Бактерийн исэлдүүлэлт

Бактерийн исэлдүүлэлт нь тэсвэртэй алтны (Англи: refractory gold) хүдрүүдийг эсвэл баяжмалуудыг цианжуулахаас өмнө хийгддэг биометаллургийн процесс юм. Энэ процессийг Acidithiobacillus ferrooxidans, Acidithiobacillus thiooxidans, Leptospirillum ferrooxidans зэрэг бактериудын холимогоор гүйцэтгэдэг. Бактерийн исэлдүүлэлтийн процесс нь тэсвэртэй сульфидийн хүдэр эсвэл концентратыг бактерийн зохих штаммын үржвэрээр, бактер ажиллах оптимум нөхцөлд үйлчилэхэд/контаклуулахад оршино. Бактери нь сульфидийн эрдсүүдийг исэлдүүлж, түүнд шигдсэн/агуулагдах алтыг чөлөөлж цианжуулалтаар ялгагдах боломжтой болгоно.

BIOX® процесс нь Өмнөд Африкийн Biomin-ий эзэмшдэг технологи бөгөөд лицензийн дагуу хэд хэдэн уурхайд ашиглагддаг. BIOX® процесс нь тэсвэртэй хүдрүүдийг эсвэл баяжмалуудыг цианжуулахаас өмнө хутгалттай ганд бактериар исэлдүүлэн боловсруулахад оршино.

Хяналттай, үргэлжилсэн ажиллагаатай үйлдвэрлэлийн нөхцөлд, бактерийн эсүүдийг сульфидийн исэлдэлтийн зэргийг өндөр байлгах зорилгоор идэвхийг нь оптимум нөхцөлд хүргэнэ. Бактери нь оптимум үржилтэй ба идэвхтэй байхын тулд, маш хүчиллэг орчин (pH 1.0 - 4.0), 30 - 45 °C температур, тогтвортой хүчилтөрөгч ба нүүрсхүчлийн хийгээр хангахыг шаарддаг. Бактерийн орших ер бусын ийм нөхцөл нь бусад дийлэнхи микробуудыг үржихэд таагүй нөхцөл болдог учир, бактерийн исэлдүүлэлтийн процессийг ариун байлгах шаардлага үүсдэггүй. Органик нэгдлүүд бактерид хортой нөлөөлдөг учир тэдгээр нь патоген бус ба өвчин үүсгэдэггүй. Иймд, процессд ашиглагдаж буй бактериуд нь хүний болоод амьтны эрүүл мэндэд аюул учруулдаггүй.

Төмрийн сульфидийн эрдсүүдийн (пиритүүд) бактерийн исэлдэлтээс төмрийн(III) сульфат ба хүхрийн хүчил, арсенопиритийн хувьд арсений хүчил тус тус үүснэ. Уусмалаас арсенийг (хүнцэлийг) төмөр ба сульфатаар хоёр шатат саармагжуулалтын процесстой ко-тундасжуулах аргаар ялган авна. Ингэснээр, кальцийн сульфат, суурилаг төмрийн(III) арсенат, төмрийн(III) гидроксид зэргээс ихэвчлэн тогтох саармагжуулалтын тунадас үүснэ. Төмрийн(III) арсенат нь уусдаггүй, тогтвортой учир саармагжуулалтын бүтээгдэхүүнийг хаягдалын далан дотор аюулгүй хадгалах боломжийг олгодог. Арсений агууламжийг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл цэвэршүүлсэн саармагжуулалтын уусмалыг тээрэмдэлт, флотаци, эсвэл бактерийн исэлдүүлэлтэд дахин ашиглаж болдог.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]