Jump to content

Баруун Берлин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Баруун Берли́н (герман. West-Berlin, англи. West Berlin, франц. Berlin-Ouest) ; БНАГУ-д - «Баруун Берлин- онцгой улс төрийн нэгж», герман. besondere politische Einheit Westberlin) — 1949-1990 онуудад Берлинийг эзэлсэн Америк, Франц, Британийн хэсгүүдэд хуваасан нутаг дэвсгэрт оршин тогтнож байсан улс төрийн онцгой статустай хот байсан юм.

Баруун болон Зүүн Берлин

Баруун Берлин бол бүх талаараа БНАГУ-ын нутаг дэвсгэрээр бүрэн хүрээлэгдсэн анклав байв. Энэ хот нь 1990 онд Германыг нэгтгэх үеэр Зүүн Берлинтэй нэгдэж ХБНГУ-ын нийслэл хот болсон.

Баруун Берлин хотын статусыг ЗХУ, Их Британи, АНУ, Францын дөрвөн талт гэрээгээр тодорхойлсон (Берлин хотын талаарх дөрвөн талт хэлэлцээр).

Баруун Берлиний оршин суугчид гадаад төрхөөрөө ХБНГУ-ын иргэний паспорттой адилгүй, төрийн нэр дурдаагүй “Энэ баримт бичгийг эзэмшигч нь Германы иргэн” гэсэн тусгай үнэмлэхтэй (герман. Berliner behelfsmäßige Personalausweis) байжээ.

Германы нийслэлийг 1945 оны 5-р сарын 2-нд Берлиний довтолгооны ажиллагааны үеэр Зөвлөлтийн цэргүүд эзлэн авсан байна. Холбоотнуудын тохиролцоогоор Берлинийг гурван (7-р сарын 26-наас Францыг оруулаад дөрөв хэсэг болсон) хэсэгбүсэд хуваасан юм. Зөвлөлтийн цэргүүдэд эзлэгдсэн зүүн хэсэг нь хожим нь Бүгд Найрамдах Ардчилсан Герман улсын нийслэл Зүүн Берлин болжээ. Баруун гурван бүсэд хяналтыг АНУ, Их Британи, Франц улсууд хэрэгжүүлж байв. Берлиний ханыг барихаас өмнө Берлиний баруун болон зүүн хэсгийн хил харьцангуй нээлттэй байсан. 44.75 км урт (Баруун Берлин ба БНАГУ-ын хоорондох хилийн нийт урт 164 км) тусгаарлах шугам гудамж, байшингуудын дундуур өнгөрдөг байсан.

Баруун Берлинийг бүх талаараа БНАГУ-ын улсын хилээр хүрээлж байсан учраас ХБНГУ, АНУ, Их Британи болон Францаас хотын хангамжийг усаар, агаар, авто зам болон төмөр замын тээврээр нийлүүлдэг байжээ. Эдгээр зорилгын үүднээс БНАГУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тусгай тээврийн коридорууд байсан бөгөөд БНАГУ-ын Үндэсний ардын армийн хилийн харуулууд хяндаг байсан. Хотын түүхэнд Баруун Берлинийг бүрэн бүслэх аюул занал хэд хэдэн үе гарсан. Эхнийх нь 1948-1949 оны Берлиний хямрал гэж нэрлэгддэг байсан бол хоёр дахь удаагаа Берлиний ханыг барих үеэр 1961 оны Берлиний хямралын үеэр хурцадмал байдал үүссэн. Баруун Берлинд хэд хэдэн цахилгаан станц, эмнэлэг, сургууль, их сургууль, цэнгэлдэх хүрээлэн, нисэх онгоцны буудал байсан.

1971 онд Баруун Берлиний талаарх дөрвөн талт хэлэлцээр байгуулснаар хотын байдал эрс сайжирсан. Олон улсын тавцанд хотын ашиг сонирхлыг ХБНГУ-ыг төлөөлж байсан. Зүүн Германы хил дээр орчин үеийн шалган нэвтрүүлэх боомтууд баригдаж, илүү их ачаа, зорчигчдыг нэвтрүүлэх, мөн тус хотод автомашинаар БНАГУ-ын нутаг дэвсгэрээр дамжин ирэх гадаадын иргэдэд зориулсан автозамын дэд бүтцийг бий болгосон. Бонн хотоос Зүүн Германы нутгаар Баруун Берлин хүртэлх транзит коридор болсон БНАГУ-ын зам засварын ажилд ихээхэн хэмжээний хөрөнгө хуваарилан өгч байсан бөгөөд хотыг зорих жуулчдын тоо эрс нэмэгдсэн. Баруун Берлин БНАГУ-аас цахилгаан эрчим хүч худалдан авдаг байжээ.

Баруун Берлин 1990 оны 10-р сарын 3-ны өдрийн 00:00 цагаас албан ёсоор оршин тогтнохоо больсон бөгөөд 1991 оны 1-р сарын дундуур Берлиний баруун болон зүүн хэсэг нэг хот болж, улмаар нэгдсэн Берлин Германы нийслэл болжээ.