Jump to content

Барон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Барон (хуучин франц хэл. baron, лат. barō — "чөлөөт хүн, цэрэг" болон эртний герман хэлний baro — "эрэгтэй хүн" зэрэг үгнээс үүсэлтэй) — Дундад зууны үеийн феодалын Баруун Европт нөлөө бүхий томоохон газар эзэмшигч язгууртан, феодал ноён, хожим зүгээр л хүндэт язгууртны цол байсан. Жишээлбэл, Англид "барон цол" (энэ нь өнөөг хүртэл хадаглагдаж байгаа) нь дээд язгууртнуудын цолны шатлалд виконт цолноос доогуур ордог бага цол юм. Германд барон цол нь "граф" буюу Гүн цолноос доогуур эрэмбэлэгддэг байна.

Англид Норманы байлдан дагуулалтаас өмнө "барон" цолыг зөвхөн феодалуудад олгодог байсан бол байнгын парламент бий болсноор энэ нь язгууртны удамшиж авдаг цол болж хувирсан. Хаан Лордуудын танхимд албан ёсоор зарлан дуудаж оруулахын тулд уг цолыг олгох боломжтой болсон. Феодалын эрх мэдэл аажмаар буурч, 1660 оны Парламентын актаар уг цолыг олгох явдал бүрмөсөн хүчингүй болсон. Одоогийн байдлаар удамшлын барон цолыг зөвхөн хааны гэр бүлийн гишүүдэд олгодог бөгөөд хамгийн түгээмэл цол бол насан туршийн барон цолыг Их Британийн парламентын Лордуудын танхимд оруулах зорилгоор улс төр, олон нийтийн зүтгэлтнүүдэд олгодог байна.

Польшид энэ цолыг канцлер, воевод, кастеллан, улсын сан хөмрөг хариуцагч, шүүгч гэх мэт эрх мэдэлтнүүдэд олгодог байв. Барон цолыг эрэгтэй үр удам дамжин өвлөгдөж эзэмшдэг байжээ. Тэд ноёдын тэтгэлэг хэлбэрээр суурин хүн амтай, харьяат иргэдийнхээ дээд эрх мэдэл бүхий газар эзэмшиж, тэднээс янз бүрийн алба гувчуур авдаг байв.