Балдангийн Санжаа
"Жижиг" хэмээх Балдангийн Санжаа (1937 оны 4-р сарын 9-нд Булган аймгийн Сайхан суманд төрсөн) нь цэргийн заан цолтой, Монгол улсын бөх юм. Тэрээр 1964 оны зуны олимпын наадамд эрэгтэй чөлөөт бөхийн 63 кг-ийн жинд эх орноо төлөөлж өрсөлдсөн. [1] Зодог тайлаад дасгалжуулагч, мөн үндэсний бөхийн засуулаар ажиллаж ирсэн, "Хүндэт засуул" цолтой.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Балдангийн Санжаа 1937 онд Булган аймгийн Сайхан суманд төрсөн. Тэрээр сургуульд суулгүй, мал маллаж байгаад 1958 онд цэрэгт татагджээ. Цэргээс халагдаад "Алдар" нийгэмлэгт орон тооны бус дасгалжуулагчаар ажиллаж байгаад 1962 онд анх удаа монголчуудаас Болгарт чөлөөт бөхөөр тамирчдыг сургалтад явуулахад хамрагдаж, чөлөөт бөхийн гараагаа эхэлжээ.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]Үндэсний бөх
[засварлах | кодоор засварлах]Санжаа 1959 онд цэргийн заан цол хүртсэн. Улсын наадамд гурван удаа дөрөв давсан: 1959 онд дархан аварга Бадамдоригийн Түвдэндорж, 1960 онд улсын начин Гүсэмийн Дамдиндорж, 1962 онд даян аварга Шаравын Батсуурьт амлуулан барилдаж унаад, улсын цолд хүрч чадаагүй.
Чөлөөт бөх
[засварлах | кодоор засварлах]Санжаа 1964 оны Зуны Олимпод оролцож, 63 кг-ийн жингийн ангилалд эхний тойрогт Японы Ватанабэ Осамүд цэвэр ялагдаад, дараа нь Филиппиний Антонио Сеносаг цэвэр ялсан ч хасагджээ. Ватанабэ тус тэмцээнд түрүүлж олимпын аварга болсон түүхтэй. Тэрээр мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэг удаа оролцсон.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]Санжаа 2021 онд Чөлөөт бөхийн холбооны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар "Монгол Улсын Гавьяат Дасгалжуулагч" цол хүртсэн.[2]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Evans, Hilary; Gjerde, Arild; Heijmans, Jeroen; Mallon, Bill; et al. "Baldangiin Sanjaa Olympic Results". Olympics at Sports-Reference.com. Sports Reference LLC. Эх хувилбараас архивласан: 18 April 2020. Татаж авсан: 29 March 2019.
- ↑ "Чөлөөт бөхийн төрлөөс ардын багш нэг, гавьяат зургаа төрлөө". Татаж авсан: 19 March 2026.