Бат-Очирын Шагдаржав
Бат-Очирын Шагдаржав (1912 онд Түшээт хан аймгийн Эетэй гүний хошуу одоогийн Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг Сүүж гэдэг газар төрмсөн- нас барсан) -1941-1946 онд БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайд байсан. Хошууч генерал цолтой.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1924-1927 онд бага сургууль, 1929 онд Багшийн түр сургууль төгсөөд хошууны бага сургуульд багшилж, 1930-1932 онд хошууны ХЗЭ-ийн хорооны дарга улмаар Дорноговь аймгийн ХЗЭ-ийн хороонд суртлын хэлтсийн даргаар ажиллажээ.
Б.Шагдаржав цэргийн албанд сайн дураар орж 1932 оны 8-р сард Дотоодыг Хамгаалах Газрын Улсыг аюулаас хамгаалахын салбарт шилжин 1940 оны хавар хүртэл цэргийн тусгай төлөөлөгч, заставын дарга, төлөөлөгч, ахлах төлөөлөгч, тасгийн дарга, цэргийн тусгай хэлтсийн дарга зэрэг ажил алба хашиж байв. Тэрээр ДЯЯ-ны Улсыг аюулаас хамгаалах газрын орлогч дарга болж удалгүй ДЯЯ-ны сайдаар томилогдон 1941-1946 онуудад ажилласан байна.
Б.Шагдаржав ДЯЯ-ны сайд байх үе нь дэлхийн II дайны эхлэлээс төгсгөлтэй зэрэгцэж давхацсан учир БНМАУ-ын гадаад, дотоод аюулгүй байдлыг хангахад яамны үйл ажиллагааг бүхэлд нь дайны үеийн нөхцөл байдалд тохируулан зохион байгуулалтыг өргөтгөн бэхжүүлэхэд чиглүүлсэн байдаг.
1940-өөд оноос Шинжааны хятад бус үндэстний дотор Гоминданы Хятадын дарлалыг эсэргүүцсэн эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж байх үед БНМАУ-ын баруун хязгаарын чинадад Оспаны толгойлсон зэвсэгт бүлэг энэ хөдөлгөөнийг явцуу сонирхолд урвуулан ашиглаж, зэвсэгт дээрэмчдийн арга барилд шилжин, манай улсын баруун хилд халдан цөмөрч удаа дараа хилийн будлиан өдөөх явдал 1943 оноос ихээхэн идэвжсэн юм.
Энэ үед намын Төв Хорооны шийдвэрийн дагуу дайны жилүүдэд ДЯЯ-ны дэргэдэх намын байгууллагыг намын Төв Хороонд харъяалуулах, ДЯЯ, цагдан сэргийлэх газрын мөрдөн байцаалт, таслан шийтгэх ажиллагаанд прокурорын хяналтыг хүчтэй болгох зэрэг арга хэмжээ авагдаж, улмаар хувьсгалын эсэргүү хэмээн хилсээр шийтгэгдэгсдийг цагаатгах ажил үргэлжилж, лам хар гурван мянга шахам хүнийг шоронгоос сулласан байна. Гэвч хууль ёсыг завхруулах ажил зогссонгүй, Ерөнхий сайдын орлогч Д.Доржпүрэв, Л.Жамсран нарын хэрэг, 1943 оны “Сүхбаатар аймгийн харилцаа” гэх бүлэг хэрэг, монгол тээхийн “Покрышка”, Герман тагнуулын бүлэг хэрэг, хасагийн оргодол хөдөлгөөний зэрэг томоохон хэргүүд түүний үед шийтгэгдсэн бөгөөд Б.Шагдаржав тус яамны мөрдөн байцаах, таслан шийтгэх үйл ажиллагаанд хяналт тавих хэмээсэн Улсын прокурорын хууль ёсны оролдлогыг эсэргүүцэж, тухайлбал 1943 оны 3-р сард БНМАУ-ын Прокуророос мөрдөн байцаалтад байгаа хэрэгтнийг суллах тогтоол гаргахад Дотоод явдлын яамны Улсыг аюулаас хамгаалах газар татгалзах эрхтэй байх хууль эрхийн актыг эрх баригчдаар гаргуулж чадсан байна.
Түүний үед хэрэг хүлээлгэхэд хүний бие махбодийг тарчилган зовоож, зодож занчих явдал зогссонгүй харин МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчдийн 1942 оны 2-р сарын тогтоолоор эрхтэнд харш гэмтэлгүйгээр зодох, жанчиж болох эрхийг түүнд даалган олгож байжээ. 1946 оны 4-р сард ДЯЯ-ны сайд Б.Шагдаржавыг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, хувийн ашиг сонирхолд автсан, баян чинээлэг этгээдийн зохион байгуулсан найр наадамд талархан оролцох зэргээр суртахууны дутагдал гаргасан, ширүүн догшин зан харилцаатай хэмээн Намын Төв Хорооны тогтоолд зааж сайдын үүрэгт ажлаас халж намын шийтгэл оногдуулжээ.
ДЯЯ-наас халагдсаны дараахан генерал Ж.Лхагвасүрэн түүнийг татан авч Цэргийн яамны тагнуулын хэлтсийн даргаар ажиллахыг хүссэн байна. Тэрбээр уг албанд хоёр жил ажиллаад 1948 оны намар ЗХУ-д М.Фрунзегийн нэрэмжит Ерөнхий цэргийн Академид суралцахаар явжээ. 1952 оноос Б.Шагдаржав Цэргийн яамны боловсон хүчний хэлтсийн дарга, ДЯЯ-ны төв сургуулийн захирлаар ажиллаж байгаад 1954 оны 9 сараас тус яамны УЦСГ-ын даргаар томилогдож, 1958 оны 9-р сар хүртэл ажиллажээ. Удалгүй улс төрийн хэлмэгдүүлэлтэд гар бие оролцсон ДЯЯ-ны офицеруудад намын болон захиргааны шийтгэл оногдуулахад тэр хийсэн хэргээ хүлээж Гадаадын мэргэжилтэнд үйлчлэх газарт томилогдон очжээ.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]1936 онд хамгаалагч, 1940 онд ахлах майор, 1941 онд 2-р комиссар, 1944 онд хошууч генерал цолоор, Улаан тугийн одон, Байлдааны гавъяаны одон, ЗХУ-ын Улаан таван хошуу, Улаан тугийн одон, ойн медалиудаар шагнагдаж байжээ.