Байлдааны талбар дээр салааны аюулгүй байдал

Байлдааны талбар дээр салаа /тасаг, танк/-ны аюулгүй байдлыг хангах гэдэг нь захирагч, бие бүрэлдэхүүнээс байлдааны, техник ашиглалтын, байгаль-цаг уурын болон хангалт тасалдсанаас үүдэн гарч болох эрсдэл, хохирлоос урьдчилан сэргийлэх, тулгарсан аюулыг зайлуулахын тулд авч хэрэгжүүлж байгаа оюунлаг, цогц арга хэмжээ мөн. Аюулгүй байдлыг хангах арга хэмжээ нь байлдааны ажиллагааны бүх төрөл хэлбэрийн үед тасралтгүй хэрэгжүүлэгддэг түгээмэл, зөвхөн цагийн байдлын тухайн тодорхой нөхцөлд авагдах нэг удаагийн байж болно. Салаа /тасаг, танк/-ны захирагч нь байлдааны үүргийг хүлээн аваад, цагийн байдлыг тогтоох явцдаа аюулгүй байдлыг хангах талаар дараах зүйлийг судлан ойлгох ёстой. Үүнд: · дайсны хүч бүрэлдэхүүн, байрлал, байлдааны боломж, ажиллагааны болзошгүй хувилбар, бие бүрэлдэхүүнийх нь ур чадвар, туршлага, тэдний салаа /тасаг, танк/-нд учруулж болзошгүй хөнөөл, түүний зэрэг, шинж чанар; өөрийн салаа /тасаг, танк/-ны аюулгүй байдлыг хангах нөхцөл, боломж, аюул заналыг сэрэмжлэн зайлуулах, хохирол эрсдэлгүйгээр байлдааны үүргээ биелүүлэх боломж, бие бүрэлдэхүүний ур чадварын төвшин, зэвсэг техникийн хангалт, тэдгээрийн чанар байдал, материал хэрэгслэлийн нөөцийн хэмжээ, түүний хүрэлцээ; зэргэлдээх салбаруудын хүч бүрэлдэхүүн, байрлал, ажиллагааны шинж чанар, харилцан ажиллах нөхцөл, тэдний ажиллагааны чиглэлээс салаа /тасаг, танк/-нд учирч болзошгүй аюул, завсар, задгай жигүүрийг хангах журам; газар орны нөхцөл байдал, юмс, хөрсний хатуулаг, налуулаг, хаяалбар, бүрхүүл, ус зүй, тэдгээрийн хамгаалах, өнгөлөн далдлах шинж чанар, дайсны ба өөрийн салбарын ажиллагаанд үзүүлэх эерэг ба сөрөг нөлөө, түүнийг өөрт ашигтайгаар ашиглах боломж; улирал, цаг уурын нөхцөл, агаарын температур, үүлшилт, хур тунадасны хэмжээ, салхины хурд ба чиглэл, үзэгдэх нөхцөл, тэдгээрийн салаа /тасаг, танк/-ны аюулгүй байдалд үзүүлэх эерэг ба сөрөг нөлөөлөл; · байлдааны ажиллагаа явагдаж байгаа районы хүн амын суурьшил, нийгэм эдийн засгийн нөхцөл, аюулгүй байдлыг хангах талаар тэдгээрийн үзүүлэх нөлөө, хамтран ажиллах, дэмжлэг авах боломж зэрэг багтана. Салаа /тасаг, танк/-ны захирагч нь шийдвэр гаргаж байлдааны тушаал /үүрэг/ өгөхдөө: байлдааны үүрэг биелүүлэх явцад үүсэх аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй нөхцөл байдал, тэдгээрийг даван туулах арга хэмжээг тодорхойлон заана. Харилцан ажиллагааг зохион байгуулах үед салаа /тасаг, танк/-ны захирагч нь аюулгүй байдлыг хангах талаар бие бүрэлдэхүүнд зааварчилгаа өгч, түүндээ: учирч болзошгүй аюул заналын хэлбэр, шинж чанар, хугацаа, түүнийг сэрэмжлэн зайлуулах талаар авах арга хэмжээний төрөл, багтаамж, хариуцах эзэн, хугацаа, журмыг нарийвчлан тогтооно. Байлдааны явцад салаа /тасаг, танк/ нь байлдааны хохирлоос зайлсхийхийн тулд дараах багц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. · салаа /тасаг, танк/-ны байрлал, тактикийн ажиллагааны тагнагдах шинж тэмдгийг саармагжуулах, танк, явган цэргийн байлдааны машин /хуягт тээвэрлэгч/-ы хуяг хамгаалалтыг нэмэгдүүлэх, өнгөлөн далдлах бүх талын арга хэмжээг авч, байлдааны сахилгыг чанд сахин мөрдөнө. · дайсныг тасралтгүйгээр мөрдөн тагнаж, хүч бүрэлдэхүүн, зэвсэглэл, ажиллагааных нь шинж чанарыг урьдчилан илрүүлж, зэвсэг, галын хэрэгслэлээ үр дүнтэй ашиглах боломж олголгүйгээр өрсөн устгах буюу хөнөөнө; · байлдааны талбар дээр цагийн байдлын онцлогт нийцүүлэн ухаалаг маневрлах, дайсныг ур чадвар, сэтгэлгээний хурдаар давамгайлж, түүнийг гал, цохилтоор устгах таатай нөхцлийг бүрдүүлнэ. · дайснаас ямагт өрсөн, байлдааны санаачлагыг гартаа баттай барьж, байлдааны ов мэхийг өргөнөөр хэрэглэн, тактикийн ажиллагаа бүрийн гэнэтийн байдлыг хангана. · зэргэлдээ салбарууд болон ахлах захирагчийн хүч хэрэгслэлтэй нягт нямбай харилцан ажиллагаа зохион байгуулж, холбоо барих, харилцан таних журмыг нарийвчлан тогтоож мөрдөнө. · салаа /тасаг, танк/-ны аюулгүй байдал алдагдаж, хохирол үзэх нөхцөл бүрдсэн тохиолдолд байлдааны үүргээ үргэлжлүүлэн биелүүлэхийн зэрэгцээ, аюул заналыг саармагжуулан арилгах арга хэмжээ авах, тийм боломжгүй үед, ахлах захирагчийн зааврын дагуу, эхний ээлжинд салаа /тасаг, танк/-г аюулын дороос гарган, байлдааны үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх боломжийг хангана. Салаа /тасаг, танк/-ны захирагч энэ тухайгаа ахлах захирагчид илтгэж, харилцан ажиллаж буй салбаруудад мэдэгдэнэ. Байлдааны талбар дээр салаа /тасаг, танк/ нь техникийн ашиглалтын горим, аюулгүй ажиллагааны заавар зөрчигдсөнөөс учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй. Ийм арга хэмжээний тоонд: танк, явган цэргийн байлдааны машин /хуягт тээвэрлэгч/, төрөл бүрийн зэвсэг, байлдааны тоног төхөөрөмж, багаж хэрэгслэлийн иж бүрдэл, бүрэн бүтэн байдлыг байнга хангах; зэвсэг, техникийн шат дараалсан үзлэгийг байлдааны завсарлага, түр

