Jump to content

Баянбулаг сум

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Баянбулаг сум
ᠪᠠᠶ᠋ᠠᠨᠪᠤᠯᠠᠭᠰᠤᠮᠤ
Солбицол: 46°48′29″N 98°05′28″E / 46.80806°N 98.09111°E / 46.80806; 98.09111Солбицол: 46°48′29″N 98°05′28″E / 46.80806°N 98.09111°E / 46.80806; 98.09111
Улс Монгол
Аймаг Баянхонгор
Сумын төвБаянбулаг
Газар нутаг
  Нийт3,170 км2 (1,220 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 1,772
Цагийн бүсUTC+8

Баянбулаг сум (ᠪᠠᠶ᠋ᠠᠨᠪᠤᠯᠠᠭ) — Баянхонгор аймгийн сум.

1924 оны анхны хуваариар Цэцэрлэг Мандал уулын аймгийн Хүрээмарал уулын хошууны бүрэлдэхүүнд багтаж байсан 18 сумдаас Тэгшбуянт, Эрдэнэмандал хоёр сумыг нэгтгэн Баянбулаг уулын хормойд орших Хөдөө нуурын дэнж дээр сум болон төвлөрсөнөөр ”Баянбулаг” алдраа цууриайтуулан засаг захиргааны бие даасан нэгж болон өдий хүрлээ.

Анх сумын төв нь хоёр эсгий гэртэй эхэлж байгуулагдсан бөгөөд энд сумын захиргаа төвлөрчээ. Сумын захиргааны анхны даргаар Гомбожавын Баяр гэгч эмэгтэй ажиллаж байв.

Шинэхэн байгуулагдсан Баянбулаг суманд 1930 онд анхны хоршоо, 1932 онд хүний бага эмчийн салбар, 1934 онд МХЗЭ-ийн үүр, 1938 онд МАХН-ын үүр, малын бага эмчийн салбар, 1939 онд харилцаа холбооны салбар, сумын клуб, 1940 онд бага сургууль, 1946 онд сүү, тосны завод, 1958 онд номын сан, цэцэрлэг, нүүдлийн кино, 1962 онд онгоц буудал, 1967 онд хүний их эмчийн салбар, 1967 онд малын их эмчийн салбар, 1969 онд цаг уурын станц, 1969 оноос 8 жилийн дунд сургууль зэрэг соёл үйлчилгээний төвүүд байгуулагдан ажиллаж тус сум үүсэн бэхжсэн байна.

Одоо тус суманд есөн жилийн дунд сургууль, цэцэрлэг, Б.Жамбалжамцын нэрэмжит хүний их эмчийн салбар, соёлын төв, харилцаа холбоо, ус цаг уурын станц зэрэг төрийн үйлчилгээний байгууллагууд ажилладаг. Мөн ХААН банкны тооцооны төв, Төрийн банкны салбар ажиллаж байна.

Сумын нутагт Баруун хүрээ, Хадат, Бугат, Сангийн далай зэрэг сүм хийд байсныг 1932-1938 онд улс төрийн хэлмэгдүүлэлтийн үеэр бүгдийг нь устгажээ. Харин 1990 оноос сүсэгтэн олны зүтгэлээр Төгс баясгалант Өлзийхутагтын сайн амгалан арвижих хийд байгуулагдаж, өдгөө Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгийн 10 гаруй сумын нутагт сүсэгтэн олонд бурхны номын буян үйлдэж байна.

1956 онд 157 өрх, 8881 толгой малтай, 2500 төгрөгийн үл хуваагдах фондтойгоор ”Социализмын зам” нэгдлийг байгуулан нэгдлийнхээ төвийг Баянбулаг сумын төвд байрлуулжээ. Энэ нэгдлийг анх Б.Баатар, Г.Далхаа, Л.Чадраабал, Ч.Дамдин, П.Дорж, С.Мишигдорж нарын санаачилгаар байгуулан түүхэнд ”16-гийн асаасан гал” гэж нэрлэн тэмдэглэгджээ. Энэ нэгдлийн анхны даргаар Ч.Дамдин сонгогдон ажиллаж байжээ.

Түүхэн дурсгалт газар

[засварлах | кодоор засварлах]

Сумын хамгийн өндөр цэг нь нутгийн зүүн хойд хэсэгт орших Бугатын нуруу бөгөөд д.т.д. 3251,9 м, хамгийн нам цэг нь нутгийн зүүн өмнөд хэсэгт орших Эхэн мөрний эх д.т.д. 2000 м байдаг. Уул нуруудыг хэрчсэн Сүмбэрийн даваа, Цагаан даваа, Худагт, Бүлээн, Үерт, Дөшин, Хангал, Элст, Бугат зэрэг олон даваатай бөгөөд нутгийн төв хэсэгт орших Далангийн нурууг Цахир, Хэц, Дунд, Зүүн, Муруй гэхчилэн таван даваагаар давдаг.

Тус сумын нутагт тахилга шүтлэгтэй уулс олон. Тэдгээр уулс нь тус тусын сан магтаалтай, эзэн савдагтай гэдэг. Баянцагааны эзэн хөх чоно, Өндөр Өлзийт хайрханы эзэн савдаг нь хар буур хөлөглөж, нум сум агссан хар хүн, Баянбулаг хайрханы эзэн савдаг нь хүрэн халзан морь унасан, нум сум агссан, жад барьсан баатар эр байдаг гэлцдэг.

Цоргийн хавцал, Сангийн далай, Эмчийн мухар, Тостын мухар, Зүүн салааны эх, Бургасны эх, Их Элстий зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд, Оцон хүрэнгийн агуй, Өврийн хатуугийн агуй зээрг агуй хонгилтой.

Өндрөөрөө 5 м, хөндлөн голч нь 30-аад м, боржин чулуун том хиргисүүр /Өндөр хиргисүүр гэдэг/, эртний домогт Дааган чулуу хэмээх онцгой содон ганц боржин хад, Хөшөө нуурын буган чулуу, Хангалын давааны өврийн хөшөө зэрэг эрт үеийн өвөг дээдсийн бүтээсэн дурсгалт түүхт газрууд олон.

Далайн түвшнээс дээш 3086-3259 м өндөрт өргөгдсөн Тост, Бургаст, Наран, Бугатын сүрлэг уулс, тахилга шүтлэгт Баянбулаг, Өндөр Өлзийт, Баянцагаан зэрэг үзэсгэлэн төгөлдөр хайрхан уулс бий.Тус сумын төв нь Баянбулаг, Далан, Тэгшбуянт гэсэн чандманалсан гурван уулын бэлчирт Хөдөө нуур, Бүрд булгийн хөвөөнд /далайн түвшнээс дээш 2242 м өндөрт/ оршдог. Сумын төв нь мөнх цэвдэгтэй газар байрладаг ба аймгийн төвөөс 266, Улаанбаатар хотоос 886 км зайтай ажээ.

Хангайн нурууны өмнөд хэсэгт 317,0 /319,0/ мянган хавтгай дөрвөлжин км нутагтай. Сумын нутгийн ихэнх нь өндөр уул нуруудаас тогтсон ч хөндий цайдмууд олон байдаг.

Сумын хилийн шугамын нийт урт нь 237 км, хойноосоо урагшаа 85,5 км, баруунаасаа зүүн тийшээ 75 км байна.

Баянбулаг сум нь хойт талаараа Завхан аймгийн Отгон сум, баруун талаараа Говь-Алтай аймгийн Дэлгэр сум, зүүн, зүүн хойт, урд талаараа Баянхонгор аймгийн Гурванбулаг, Заг, Хүрээмарал сумтай хиллэдэг.

Сумын нутаг геологийн хувьд үлэмж нийлмэл тогтоцтой, эрдэс түүхий эдийн байдлаар нэлээд өвөрмөц шинжийг хадгалдаг билээ. Одоогоос гурван тэр бум жилийн тэртээ бүрэлдэн тогтсон Байдрагийн бичил тивийн дүүрэгт тус сумын нутаг дэвсгэр хамрагддаг. Эртний тогтоцтой Байдрагийн өргөгдлийг Монгол орны нутагт бус ерөөс Төв Азийн зулайд оршигч дэлхийн царцдас давхаргын нэгэн цөм хэмээн үздэг учиртай. Энэ утгаараа тус сумын нутаг нь Төв Азийн эртний эх тивийн гол цөмийг төлөөлсөн онцгой өвөрмөц газар мөн билээ.

Эрдэс, түүхий эдийн хувьд эрэл хайгуулаар батлагдсан нөөцтэй ашигт малтмалын орд газар одоогоор хараахан нээгдээгүй ч үнэт, өнгөт, хар металл, газрын ховор элемент, өнгөт эрдсийн хуримтлал, барилгын түүхий эдийн төрөл зүйл нилээдээр мэдэгдэж байна.

Тус нутагт эрт дээр үед бор гөрөөс элбэг, хээр талд цагаан зээрийн сүрэг багширч байсан гэдэг. Тарвагаар баян байсан бөгөөд ”социализмын үед” 12,0 мянган тарваганы арьс бэлтгэж байжээ. Үнэг, чоно, хярс, мануул, дорго, өмхий хүрэн, зурам, бор туулай зэрэг амьтадтай. Өндөр ууландаа цөөн тооны янгир, шилүүс амьдардаг.

