Jump to content

Баян-Өлгий аймгийн музей

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Баян-Өлгий аймгийн музей 1948 онд “Орон нутаг судлах кабинет” нэртэйгээр байгуулагдсан. 1962 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 461-р тогтоолоор “Орон нутгийг судлах музей” болгон өргөтгөсөн. Анх аймгийн захиргаанд үзмэр цуглуулах ажлыг нэг хүн давхар хариуцаж, улмаар зарим хэсэг нь нурсан лалын шашны жижиг сүмэд нэгэнт цугласан эд өлгийн зүйлийг хадгалж байсан нь их ажлын гараа байжээ.

Шинээр байгуулсан уг аймгийн төвийг хөгжүүлэх ажил ид өрнөсөн 1960-аад оны эхээр аймгийн МАХН-ын хорооны дарга байсан Х.Мусахан биечлэн удирдаж, М.Хурманхан нарын шилдэг сэхээтнүүд гар нийлэн Сагсайн хүрээний балгас болсон бууриас түүхий тоосго зөөн, музейн анхны барилгыг нийтийнсубботникийн шугамаар барьж байгуулсан байна.

1988 оноос музейн зориулалттай гурван давхар барилгад шилжин орж, шинээр дэглэсэн байгалийн танхим, түүхийн танхим, угсаатны зүйн танхим, хэлмэгдэгсдийн дурсгалын танхимд үйл ажиллагаагаа явуулж байна.

Музей нь сан хөмрөг болон үзүүллэгтээ 5420 үзмэртэй. Түүний 60 орчим хувийг дэлгэн олон нийтэд үзүүлж байна. Музейн үзүүллэг дэглэлт нь Алтай таван богдын байгалийн хосгүй үзэсгэлэнг харуулсан томоохон панором, казах үндэсний иж бүрэн тоноглолтой эсгий гэр, Керей Найман омгийн эрэгтэй, эмэгтэй хүний алтан шармал буюу мөнгөн тоноглолтой иж бүрэн эмээл, солир, халиу, бүргэд, бүргэдийн хэрэгсэл, хар чоно, эртний куран, модон ор, аймгийн анхны дарга, нам төрийн ахмад зүтгэлтэн нарын гар буу, нэхий өмд, унаганы арьсан дээл, охин бэрийн өмсгөл, Саукеле желек, тува, урианхай, дөрвөд үндэсний тоорцог малгай, бөөгийн онго, зэрэг үзмэрүүдээр баян. Тус музейн үзмэрийг иргэдийн гар дээрээс худалдаж авах, хээрийн шинжилгээний олдворыг цуглуулах замаар голлон баяжуулж иржээ.