Байгаль орчны үнэлгээ
Байгаль орчны үнэлгээ гэж ямар нэгэн төсөл, төлөвлөгөө, бодлогыг хэрэгжүүлэх шийдвэр гаргахын өмнө тухайн төсөл, төлөвлөгөө, бодлого нь байгаль орчинд эерэг болон сөрөг байдлаар хэрхэн нөлөөлөхийг үнэлэхийг хэлнэ. Байгаль орчны үнэлгээ дараах 4 ангиллаар хийгддэг:
- Байгаль орчны стратегийн үнэлгээ
- Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
- Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ
- Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, үүнд:
- Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ
- Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
- Байгаль орчны хохирлын үнэлгээ
- Байгаль орчны эрсдэлийн үнэлгээ
Нэр томьёо
[засварлах | кодоор засварлах]“Байгаль орчны стратегийн үнэлгээ” гэж улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад түүний хэрэгжилтээс байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэл, сөрөг нөлөөлөл, үр дагаврыг уур амьсгалын өөрчлөлтийн чиг хандлага, гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюултай уялдуулан тодорхойлохыг хэлнэ.
“Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ” гэж аливаа төслийн техник, эдийн засгийн төлөвлөлтийн баримт бичиг, зураг төсөл, улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад тэдгээрийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлыг судлан тогтоож цаашид төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлого боловсруулахад анхаарах байгалийн нөхцөл, орчны онцлогийг тодорхойлохыг хэлдэг.
“Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ” гэж тодорхой бүс нутаг, сав газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлж байгаа төслүүдээс хүн амын эрүүл мэндэд үзүүлж байгаа хам болон давхардмал сөрөг нөлөөллийг тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг хэлнэ.
“Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ" гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг хэлдэг.
”Үнэлгээний шинжээч“ гэж байгаль орчны үнэлгээ, үнэлгээний тайланд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах эрх бүхий этгээдийг хэлнэ.
“Үнэлгээний шинжилгээ” гэж байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ажлыг холбогдох хууль журмын дагуу гүйцэтгэсэн эсэх, тайлан, дүгнэлт үндэслэлтэй, зөв эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргах үйл ажиллагаа юм.
“Хянан магадлагаа” гэж батлагдсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан, дүгнэлт үнэн зөв эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргах үйл ажиллагаа болно.
“Эрсдэлийн үнэлгээ” гэж хүн, амьтан, ургамал болон байгаль орчинд хими, биологи, физикийн хүчин зүйлээс үзүүлж болзошгүй нөлөөлөл, мөн гамшиг болон аюулын нөлөөллийг урьдчилан тодорхойлох үйл ажиллагаа юм.
“Байгаль орчны хохирлын үнэлгээ” гэж байгаль орчинд хүний үйл ажиллагааны улмаас учирсан болон учирч болзошгүй хохирлын хэмжээг тодорхойлж мэргэжлийн дүгнэлт гаргах үйл ажиллагаа юм.
“Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах” гэж төслийн үйл ажиллагаанд өртөн унаган төрх, хэв шинж, амьдрах орчноо алдсан биологийн олон янз байдлыг өөр газарт нөхөн хамгаалах арга хэмжээг хэлнэ.
Монгол Улсад
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсад одоогоор байгаль орчны үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий 200 орчим ААН байгаагаас Байгаль Орчны Үнэлгээ эрхлэгчдийн холбооны гишүүн, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа Нуман-Алтай ХХК, Говь-Эко ХХК, Байгаль Экологи ХХК, Экотрейд ХХК, Экосфера ХХК, Грийнтрендc ХХК, Риск Энвайрон ХХК, EEC Консалтинг ХХК зэрэг 70 орчим ААН байна.