Jump to content

Байгаль орчны эсрэг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага ногдуулах

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт зааснаар байгаль орчны эсрэг гэмт хэргүүдэд эрүүгийн дараах хариуцлагуудыг ногдуулдаг байна. Тухайлбал:

Байгаль орчныг бохирдуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийгээгүйн улмаас байгаль орчинд ноцтой хохирол учирсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хууль бусаар ан агнах, барих, гаршуулах, үржүүлэхэд таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Агнасан, барьсан ан нь Нэн ховор амьтан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлана.

Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Байгалийн тэнцэл алдагдуулах, амьтан, ургамлын зүйлийг зөвшөөрөлгүйгээр гэмтээсэн, устгасан, газар, газрын хэвлий, агаар мандал, усны нөөцийг хордуулсан, бусад хэлбэрээр экологийн тогтолцоог алдагдуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Байгаль орчны гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдэд хүлээлгэх торгуулийн хариуцлага нь 24-50 дахин нэмэгдэгдэх нөхцөлийг хуульд зааж өгсөн байна.