Барадийн Базар

Барадийн Базар (буриад. Барадийн Базар, орос. Базар Барадиевич Барадин, уран зохиолын нууц нэр Самандабадра, 1878 оны 6-р сарын 16-нд Оросын Ар Байгал мужийн Ага-Хангил тосгонд төрж, 1937 оны 8-р сарын 24-нд ЗХУ-ын Ленинград хотод нас барсан) — буриад гаралтай Оросын болон Зөвлөлтийн дорно дахин судлаач эрдэмтэн, төр нийгмийн болон уран зохиолын зүтгэлтэн. Буриад бичиг үүсгэсэн хүмүүсийн нэг.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Буриадын 11 хүүхэдтэй малчин айлын ууган хүү болж төрсөн. 1891 онд тэрээр Агын дөрвөн ангийн сүмийн сургуулийг төгссөн. Чита хотын сургуульд сурч байгаад 1895 онд Санкт-Петербургийг зорьж Пётр Бадмаевын хувийн гимназид сурсан. 1898 онд сургуулиа төгсөөд эх орондоо ирж, бие даан монгол, төвөдийн уран зохиолд суралцжээ. 1900 онд Агын нутгаас ирсэн буриад худалдаачинд орчуулагчаар Герман, Швейцар, Итали зэрэг улсуудаар гурван сар аялсан нь түүнд ихээхэн нөлөөлсөн байна.
1901 онд Б.Барадин Петербургийн их сургуулийн хуулийн факультетэд элсэн орсон ч удалгүй дорно дахины чиглэлээр суралцахаар болсон байна. 1902 онд Дорно дахины факультетэд шилжиж, Ц. Жамцарано болон С.Ф.Ольденбург, Фёдор Щербацкий нарын удирдлага дор санскрит, төвөд, монгол хэлийг судалж, Энэтхэг, Төвөд, Монголын соёлын талаар эрдэм шинжилгээний ажил хийхээр бэлтгэж байжээ.
1923 онд Буриад-Монголын Автономит Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Улс байгуулагдав. Барадийн Базар нь Бүгд найрамдах улсын боловсролын анхны Ардын комиссар (сайд), 1925 онд Буриад-Монголын Шинжлэх ухааны хорооны анхны дарга болсон юм.
Сталины хэлмэгдүүлэлтийн үеэр Барадин Базарыг 1937 оны 2-р сарын 20-нд ЗХУ-ын Дотоод яам "хувьсгалын эсэргүү тагнуулын байгууллагын гишүүн” хэмээн баривчилжээ. 1937 оны 8-р сарын 24-нд Ленинград хотод Базарыг буруутгаж, цаазаар авах ял оноож удалгүй хэрэгжүүлсэн байна. Сүүлд 1958 оны 3-р сарын 27-нд түүнийг ЗХУ-ын Дээд Зөвлөлийн шийдвэрээр цагаатгажээ.
2012 онд Улаан-Үд хотод түүнд хөшөөг босгосон юм.