажээ. Мөн цэргийн жанжнаар Чадраабалыг, Цэргийн Яамны сайдаар Сэвжингээг, тусгай сайдаар Даржааг тус тус томилсон байна. Гэвч тэр үед Хаант Орос, ДИУ -ын Засгийн Газраас Японд тулган шаардах бичиг өгч Су Чин ван ба Монголын “дээрэмчин” цэрэгт тусламж үзүүлэхээ бүрмөсөн зогсоохыг шаардсан байна. Япон ч энэхүү шаардлагыг хүлээн авч 1917 оны 10 дугаар сараас эхлэн бүх тусламжаа зогсоосон төдийгүй сургагч нараа эгүүлэн татсан бөгөөд зөвхөн Хасакэ Яма Тарооу, Вака Баяаши хэмээх хоёр хүн үлдсэн байна. Үүнээс хойш удалгүй 8 дугаар сарын 10-нд Өөлдийн бүгдийн дарга Линшэнь монгол түшмэл У куй нар 200 гаруй солон цэргийг удирдаж нилээд тооны орос цэрэгтэй хамтарч Хөлөнуйрыг довтолсонд тус хотыг эзэгнэгчид ялагдал хүлээж, Сэвжингээ, Бүмбэжав нарын удирдсан 3000 цэрэг хуучин хуаран байсан Халх гол руугаа, Фу шинга-гийн захирсан хэсэг цэрэг Солон уул руу зугадаж, Даржааг дагалдсан нилээд цэрэг нутагтаа буцсан байна. Мөн нилээд хүн дараа нь атаман Семёновын цэрэгт элссэн байна. Тэр үед Хөлөнбуйрын Амбаны Яаманд ирээд байж байсан баргын гүн Бавуудайн Цэнд Бавуужавын үлдэгдэл цэрэг үймээн самуун дэгдээж байгааг дарж номхтгохыг хүсч Нийслэл Хүрээнд элч зарсан. Цэнд гүнгийн хүссэний дагуу Монголоос Хатанбаатар Магсаржавын захирсан цэрэг Халх голд ирж, Бавуужавын үлдэгдэл цэрэгтэй дайтан устгажээ. Магсаржавын цэрэгт ялагдсан цэргийн цөөнх нь тэндээсээ зүүн хойд зүг чиглэн Хятадын Шаазгай хот (Таонон[10])-од очиж ДИУ-ын цэрэгт бууж өгсөн[11].

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Баабар. Нүүдэл суудал.
  2. З.Лонжид, Ж.Өлзий нар. “Шударга баатар Бавуужав”
  3. З.Лонжид, Ж.Өлзий нар. “Шударга баатар Бавуужав”
  4. З.Лонжид, Ж.Өлзий нар. “Шударга баатар Бавуужав”
  5. З.Лонжид, Ж.Өлзий нар. “Шударга баатар Бавуужав”
  6. З.Лонжид, Ж.Өлзий нар. “Шударга баатар Бавуужав”
  7. З.Лонжид, Ж.Өлзий нар. “Шударга баатар Бавуужав”
  8. З.Лонжид, Ж.Өлзий нар. “Шударга баатар Бавуужав”
  9. З.Лонжид, Ж.Өлзий нар. “Шударга баатар Бавуужав”
  10. Тогтох тайжийн тухай хоёр дуу Одоогийн Таононфу гэж буй хотыг монголчууд Шаазгай хот гэдэг байжээ.
  11. З.Лонжид, Ж.Өлзий нар. “Шударга баатар Бавуужав”

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]