амсхийлтийн үед явуулж, үечлэсэн үйлчилгээг технологийн картын дагуу явуулж, цэвэрлэгээ, тосолгоо хийх;

зэвсгийн тусгалыг үе үе шалгаж тусгалд оруулах, мэргэн тусгалыг хамгаалах, танк явган цэргийн байлдааны машин /хуягт тээвэрлэгч/, байлдааны бусад техник, тоног хэрэгслэлийн эд ангиудын тохируулгыг шалгаж, илэрсэн дутагдлыг арилгаж байх; бие бүрэлдэхүүн хариуцсан зэвсэг, техникийнхээ бие анги, ашиглалтын дүрэм зааврыг нарийвчлан судлаж, мэргэн буудах, танк явган цэргийн байлдааны машин /хуягт тээвэрлэгч/-ыг газар орны хүндрүүлсэн нөхцөлд жолоодох, багаж, тоног хэрэгслэлийг ажиллуулах дадлага, чадвараа цуцалтгүй дээшлүүлэх; зэвсэг, байлдааны техникийн ашиглалтын аюулгүй ажиллагааны дүрэм зааварыг нийт бие бүрэлдэхүүн нарийвчлан судлаж, байлдааны явцад сандарч тэвдэлгүйгээр ёсчлон баримтлах; сум, гранат, мина, бусад галт хэрэглэл, тэсрэх цэнэг, хорт бодистой зөв

