Баруун Ромын эзэнт гүрэн

Баруун Ромын эзэнт гүрэн (лат. Imperium Romanum Occidentale) — 4-р зууны сүүл (эсвэл дунд) - 5-р зууны сүүлчээр Ромын эзэнт гүрний роман хэлээр ярьдаг баруун хэсэгт өгсөн нэр юм. Грек хэлээр ярьдаг нөгөө хэсэг нь Зүүн Ромын эзэнт гүрэн буюу Византын эзэнт гүрэн гэж нэрлэгддэг болсон юм.
"Баруун Ромын эзэнт гүрэн" болон "Зүүн Ромын эзэнт гүрэн" гэдэг нь судлаачдын бодит ялгаатай газар нутгийг тодорхойлохын тулд гаргасан орчин үеийн түүхэн нэр томъёо юм. Эрх зүйн хувьд тэд тусгаар тогтносон улс биш байсан бөгөөд Ромын эзэнт гүрний оршин суугчид ч хуваагдсан гэж үздэггүй байсан. Эрх мэдлийн хоёр төв оршин тогтнох нь хэт тэлсэн том улсад засаг захиргааны зайлшгүй шаардлага гэж ойлгогдож байжээ.
Ромын эзэнт гүрэн задрах нөхцөл
[засварлах | кодоор засварлах]
Ромын эзэнт гүрэн өргөжин тэлж, улам олон газар нутгийг өөртөө нэгтгэснээр Ром төвтэй төв засгийн газар захын мужуудыг үр дүнтэй удирдах боломжгүй болсон. Харилцаа холбоо хэтэрхий хол болсон. Түрэмгийлэл, зэвсэгт бослого, тахал, байгалийн гамшгийн тухай мэдээ, засгийн газрын хариу тушаалыг далайгаар эсвэл мориор хүргэж, зорьсон газартаа хүрэхэд удаан хугацаа шаардагддаг байв. Ийм учраас захын засаг дарга нар бие даах байдал нь ихсэж ирсэн юм.
Үүнээс өмнө Ромын Бүгд Найрамдах Улсын нутаг дэвсгэрийг гурвалсан гишүүдийн (триумвират-латин. triumvirātus) дунд хувааж байжээ. Хоёрдугаар Гурвалсан улс буюу Октавиан, Антони, Лепид нарын хооронд харьяалагдах мужуудыг хуваарилах тухай хэлэлцээрийг бүр хуулиар баталжээ. Энэ хуваагдал нь үндсэндээ хэлний зарчмууд дээр суурилж байсан: Антонид олгосон мужууд нь үндсэн хэл болох грек хэлнүүд байв, Византийн эзэнт гүрний хожмын нутаг дэвсгэртэй бараг давхцаж байсан бол Октавианы мужууд латин хэлийг үндсэн хэл болгон ашигладаг байв. Хэлний ялгаатай зарчмуудаас гадна хуваах өөр нэг нарийн зарчим байсан - үндсэн мөнгөн тэмдэгт: Антони мужуудад драхма мөнгөн тэмдэгт хэрэглэж байсан бол Октавианд -динар хэрэглэж байв.
Задрал
[засварлах | кодоор засварлах]
Ромын эзэнт гүрний сүүлчийн эзэн хаан I Теодосиус 395 онд нас барсны дараа эзэнт гүрний хоёр хэсэг дахин хэзээ ч нэг захирагчтай болоогүй юм. Учир нь I Теодосиус нас бархаасаа өмнө бага хүү Хонориус Аугустуст Ромын эзэнт гүрний баруун хэсгийг сүүлд Баруун Ромын эзэнт гүрэн, том хүү Флавиус Аркадиус даа Зүүн Ромын хэсгийг энхийн замаар хувааж өгчээ. Зүүн хэсэг нь Византи болж Константинополь төвтэй Грекийн эзэн хааны нөлөөнд оржээ. Ингээд Ромын Эзэнт гүрний латин хэлтэй баруун хэсэг 80 жилийн дараа зэрлэгүүдийн (барбарууд- эртний грек. βάρβαρος, barbaros) буюу харийнханы довтолгооны улмаас сүйрсэн, харин Византын эзэнт гүрэн нь 1000 гаруй жилийн турш Ромын эзэнт гүрний уламжлалын залгамж чанарыг хадгалаж ирсэн байна.
Баруун Ромын эзэнт гүрэн Хонориусын үе (395—425)
[засварлах | кодоор засварлах]395 онд Медиолан (орчин үеийн Милан хот) Баруун Ромын эзэнт гүрний захирагч Хонориус Аугустусын оршин суух газар бөгөөд нийслэл болжээ. 402 онд Готуудын довтолгооноос зугтаж эзэн хаан нийслэлийг өмнө зүгийн Равенна хот руу шилжүүлжээ.
Хонориус Аугустус 11 настай байхдаа Ромын эзэнт гүрний өөрийн хэсгийг авсан бөгөөд эхний 13 жил тэрээр вандал гаралтай цэргийн ерөнхий командлагч Флавиус Стилихо-гийн хяналтан дор улсаа удирдаж байжээ.
