Баруунш аялсан тэмдэглэл
Баруунш аялсан тэмдэглэл буюу Ши юй лү (хятадаар: 西游录, пиньинь: Xīyóu lù) бол Их Монгол Улсын бичгийн сайд кидан гаралтай Елюй Чуцайгийн 1218-1224 онд Хорезмын аян дайнд явах үедээ үзсэн харсан зүйлээ тоочиж бичсэн аялалын тэмдэглэл юм. Энэхүү номыг 1228 онд бичээд, 1229 онд Яньжин хотод барлан хэвлүүлж, түүнээс хойш олон удаа хэвлэхдээ бусад ном зохиолд дагалдуулах байдлаар хэвлэгдсээр ирсэн бэсрэг тэмдэглэл юм.
Агуулга
[засварлах | кодоор засварлах]Баруунш аялсан тэмдэглэл ном нь Елюй Чуцайн бичсэн бэсрэг оршил, дээд, доод хэсгээс бүрддэг. Дээд бүлэг нь баруун зүгийн улс орон, хүн ардын аж төрөх байдал, газар зүйн тухай мэдээлэл багтжээ. Доод бүлэг нь зочин хүнтэй Чингис хаанд бараалахсан Чанчунь бумбын талаар ярилцаж байгаа юм шиг асууж, хариулах байдлаар бичигдсэн. Ингэхдээ Чанчунь бумбын талаар нилээд шүүмжлэлтэй байдлаар тоочиж өөрийн доторх сэтгэгдлээ уудлан бичсэн байдаг.
Дээд бүлэгт олон зүйлийг бичснээс дараах хэдэн зүйлийг онцлууштай.
Елюй Чуцай 1218 оны 3 сард Датун хотоос гарч говийг гатлан монгол нутагт очиж Чингис хааны орд өргөөнд очоод, 1219 онд хааныг дагаж монгол нутгаас - Алтайн нуруу - Бешбалык хот - Алмалик хот - Или гол - Хос орд - Кужанд хот - Отрар хот - Самарканд - Инд мөрөн гэсэн газраар очсноо товч дурдсан нь сонирхолтой юм.
Алмалик хотын алимны модод, уйгур ба хар киданы хотуудад тарьдаг 25 кг жинтэй усан үзэм, лийр жимс, таван төрлийн үр тариа тарьдаг тухай, олон төрлийн бусад жимс модод тарьдаг тухай, Самарканд хотын том хэмжээтэй голын усалгаат тарвасны тариалан, усан үзмийн дарс хийдэг тухай, цөлийн шөнийн бүгчим халуун зэрэг газар бүрийн амжиргаа, аж ахуйн байдал, зарим газрын ёс заншил, шашин шүтлэгийн ялгаатайг тэмдэглэсэн нь сонирхолтой байдаг.
Доод бүлгийн нэг ялгаа нь Чуцайн гэрт нь ирсэн зочин (客) Чанчунь бумбын талаар асууж, өөрөө хариулж буйг сүсэгтэн (居士) гэсэн байдлаар хариулахдаа шүүмжлэлийг хослуулсан байдаг.
Энэ бүлгээс онцлон бичвэл:
Зочин өгүүлсэн нь: Чю гүн (Чанчунь бумбыг хэлж байна) хаанд бараалхсан учир шалтгааныг сонсож болох уу?
Сүсэгтэн өгүүлсэн нь: Урьд Лю (刘) овогтой, Вэнь (温) нэртэй нэгэн эмчийн ур чадвараар дэвшсэн хүн байлаа. Тэр Цю гүнийг гурван зуун насалсан, урт наслах нууц аргыг эзэмшсэн гэж хаанд айлтгасан юм. Тэгээд зарлиг бууж, түүнийг Дэсиньд (德兴) дуудаж ирүүлсэн. Цю гүн айлтгал өргөхдөө “бие минь эцэнхий тул замдаа хүрч чадахгүй вий, Дэсинд хэсэг саатахыг зөвшөөрнө үү” гэсэн. Хааны орд түүнийг хойш явахыг цааргаллаа гэж үзээд, надаар зөөлөн үгтэй зарлиг бичүүлж, хурдан ирэхийг шаардсан. Тэрээр нийслэлд ирээд олонтаа мөргөн хүндэтгэл үзүүлсний дараа хаанд орж бараалхсан. Энэ л түүний ордонд орсон учир юм.
Зочин өгүүлсэн нь: Чю гүн хаанд өргөн мэдүүлж, Даогийн тухай ярьсан үгийг сонсож болох уу?
