Бенитоит

Бенитоит (Англи: Benitoite) бол гидротермал өөрчлөлтөд орсон серпентинитээс олддог ховор, цэнхэр өнгөтэй, бари-титаны циклосиликат эрдэс юм. Энэ нь эх газрын тавцангуудын мөргөлдөх цэг буюу субдукцийн бүс болох нам температур, өндөр даралттай орчинд бүрэлдэн тогтдог. Бенитоит нь богино долгионы хэт ягаан туяаны дор тод цэнхрээс цайвар цэнхэр өнгөөр гэрэлтдэг (флуоресценц). Харин ховор тохиолдох тунгалаг эсвэл цагаан өнгийн талстууд нь урт долгионы хэт ягаан туяанд улаан өнгөөр гэрэлтдэг байна.
Уг эрдсийг 1907 онд хайгуулч Жэймс М. Кауч Калифорнийн төв хэсэгт, Сан Хосе хотоос зүүн өмнө зүгт орших Сан Бенито уулнаас нээжээ. Кауч анх өнгө нь ижил төстэй байсан тул үүнийг корундын төрөл болох индранил (сапфир) гэж андуурч байв. 1909 онд дээжийг Беркли дэх Калифорнийн их сургууль руу илгээснээр эрдэс судлаач доктор Жорж Д. Лаудербэк үүнийг өмнө нь мэдэгдэж байгаагүй шинэ эрдэс болохыг тогтоожээ. Корунд (индранил) нь Моосын хатуулгийн шаталбараар 9 гэсэн хатуулагтай байдаг бол бенитоит нь хамаагүй зөөлөн байдаг. Үүнийг Калифорни мужийн Сан Бенито тойргийн Сан Бенито голын эх орчмоос олдсон тул "бенитоит" гэж нэрлэсэн байна.