харьцаж, тэдгээрийг ашиглах, хадгалах, тээвэрлэх журмыг чанд сахих;

зуны халуунд зэвсэг, байлдааны техникийн хөдөлгүүрийн хөргөлтийн

системийг өргөтгөх, өвлийн улиралд дулаалж, хөлдөлт, царцалтаас хамгаалах, туслахад бэрхшээлтэй газарт туулац нэмэгдүүлэх, тогтворжилтыг дээшлүүлэх зэрэг нэмэгдэл арга хэмжээг чадварлагаар авах;

галын аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраах хэрэгслэлийн бэлэн байдлыг хангах; усан саадыг туулах үед живэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг авах зэрэг багтана. Байгаль, цаг уурын аюулт үзэгдэл, сөрөг нөлөөнөөс бие бүрэлдэхүүн, зэвсэг байлдааны техникийг хамгаалах нь салаа /тасаг, танк/-ны байлдааны ажиллагааны амжилтын нэг үндэс болно. Хүйтний улиралд бие бүрэлдэхүүнийг даарч, хөлдөхөөс хамгаалахын тулд улирлын дулаан гутал, хувцас, бээлийгээр хангасан байх ёстой. Салаа /тасаг, танк/ нь газар орны нөмөр дулаан хэсэг, агуй, эрэг ганга, барилга байшин, инженерийн төхөөрөмж, хучлагатай далдлалт, хорогдох байр болон табельт майхан, тэрчлэн байлдааны техникийг ашиглан дулаацах байр бэлтгэнэ. Танк, явган цэргийн байлдааны машин /хуягт тээвэрлэгч/ бусад техникийг өвлийн түлш, үл хөлдөгч хөргөгч шингэн, аккумуляторын батарейг өндөр нягтралтай хүчил, шүлтээр цэнэглэж, бүх төрлийн өвлийн тосоор тосолгоо хийнэ. Бүх хаалга, нээлхий, салхивч, нүүр, копут, аккумуляторт гарын дорх материалаар нэмэгдэл дулаалга хийнэ. Зуны халуунд бие бүрэлдэхүүнийг дулааны болон нарын цохилтоос хамгаалах малгай, сүүдрэвчээр хангаж, ундны усны нэмэгдэл норм тогтооно. Битүү цасан ба шороон шуургатай болон манан будантай үе, тэрчлэн, шөнийн цагт зүг чиг алдан төөрөхөөс сэргийлж, чиглүүлэгч томилох, азимут тогтоох, гэрэлт болон ердийн нэмэгдэл тэмдэгт сонгох арга хэмжээ авна. Үер, усны аюулаас сэргийлэхийн тулд голын тохой, далан сэтэрсэн үед усанд автаж болох район, уулын үер бууж болзошгүй газарт салаа /тасаг, танк/-г байрлуулахаас зайлсхийж, намаг, шавар, марз бүхий газрыг тойрон гарна. Аянга буух аюулаас сэргийлэхийн тулд танк, явган цэргийн байлдааны машин /хуягт тээвэрлэгч/, бусад авто тээврийн хэрэгслэл, радио холбооны хэрэгслэлийн антенд газардуулагч хийж, уулын орой, онцгой хад, мод, цахилгаан дамжуулах шугамын дор байрлахаас зайлсхийнэ. Ойн түймрийн үед түүний голомтоос тархалтын фронтынх нь эсрэг тал руу зайлан гарч, цагийн байдал бололцоотой нөхцөлд унтраах арга хэмжээ авна. Энэ үед бие бүрэлдэхүүн угаартан хордохоос болгоомжловол зохино. Харин хээр талын түймрийн үед, гол төлөв, цурам тавих аргаар түүний голомтоос гарч, салаа /тасаг, танк/-ны аюулгүй байдлыг хангана. Салаа /тасаг/ уулархаг район, ой, говь цөлд жижиг бүлгээр явганаар байлдааны үүрэг гүйцэтгэх үед араатан амьтны довтолгоонд өртвөл байлдааны зэвсгээ ашиглан биеэ хамгаална. Салаа /тасаг, танк/ нь материал хэрэгслэлийн тасалдлаас үүдэн гарах хохирлоос урьдчилан сэргийлэхийн тулд байлдаан эхлэхээс өмнө хүрэлцээтэй нөөц бүрдүүлэн үр ашигтай бөгөөд ариг гамтай зарцуулах, үл хөдлөх нөөц байгуулах, зарцуулалтын хүнд ба хүнд ховор норм тогтоон мөрдөх, олзолсон зэвсэг, материал хэрэгсэл, байлдааны ажиллагаа явагдаж буй районоос гарын дор олдох нөөцийг ашиглах зэрэг бүхий л бололцоотой арга хэмжээг авах үүрэгтэй. Сум галт хэрэглэл, шатахуун, бусад материал хэрэгслэлийн нөөц багасаж, салаа /тасаг, танк/-ны байлдааны чадавхид илт сөргөөр нөлөөлж байгаа үед, цагийн байдалд шахагдсан гарцаагүй нөхцлөөс бусад тохиолдолд, байлдааны идэвхитэй ажиллагаа явуулахаас түдгэлзэн, аюулгүй байдлаа хангах зорилгыг урьтал болгоно. Сум, галт хэрэглэл, шатахууны нөөцийн 50 болон 75 хувийг зарцуулсан тухай салаа /тасаг, танк/-ны захирагч нь ахлах захирагчид илтгэж, нөхөн хангуулах захиалга өгнө. Харин салаа /тасаг, танк/-ны дотоодод зарцуулалтын ховор, шаардлагатай бол хүнд ховор норм тогтооно. Сум, галт хэрэглэлийн ховор нормын үед пулемётын урт ээлж, автоматын ээлжийн галыг хориглож, их бууны гал, танк эсэргүүцэх залуурт пуужингийн харвалтыг зөвхөн захирагчийн тушаалаар гүйцэтгэх журам тогтооно. Харин сум, галт хэрэглэлийн зарцуулалтын хүнд ховор нормын үед илэрсэн чухал цельд зөвхөн тогтоосон галын хэрэгслэл, захирагчийн тушаалаар тогтоосон тооны галт хэрэглэл зарцуулан гал явуулахыг зөвшөөрнө. Шатахууны ховор нормын үед хөдөлгүүр халаах, утаан хөшиг тавих, онцын ач холбогдолгүй маневр үйлдэхийг зогсооно. Харин хүнд ховор норм тогтоосон үед байлдаанаас гарч ухрах, шатахууны хангалтын байранд очих, гол хүчтэйгээ нийлэхээс бусад хөдөлгөөнийг хязгаарлана. Харин үндсэн танк, явган цэргийн байлдааны машин /хуягт тээвэрлэгч/-ы хөнгөн зэвсэг, сум, гранатыг аваад дэлбэлэх буюу шатаах аргаар устгана. Салаа /тасаг, танк/ нь ангийн мах, шувуу, загас, самар, жимс, ургамлын үндэс, мөөг, шаардлагатай үед мэрэгчид, мөлхөгчид, шавьж зэрэг гарын дор олдох зүйлсээр хүнсээ бэлтгэж, цас мөс, булаг шанд, хуурай сайрын татаал усыг олзворлон унданд ашиглаж чаддаг байх ёстой. Ундны усны ховор норм нь хоногт нэг хүнд дулааны улиралд 4л, сэрүүний улиралд 2.5л, хүнд ховор норм нь дулааны улиралд 2л, сэрүүний улиралд 1л байна. Хүйтний улиралд салаа /тасаг, танк/ нь хад, бут, модны нөмөр, эрэг ганганы мухар, далдлалт, инженерийн төхөөрөмжлөл, гарын дор олдох магадлалыг ашиглан урц оромж барьж орон нутгийн түлшийг ашиглан дулаацах байр, өвчтөн шархтан цуглуулах цэгийг байгуулж ашиглана. Байлдааны талбар дээр материал хэрэгслэлийн хангалт тасалдаж, салаа /тасаг, танк/-ны аюулгүй байдалд ямарч сөрөг нөлөө үзүүлсэн нь, тэдгээрийг байлдааны үүргээ амжилттай биелүүлэхэд нь саад болох учиргүй.