Цаг агаарын хувьд эрс тэс уур амьсгалтай, зуд гамшгийн давтамж ойр ойрхон болдог нь мал аж ахуйн үйлдвэрлэлд эрсдэл ихтэй байдаг. Ихэвчлэн нутгийн омгийн хонь, сарлаг үхэр өсгөн үржүүлдэг, Энэ нутгийнхан хэзээнээс нааш эдүгээ хүртэл бэлчээрийг жилийн дөрвөн улирлаар ашиглаж заншжээ.

Алдар гавьяатан

[засварлах | кодоор засварлах]

Тус сумаас 1921 оны партизан Б.Цамба, тарваган тахлын аюулт өвчнөөс бяцхан охин болон олон хүний амь аварч, мөнхийн гавъяа байгуулсан хүний бага эмч   Ц.Магсар /энэ хүний хөшөөг аймгийн Нэгдсэн больницын дэргэд босгон мөнхжүүлжээ/, 1935, 1945 оны эрэлхэг дайчин П.Дорж, Но.Сандаг, Л.Лхамсүрэн, Б.Лхамсүрэн, Б.Дамдин, Г.Далхаа, хошуу тамгын бичээч Б.Баатар, хөдөлмөрийн баатар Ж.Чулуунбаатар /Баянхонгор аймгийн анхны хөдөлмөрийн баатар болжээ/, хоньчин хөдөлмөрийн баатар Л.Бэгз, сум нэгдлийн даргын албыг 40 гаруй жил хашсан хөдөлмөрийн баатар Г.Жамсран, улсын сайн малчин Д.Бэгзжав, Д.Гонгор, Ч.Жамъян, улсын хошой аварга малчин Л.Чадраабал, улсын аварга малчин Ц.Бэгз, Б.Равжир, О.Магсаржалам, улсын залуу аварга малчин Б.Рагчаа, улсын тэргүүний мал тууварчин С.Цээлхаажав, улсын анчин Н.Пүрэв, Н.Ядамсүрэн, М.Жагдаг улсын сайн малчин Ч.Даваажаргал, М.Батболд нарыг дурдаж болно.

1980 онд Баянбулаг сумын дунд сургуулийн 8 дугаар анги төгсч байсан Ч.Туяа багштай 8-ын ”А” анги, Дөрвөнчулуун багштай 8-ын ”Б” ангийн нийт 50 сурагч төгсөлтөөрөө МХЗЭ-ийн илгээлтээр мал аж ахуйн үйлдвэр дээр гарах ”эх оронч” санаачилга гаргасан нь тухайн үедээ зөвхөн сум, аймаг төдийгүй улсын хэмжээнд үлгэр жишээ болсон томоохон ажил болж байлаа. МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал даргыг 1980 онд баруун зургаан аймгаар орж ажиллахад эдгээр илгээлтийн эзэд нам төрийн тэргүүндээ рапортыг хүндэтгэлтэй гардуулж байлаа.

Энд төрсөн хүмүүс

[засварлах | кодоор засварлах]

Баянбулагийнхан бол оюунлаг, боловсон хүчний их нөөцтэй, авъяаслаг, ард түмэндээ хүндлүүлсэн олон арван эрдэмтэн, удирдах хүмүүс төрүүлсэн өлгий нутаг. Гавъяат барилгачин Л.Төмөрбаатар, геологи минерологийн ухааны доктор Д.Доржнамжаа, хэлбичгийн ухааны доктор С.Дулам, эдийн засгийн ухааны доктор Н.Банзрагч, Н.Сэндэнжав, анагаах ухааны доктор Б.Жамбалжамц, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Ж.Даваа, газар зүйн ухааны доктор Д.Даш, доктор З.Сарантуяа, Б.Сономбалжир, нэрт зохиолч П.Лувсанцэрэн, хүүхдийн зохиолч Р.Ядмаа,  яруу найрагч ”Мөнгөн цомын эзэн” С.Дулам, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, сэтгүүлч На.Сүхбат, Мя.Жадамбаа, нэрт жүжигчин Ж.Дорлигжав, УАДБЧ-ын дуучин Л.Базарваань, Маск продакшны жүжигчин М.Баярмагнай, Монголын Зурхай сүнс судлалын Ухааны Академийн хүндэт доктор, Чингис Хааны Дэлхийн Академийн жинхэнэ гишүүн, академич Б.Пүрэвсүрэн, шатрын спортын дэд мастер Д.Дүгэржав /аймагтаа анхны мастер болсон/, цагдаагийн хурандаа Л.Жамъян, хурандаа Б.Лхагваа, М.Си. Эс группын ерөнхийлөгч Ж.Оджаргал, М.Си.ЭС констракшн компанийн захирал Ж.Од, ”Нийслэл өргөө” ХХК-ний захирал Б.Ганзориг, Өвөрхангай аймаг дахь ”Ган хийц” ХХК-ний захирал Л.Төмөрбаатар, иргэдэд үйлчлэх ”Буян” компанийн захирал Б.Дагийсүрэн, ”Монгол тамхи” компанийн ерөнхий ня-бо Д.Ганаа, Нэгдсэн III эмнэлгийн зөвлөх эмч Б.Мэндбаяр, сэтгүүлч С.Цацралт, улсын начин Я.Цэрэндорж, Д.Батболд, цэргийн арслан Г.Банзрагч, аймгийн арслан Д.Болд, Ц.Шийрэв, Д.Энхбат нарын алдар цуутан олноор төржээ.