Сүсэгтэн өгүүлсэн нь: Рэнь-у (1222 он) жилийн өвлийн аравдугаар сард эзэн хаан Чю гүнийг дуудаж, урт наслахын тухай асуусан. Түүний хариулсан бүхэн энгийн үгс, хийморь сүнсний тухай зүйлс байв. Мөн Линь Линсу (Сүн улсын үеийн бумба) зүүдэндээ Сүн улсын Хуйзун хааныг тэнгэрийн ордонд дагуулж явсан гэх мэт яриаг дурдсан. Энэ нь Чю гүний ном дамжуулсан дээд хэмжээндээ хүрсэн яриа нь байлаа.[1]
Елюй Чуцай уг номондоо Чанчунь бумбыг шүүмжлэхдээ түүний болон шавь нарынх нь хэлж ярьсан, үйлдсэн дараах арван зүйлийг онцлон дурдсан байдаг.
- Хаантай анх уулзахдаа төрсөн жилээ мэдэхгүй гэж худлаа хариулсан.
- Хаанд хариулахдаа Сүн улсын Хуйзун хааны зүүдэндээ тэнгэрийн ордноор аялсан тухай хууч хөөрсөн.
- Өөрсдийн сургаалд “сүнс биеэс гарч зүүдэндээ явах”-ыг дээд үнэн хэмээн хэлсэн.
- Гэгээнтнүүдийн зүүдийг хэт дээдлэн туйлын үнэн зүйл гэж итгэж, эгэл жирийн буян заяа муутай хүн сайхан зүүдэлж чадахгүй нь үнэн гэж хэлсэн.
- Хуан Лүжигийн шүлгийн утгийг ойлгохгүй байсан.
- Хаан эзнээс зөвхөн даогийн шашны санваартнуудыг алба татвараас чөлөөлж өгөхийг гуйхдаа буддын шашны лам нарын тухай огт дурссангүй. Гэхдээ Хаан эзэн энэ гуйлтыг сонсоод зөвшөөрсөн ч, дахиж шинээр шавь элсүүлж сахил хүртээхийг хориглосон ч, энэ зарлигийг зөрчиж дагаж мөрдөөгүй.
- Хаан эзнээс өөртөө тамга, цол гуншин, сүмийн нэрийг зохион олгохыг гуйсан.
- Даогийн шашны хуврагуудыг өртөөгөөр явахад чөлөөлж өгөхийг гуйж, алтан гэрэгэтэй болж газар бүрийн буддын ламыг хянаж шийтгэхдээ ашигласан.
- Тяньчэн (天城) хотын күнзийн сүмийг булаан, Жинжоугийн (景州) будда бурхны баримлыг нурааж, тариалангийн газрыг дур мэдэн булаагаад даогийн сүм хийдийг олноор байгуулаад, эрх мэдэлтэнд зусардсан.
- Мөн нас барахдаа жорлонд сууж байхдаа өөд болсон байтал шавь нар нь ерөөл айлдаж байсан гэх худал түүх зохиосон.[1]
Судлагдсан байдал
[засварлах | кодоор засварлах]1888 онд хятад судлаач герман эрдэмтэн Эмил Бретшнейдер (Emil Bretschneider) энэ номын эхний бүлгийг англи хэл рүү орчуулж, "Mediaeval Researches from Eastern Asiatic Sources" нэртэйгээр Лондон хотод хэвлүүлсний 9-24 дэх талд "Si Yu Lu (Ye-Lu Ch'u-Ts'ai)" нэртэйгээр багтсан. 1926 онд японы эрдэмтэн Канда Кийчиро Японы хааны ордны номын сангаас бүрэн эхийг нь олж аваад хэвлэсэн нь олон удаа хэвлэгдснээс 1982 онд Тайванийн судлаач Яо Цон-у уг номыг бүрэн эхээр нь орчуулан хэвлүүлсэн. 1962 онд хятад судлаач Игорь де Рахевильц 1962 онд Кандагийн бүрэн хувилбарыг япон хэлнээс англи хэлнээ орчуулж, Monumenta Serica сэтгүүлд "The Hsi-yu lu by Yeh-lü Ch’u-ts’ai" нэртэйгээр хэвлүүлсэн.[2]
1981 онд БНХАУ-д "西游录 异域志" нэртэйгээр жижиг дэвтрээр хэвлэгдснээс хойш олон удаа хэвлэгдсэн.
Холбоос
[засварлах | кодоор засварлах]- Wikisource дэх Ши Юй Лү (хятад хэлээр)
- Mediaeval Researches from Eastern Asiatic Sources
- Игорь де Рахевильцийн 1962 онд нийтлүүлсэн The Hsi-yu lu by Yeh-lü Ch’u-ts’ai
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- 1 2 "西游录 - 耶律楚材". zh.wikisource.org (Хялбаршуулсан хятад хэлээр). Татаж авсан: 2025-12-24.
- ↑ Biran, Michal; Kim, Hodong (2023). THE CAMBRIDGE HISTORY OF THE MONGOL EMPIRE. Vol. 2. Cambridge University Press. х. 930.