Jump to content

Батмөнхийн Энэбиш

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Боржигин овгийн Батмөнхийн Энэбиш (1933 онд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг “Шивээ толгой” хэмээх газар төрж, 2018 онд нас барсан) нь Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Тээврийн яамны сайд, орчуулагч, зохиолч, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч, байгаль хамгаалагч байв.[1]

Батмөнхийн Энэбиш нь 1933 онд ард Цэвэлийн Батмөнх, Эрмаагийн Жаалай нарын хүү болж төрсөн. Эх нь Б.Энэбишийг 5 настай байхад нас барсан тул нагац ах Бунибазарын Доржийн ууган охин Доржийн Цэрэнханд өсгөн хүмүүжүүлсэн байна.

1949 онд Өмнөговь аймгийн 7 жилийн сургуулийг, 1952 онд Улаанбаатар хотын 1 дүгээр арван жилийн дунд сургуулийг дүүргэжээ. 1952–1957 онд Москвагийн Инженер, эдийн засгийн дээд сургуульд суралцан тээврийн инженер-эдийн засагч мэргэжил эзэмшсэн.

Ажлын гараа, төрийн алба

[засварлах | кодоор засварлах]

1957 оноос Тээвэр, холбооны яаманд мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн

1960-1965 онд Тээвэр, холбооны яаманд хэлтсийн дарга

1965-1972 онд Тээврийн яамны нэгдүгээр орлогч сайд

1972-1973 онд МАХН-ын Төв Хорооны Худалдаа, тээврийн хэлтсийн орлогч эрхлэгч

1973-1982 онд Тээврийн яамны сайд

1982-1992 онд Монгол Улсын Их сургууль, Политехникийн дээд сургуульд багш, тэнхмийн эрхлэгч

1992-1994 онд Зам, тээвэр, холбооны яаманд сайдын зөвлөх

1994-1998 онд Дэд бүтцийн хөгжлийн яаманд эдийн засаг, гадаад харилцаа эрхэлсэн ахлах түшмэл

1998-2015 онд Төрийн бус болон хувийн байгууллагуудад зөвлөхөөр ажилласан.

Б.Энэбиш нь Монголын зам, тээвэр, холбооны салбарыг хөгжүүлэх, салбарын үйлдвэрлэл-техникийн баазыг өргөтгөн бэхжүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх, төмөр зам, автозам, агаарын тээвэр, нефтийн хангамжийн системийг өргөжүүлэх, тээвэрчдийн нийгэм, соёл, боловсролын нөхцөлийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Орчуулагч, зохиолчийн үйл ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

Б.Энэбиш нь Монголын Зохиолчдын хорооны Шалган байцаах комиссын дарга, Зохиолчдын хорооны орчуулгын орон тооны бус секцийн эрхлэгч (1967-1973), Зохиолчдын Эвлэлийн гишүүн, Монголын Орчуулагчдын Холбооны гишүүн байсан. Тэрээр 200 гаруй ном, 50 гаруй толь бичиг, 180 орчим орны 1100 гаруй гадаадын зохиолчдын бүтээлээс орчуулсан. Эртний Грекийн "Цовдлуулсан Прометей", "Лисистрата", Х.Эрнандесийн “Мартин Фьерро”, Киргизийн “Манас” тууль зэрэг дэлхийн сонгодог бүтээлүүдийг орчуулжээ.

Тэрээр яруу найраг, зүйр цэцэн үгийн бүтээл туурвисан. 1984 онд "Загийн цагаан замбага" шүлгийн түүврээ хэвлүүлсэн. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн “Сэгс Цагаан Богд” найраглал болон нэрт яруу найрагч Тоомойн Очирхүүгийн ”Улаанбаатар минь баяртай” найраглалын хариу болгож ”Үйзэн цэнхэр говь” хэмээх найраглалыг бичиж хэвлүүлжээ.

Арав гаруй баримт киноны зохиолыг бичиж, зургийг авахуулсан (“Заяа түшсэн нутаг”, “Нар тоссон говь”, “Гал манасан заяа”, “Чулуун шаштар”, г.м.)

Судалгаа, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч

[засварлах | кодоор засварлах]

Б.Энэбиш нь Монголын эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгийн гишүүн, Монголын Бүтээмжийн төвийн гишүүнээр олон жил үр бүтээлтэй ажилласан.

Тэрээр дээд боловсролын салбарт багш, профессор, тэнхмийн эрхлэгчээр ажиллаж, Инженер болон инженер-эдийн засгийн ангийг нээж, Тээврийн техникум, Техник мэргэжлийн сургууль, Тээврийн эрдэм шинжилгээ, зураг төслийн институтийг анх байгуулж, тээврийн инженер-эдийн засагч мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулжээ.

Б.Энэбиш нь улс орныг, түүний дотор тээврийн салбарыг хөгжүүлэхэд эрдэс баялаг шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх тул хөдөө томилолтоор явахдаа орон нутгийн эрдэс баялагийг сонирхож, эрдсийн гол орд, томоохон илэрцүүдийг үзэж, сум бүрээр эрдсийн тусгай бүртгэл хөтөлж, дээжүүдийг нь Геологийн төв лабораторид өгч шинжлүүлдэг байжээ. Тэрээр уул уурхайн олон орд газрыг шинээр нээхэд хувь нэмэр оруулж, Геологийн музей байгуулах санааг анх гаргаж байжээ. Геологи, уул уурхайн сайд асан, Төрийн соёрхолт, доктор У.Мавлеттэй хамтарч “Монгол Улсын эрдсийн баялаг”[permanent dead link] номыг туурвисан.

Байгаль хамгаалах үйл ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

Монголын байгаль хамгаалах нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн байсан. Хустайн нуруунд тахийг нутагшуулах үйлсийг дэмжин оролцжээ. Монгол орныхоо болон говь нутгийн байгалийн өвөрмөц тогтоц, говийнхны өвөрмөц амьдрал, ажил төрөл, зан заншил, тэмээчдийн тухай олон тэмдэглэл, сурвалжлага, нийтлэл бичжээ.

Шагнал, цол хэргэм

[засварлах | кодоор засварлах]

Энэбиш “Онц тээвэрчин”, “Тэргүүний төмөр замчин", “Ардын боловсролын тэргүүний ажилтан”, “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч”, “Ардын хувьсгалын ойн медалиуд”, “Хөдөлмөрийн хүндэт медаль", “Алтангадас одон"-гоор шагнагдаж, “Ахмад багш”, “Хүндэт профессор” цол хүртсэн. Монголын зохиолчдын эвлэлийн “Утга зохиол” сонин, “Цог“ сэтгүүлийн оны шилдэг орчуулга, өгүүлэлд олгодог шагналаар шагнуулж байжээ.

Эхнэр Сэсжавын Янжмаа нь холбооны эдийн засагчаар олон жил холбооны салбарт үр бүтээлтэй ажилласан. 3 хүүхэдтэй. Ууган охин нь архитектор, хүү нь геологич, бага охин нь хувцасны загвар зохион бүтээгч мэргэжилтэй.

  1. "MONTSAME News Agency". MONTSAME News Agency (Англи хэлээр). Татаж авсан: 2025-05-31.