1951 онд БНМАУ-ын Их Хурлын сонгуулийг шинэ системээр явуулахад малчин эмэгтэй Г.Сэмбэн /Доосмаа/ АИХ-ын депутатаар сонгогдож байжээ. Мөн Г.Жамсран, Л.Чадраабал, Л.Бэгз, Н.Сэндэнжав, Б.Чойжилсүрэн, Ч.Гомбосүрэн, Б.Равжир, Л.Төмөрбаатар, Магваны Жадамбаа нар АИХ-ын депутатаар сонгогдон. Энэ нутгийн уугуул Бямбын Чойжилсүрэн /Баянхонгор аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга/, Ч.Гомбосүрэн /Дорноговь аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга/, Н.Сэндэнжав /МАХН-ын Төв хорооны хэлтсийн эрхлэгч/, Л.Төмөрбаатар /Өвархангай аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захргааны барилга эрхэлсэн орлогч дарга/,  Магваны Жадамбаа  /Баянцагаан сумын сум-нэгдлийн дарга/ Ардын Их Хурлын депутат байхдаа Монгол Улсын анхны шинэ үндсэн хуулийг /1992 оны/ батлалцаж байжээ. Нутгийн ууган сэхээтний нэг Гунаажавын /хоньч/ Бадамжав Говь-Алтай аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга, МҮЭ-ийн Төв зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байлаа.

1992-1996 онд Б.Гомбо, 2000-2004 онд С.Дулам УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Б.Чойжилсүрэн, Ч.Гомбосүрэн нар Баянхонгор, Дорноговь аймгийн нам, захиргааны дарга зэрэг албыг олон жил хашжээ.

АИХ-ын депутатаар хоёр удаа сонгогдсон Б.Чойжилсүрэн 1990 онд хуралдсан МАХН-ын Онц их хурлаас Намын Хянан шалгах хорооны даргаар сонгогдож байжээ.

Нэгэн үед Баянхонгор аймгийн сум-нэгдэл, намын байгууллагын дарга нарын 70 шахам хувь нь Баянбулаг суманд төрж өссөн сэхээтэн байсан. Аймгийн улс, олон нийт, ялангуяа аймаг, сумдын урирдах хариуцлагатай албанд Г.Жамсран, Г.Баянбуу, Г.Ядамжав, П.Жадамбаа, Б.Жигжидсүрэн, Г.Цанжид, М.Мянганбуу, М.Жадамбаа, Б.Сономжамц, Б.Дашпунцаг, Б.Гомбо, Б.Жамъянхорлоо, Ч.Гомбодорж, Ж.Сахъяа, Ч.Сэндэнпүрэв, Д.Ганаа нар олон жил үр бүтээлтэй ажилласан байна.

Мөн Монгол Улсаас Куба улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Гомбо, Москва хот дахь Олон улсын банкны байгууллагын дэд захирал Н.Сэндэнжэв, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайдын зөвлөх Г.Энхтүвшин, Үндэсний татварын Ерөнхий газрын хэлтсийн дарга Д.Энхсайхан, Үндэсний статискийн газрын Газрын дарга А.Дэмбэрэл, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Очирбат, УИХ-ын олонхын бүлгийн ажилтан Ч.Сэндэнпүрэв, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Гомбодорж, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний Байгаль орчны албаны дарга Л.Мандал, Татварын хэлтсийн дарга М.Мөнхбат болон Баянбулаг сумын ИТХ-ын дарга Д.Гүрсэд, аймгийн төвийн ”Номун далай” ахлах сургуулийн захирал Ж.Энхбаяр нарын зэрэг олон сэхээтэн удирдах алба хашиж байсан байна.