Барарит

Барарит (Англи: Bararite) нь аммонийн фторосиликатын байгалийн хэлбэр бөгөөд гексафторосиликат буюу фторосиликат гэж ч нэрлэгддэг. Химийн найрлага нь (NH₄)₂SiF₆, талстын бүтэц нь тригональ юм. Энэхүү эрдсийг өмнө нь криптогалитын бүлэгт хамааруулж байсан.
Бараритнь анх тодорхойлогдсон газрынхаа нэрээр, Энэтхэгийн Дханбад хотын Жариа нүүрсний орд дахь Барари суурингийн нэрээр нэрлэгдсэн. Энэ эрдэс нь Италийн Везуви галт уулын фумарол, Энэтхэгийн шатаж буй нүүрсний судал, АНУ-ын Пенсильвани муж дахь шатаж буй антрацитын овоолгоос илэрдэг.
Барарит нь криптогалит, сал аммониак болон уугуул хүхэртэй хамт үүсдэг ууршилтаар тогтсон (сублимацийн) бүтээгдэхүүн юм. Криптогалитыг анх А. Скакки 1873 онд нээсэн бөгөөд 1850 оны Везувийн дэлбэрэлтийн үеийн галт уулын хуримтлалаас олдсон байдаг. 1926 онд В.А.К. Кристи энэхүү эрдсийн химийн судалгааг хийсэн.
Шинжилгээнд шаардлагатай хэмжээний материалыг микроскоп ашиглан ялган авч, натрийн гидроксид (NaOH)-оор нэрэхэд аммиак (NH₃) үүссэн байна. Гексафторосилицийн хүчлийн (H₂SiF₆) анионууд калийн фторосиликат (K₂SiF₆) хэлбэрээр тунадасжиж, дараа нь барийн сульфат (BaSO₄), улмаар кальцийн фторид (CaF₂) үүссэн байна. Кристи судалгаагаар найрлагад 20.43% (NH₄)⁺, 78.87% (SiF₆)²⁻ агуулагдаж байгааг тогтоожээ.