398 онд цэргийн жанжин Гилдо тэргүүтэй бослогыг дарсны дараа Зүүн Ромын эзэнт гүрэнтэй нэгдэх санаатай байсан Умард Африкийн нутгуудыг Баруун Ромын эзэнт гүрний мэдэлд оруулжээ.
407-408 онд өөрийгөө эзэн хаан гэж тунхагласан III Константин Их Британи, Галлик, Испани мужуудыг эзлэн авч, Испани, Галлийн варваруудад эзлэгдсэн хэсгийг 409 онд тэрслүү цэргийн удирдагч Геронтиус түүнээс булаан авч Максимусыг эзэн хаан болгожээ. Энэ бүх үйл явдлын үр дүнд Хонориус Баруун Ромын эзэнт гүрний нутгийн ихэнх хэсэгт хяналтаа алдаж, варварууд буюу харийнханы эрхшээлд оржээ.
423 онд Hонориус нас барсны дараа Иоанн засгийн эрхийг гартаа авсан боловч түүнийг Зүүн Ромын хаан II Теодосиус хүлээн зөвшөөрөөгүй дайн зарласан байна. Хоёр жил хаанчлалын дараа Ионныг баривчилж цаазалсан юм.
Баруун Ромын эзэнт гүрэн III Валентинианусын үе (425—455)
[засварлах | кодоор засварлах]Зүүн Ромын эзэнт гүрний цэргүүдээр дэмжигдсэн Иоанны хаан ширээг залгамжлагч нь Хонориусын ач хүү, Константиусын хүү III Валентинианус (Flavius Placidus Valentinianus) болжээ. Түүний хаанчлалын үед эзэн хааны өргөөг Ромд түр хугацаагаар буцаан аваачжээ. Төрийн удирдлагыг үнэн хэрэгтээ хатан хаан Галла Пласидиа (433 он хүртэл), цэргийн удирдагч Флавиус Аетиус (454 он хүртэл) нар удирдаж байв.
429-442 оны хооронд Баруун Ромын удирдлагууд Умард Африкийн эдийн засгийн өндөр хөгжилтэй нутгаа алджээ. 435 он гэхэд Испаниас Вандал, Алан нарын довтолгооны үр дүнд Гейзерик тэргүүтэй Вандалын хаант улс бий болж, Баруун Ромын нутгаар өөрийн газар нутгаа өргөтгөн тэлжээ. 451 онд Ромчууд болон тэдний холбоотнууд Аетиусын удирдлаган дор Каталауны талбайн тулалдаанд Хүннүгийн Аттила хааны довтолгоог няцааж чаджээ. Гэсэн хэдий ч Хүннү гүрний Баруун Ромын эзэнт гүрэнд хийсэн сүйрлийн довтолгоо 452, 453 онд үргэлжилсэн бөгөөд зөвхөн 453 онд Аттила хааныг нас барснаар Хүннүгийн аюул занал зогссон байна.
III Валентинианус өөрийн жанжин Аетиусыг эрх мэдэл булаан авах гэж байна сэжиглэж, нэрт командлагчийн аллагад биечлэн оролцсон юм.
Баруун Ромын эзэнт гүрний сүүлийн эзэн хаануудын үе (455—476)
[засварлах | кодоор засварлах]Энэхүү төрийн эргэлтийг далимдуулан Вандалууд Ром руу довтолж, 455 онд хотыг цөлмөсөн. Галли дахь готуудын дэмжлэгтэйгээр Авитус тэр жилдээ эзэн хаанаар өргөмжлөгджээ. 456 онд түүнийг Суевич Рицимер хэмээх гүн хаан ширээнээс буулгаж, удалгүй армийн удирдагч болжээ. Тэр цагаас хойш нас барах хүртлээ Рицимер Баруун Ромын эзэнт гүрний хувь заяаг хянаж гартаа барьж байв. Тэрээр өөрийн улсыг байгуулж, өөрийгөө хаан хэмээн өргөмжилж, албан ёсоор захирах эрх мэдэлтэй байсан ч эрх мэдэл бүхий захирагчдаар дамжуулан захирахыг илүүд үздэг байсан юм. 456-472 оны хооронд тэрээр өөрийн ашиг сонирхлын үүднээс Авитус, Мажориан, Либиус Северус, Антемиус, Олибриус нарыг хаан ширээнд ээлж дараалан суулгаж байжээ. Баруун Ромын эзэнт гүрэн оршин тогтносныхоо сүүлийн хорин нэгэн жилийн хугацаанд дараалсан есөн удирдагчийн нүүр үзжээ. Энэ хугацаанд тус улсын нутаг дэвсгэр өнөөгийн Италийн хэмжээнд хүртэл багассан. Дээд эрх мэдэл суларч, ихэнх аймаг нутгаа алдсан нь Баруун Ромын эзэнт гүрний уналтыг эргэлт буцалтгүй болгожээ.