Jump to content

Белорусийн ажиллагаа (1944)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Белорусийн «Багратио́н» ажиллагаа —Оросын түүхэнд тэмдэглэж ирсэнээр Аугаа Эх орны дайн буюу дэлхийн хоёрдугаар дайны үеэр 1944 оны 6-р сарын 23-аас 8-р сарын 29-ний хооронд ЗХУ-ын Ажилчин, Тариачдын Улаан армийн (РККА) нацист Германы Вермахтын эсрэг хийсэн цэргийн стратегийн довтолгоо юм.

Энэ цэргийн ажиллагааг Александр Суворовын Итали, Швейцарт хийсэн 1799 оны дайны аян болон 1812 оны Оросын Эх орны дайны үед гавьяа байгуулсан оросын цэргийн жанжин Пётр Багратионы нэрээр нэрлэсэн ажээ.

Белорусийн ажиллагааны газрын зураг. 1944 он.

"Багратион" ажиллагааны үеэр Зөвлөлтийн арми Германы Армийн "Төв" бүлгийг устгасан Германы армид томоохон цохилт болсон бөгөөд Франц дахь холбоотнуудын амжилттай довтолгоо зэрэг нь 1945 оны хавар нацист Германы цэргийн ялагдлыг урьдчилан тодорхойлсон гэж үздэг юм.

1944 оны 6-р сар гэхэд зүүн фронтын шугам Витебск-Орша-Могилёв-Жлобин гэсэн чиглэлд хүрч, ЗСБНХУ-ын гүн рүү томоохон дугуй хэсэг үүсгэсэн байна. Украинд Улаан арми хэд хэдэн гайхалтай амжилтанд хүрч чадсан бол (Зөвлөлт Украины бараг бүх нутаг дэвсгэрийг чөлөөлж, Вермахт хэд хэдэн бүслэлтэнд орж их хэмжээний хохирол амссан), 1943-1944 оны өвөл Минскийн чиглэлд нэвтрэхийг оролдсон ч амжилт муутай байв. 1943 оны 10-р сараас 1944 оны 4-р сарын 1 хүртэл Минск, Орша руу нэвтрэх 11 ажиллагаа явуулсан байна.

Минск хотыг чөлөөлсөн Улаан армийнхан

Беларусийн чиглэлд дахь ажиллагаа эхлэхэд ЗХУ танкаар 23 дахин, их буугаар 9.4 дахин, нисэх хүчинд 10.5 дахин давуу байжээ. Германчууд 1943 оны 10-р сараас хойш бараг 9 сарын турш Беларусийн хэсэгт Улаан армийн довтолгоог няцаахад нэлээд амжилттай байсан учраас ийм сул байсан гэж тайлбарлаж байсан бөгөөд энэ нь Германы командлалд Беларусийн чиглэлд харьцангуй цөөн тооны зэвсэглэлээр үргэлжлүүлэн хамгаалах боломжтой гэж үзэж байжээ.

Цэргийн ажиллагааны явц

[засварлах | кодоор засварлах]

Ажиллагааг хоёр үе шаттайгаар явуулсан. Эхний үе шат нь 6-р сарын 23-аас 7-р сарын 4-ний хооронд явагдсан бөгөөд дараахь довтолгооны ажиллагаа болсон байна.

  • Витебск-Оршагийн ажиллагаа (6-р сарын 23-28)
  • Могилевын ажиллагаа (6-р сарын 23-28)
  • Бобруйскийн ажиллагаа (6-р сарын 23-29)
  • Полоцкийн ажиллагаа (6-р сарын 29 - 7-р сарын 4)
  • Минскийн ажиллагаа (6-р сарын 29 - 7-р сарын 4)

Хоёр дахь шат нь 7-р сарын 5-аас 8-р сарын 29-ний хооронд явагдсан бөгөөд дараахь үйл ажиллагаануудыг багтаасан болно.

  • Вильнюсийн ажиллагаа (7-р сарын 5-20)
  • Шауляй ажиллагаа (7-р сарын 5-31)
  • Белостокийн ажиллагаа (7-р сарын 5-27)
  • Люблин-Брестийн ажиллагаа (7-р сарын 18-аас 8-р сарын 2)
  • Каунасын ажиллагаа (7-р сарын 28-аас 8-р сарын 28)

Зөвлөлтийн энэхүү довтолгоон урьд өмнө байгаагүй партизаны өргөн ажиллагаа явуулсан байна. Беларусьт олон тооны партизан бүлгүүд ажиллаж байв. Беларусийн Партизан хөдөлгөөний штабын мэдээлснээр 1944 оны зун 194708 партизан Улаан армид элссэн байна. Зөвлөлтийн командлал партизаны отрядын үйл ажиллагааг цэргийн ажиллагаатай амжилттай уялдуулан холбож чаджээ.

Германы цэргүүдийн зохион байгуулалттай эсэргүүцлийг 7-р сарын 8-9-нд таслаж чадсан байна. Цэвэрлэгээ 7-р сарын 12 хүртэл үргэлжилсэн: партизанууд болон жирийн ангиуд ойг самнаж, бүслэгдсэн хүмүүсийн жижиг бүлгийг саармагжуулжээ. Үүний дараа Минскийн зүүн хэсэгт тулалдаан зогсов. Германы 72 мянга гаруй цэрэг нас барж, 35 мянга гаруй цэрэг олзлогджээ.

Энэхүү өргөн цар хүрээтэй довтолгооны ажиллагааны үеэр Беларусь, зүүн Польшийн нутаг дэвсгэр, Балтийн орнуудын нэг хэсэг чөлөөлөгдөж, Германы армийн "Төв" бүлэг бараг бүрэн ялагдсан байна. Вермахт их хэмжээний хохирол амссан нь нэг талаараа А.Хитлер өөрийн генералуудынхаа саналыг хүлээн зөвшөөрөхгүй ухрахыг удаа дараа хориглож байсантай холбоотой гэж үздэг.

Багратион ажиллагааны амжилт нь Зөвлөлтийн командлалын хүлээлтээс хамаагүй илүү давсан юм. Нийтдээ 1100 км-ийн урд хэсэгт 600 км-ийн гүнд ахисан.