Jump to content

Бакинхэмын ордон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бакинхэмын ордон

Бакинхэмын ордон (англи. Buckingham Palace [ˈbʌkɪŋəm ˈpælɪs]) — Британийн хаадын Лондон хот дахь албан ёсны өргөө бөгөөд хаант засаглалын захиргааны төв байр юм.

Уг хааны ордон Лондон хотын "The Mall" болон "Green Park" гудамжнуудын эсрэг талд байрладаг бөгөөд Хатан хаан Викториагийн цагаан гантигаар хийж алтадсан хөшөө бий. Британийн хааныг тус өргөөндөө байх үед ордны орой дээр хааны далбааг мандуулдаг уламжлалтай.

Бакинхэмын ордон анх "Бакинхэм-Хаус" нэртэй байсан бөгөөд Бакинхэмын 1-р херцог Жон Шеффилд, Норманби нар (1703 оноос хойш)-т зориулж барьсан ажээ. Үүнийг 1762 онд Английн III Жорж хааны ирээдүйн хувийн өргөө болгон худалдаж авсан (түүний албан ёсны оршин сууж байсан Гэгээн Жеймсийн ордон нь хэмжээ, засал чимэглэлийн хувьд түүнд тохирохгүй болсон) байна. Улмаар дараагийн 75 жилийн хугацаанд ордныг өргөтгөж, сэргээн засварлажээ.

Хатан хаан Викториа 1837 онд хаан ширээнд суусан цагаас тус ордныг албан ёсоор Британийн хаант засаглалын гол оршин суух өргөө хэмээн зарласан. Хатан хаан Викториагийн хөшөө ордны гол хаалганы өмнө босгосон байна. Барилгын засварын нийт зардал нь 700,000 фунт стерлинг болсон ажээ.

Ballroom

1853 он гэхэд ордны хамгийн өргөн, гоёмсог тансаг чимэглэсэн өрөө болох Багт наадмын танхим -"Ballroom"-ийг барьж дуусгажээ. Энэ нь 36 метр урт, 18 метр өргөн юм. Хатан хаан Викториагийн захиалгаар баригдсан бөгөөд анх 1856 онд "Крымын дайн" дууссаныг бэлгэдэж хүлээн авалт хийхэд ашиглаж байжээ. Викториа хатан хааны хүү, өв залгамжлагч хаан VII Эдвард 1841 онд энэ ордонд төрж, 1910 онд тэндээ нас баржээ.

Одоогийн байдлаар ордон нь төрийн 19 өрөө, хааны болон зочны өрөө 52, ажилчдын 188 өрөө, 92 албан тасалгаа, 72 ариун цэврийн өрөө зэрэг нийт 775 өрөөтэй ажээ. Энэ ордон 20 га талбайг эзэлдэг бөгөөд үүний 17 нь цэцэрлэгт хүрээлэн юм. Бакинхэмын ордны цэцэрлэгүүд нь Лондоны хамгийн том хувийн цэцэрлэгт хүрээлэн юм. 1828 онд том хиймэл цөөрөм баригдаж дуусгасан.

Бакинхэмын ордныг Хишигтэн харуул, Хатан хааны морин харуулаас бүрдсэн Хааны цэргийн анги хамгаалдаг. 4-р сараас 8-р сар хүртэл өдөр бүр 11:30 цагт (үлдсэн саруудад өдөр өнжөөд) харуул солих ёслол болдог. Энэ нь магадгүй Лондоны хамгийн алдартай ёслол болдог бөгөөд олон жуулчдыг татдаг.

 Commons: Бакинхэмын ордон – Викимедиа зураг, бичлэг, дууны сан