Jump to content

Бернард Барух

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бернард Барух

Бернард Барух (англи. Bernard Mannes Baruch, 1870 оны 8-р сарын 19-нд АНУ-ын Өмнөд Каролина мужийн Камдэнд төрж, 1965 оны 6-р сарын 20-нд Нью-Йорк хотод нас барсан) - Америкийн санхүүч, хөрөнгийн наймаачин, улс төр, төрийн зүтгэлтэн байв.

Бернард Барух АНУ-ын Ерөнхийлөгч Вудро Вилсон, Франклин Рузвельт нарын зөвлөхөөр ажиллаж байсан. 1947 онд тэрээр "хүйтэн дайн" гэсэн нэр томьёог албан ёсны нөхцөлд дэлхийд анх удаа ашигласан.

Бернард Барух Өмнөд Каролинад Саймон, Белле Барух нарын дөрвөн хүүгийн хоёр дахь нь болж төрсөн. Түүний эцэг еврей гаралтай Саймон Барух (1840–1921) 1855 онд Германаас АНУ руу цагаачилжээ. Эмч мэргэжилтэй тэрээр Америкийн Иргэний дайны үед Өмнөдийн талд цэргийн алба хааж байсан бөгөөд физик эмчилгээний аргыг үндэслэгчдийн нэг юм.

Бернард Барух Уинстон Черчиллийн хамт, 1961 он.

1881 онд түүний гэр бүл Нью-Йорк хот руу нүүж, Бернард Нью-Йорк хотын коллежид (англи. City College of New York) элсэн орж төгсөөд "A. A. Housman and Company"-д брокероор ажиллаж эхэлсэн байна. Тэрээр Нью-Йоркийн хөрөнгийн биржид суудал авч, элсэн чихрийн гэрээгээр амжилттай наймаа хийж байв. 1903 онд тэрээр өөрийн брокерийн пүүсийг байгуулж, 33 настайдаа саятан болсон. Тухайн үед зах зээлийг удирдах зорилгоор янз бүрийн трастуудыг үүсгэн байгуулдаг жишиг дэлгэрч хамтаар ажилладаг байсан ч Барух бүх үйл ажиллагаагаа ганцаар явуулж, үүнийхээ төлөө "Уолл Стритийн чоно" хэмээх хоч авч байжээ.

Барух Америкийн улс төрийн амьдралд 1912 оноос идэвхтэй оролцож эхэлсэн байна. Тэрээр өөрийн мөнгөө ​​Вудро Вилсоны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд зарцуулжээ. Барух Ардчилсан намд 50,000 доллар хандивласан. Үүнд талархан Вилсон Үндэсний батлан ​​хамгаалах яаманд түүнийг томилов. Дэлхийн 1-р дайны үед тэрээр Дайны аж үйлдвэрийн зөвлөлийн дарга болж, Америкийн аж үйлдвэрийг цэргийн хэрэгцээнд чиглүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм.

Дэлхийн 1-р дайны дараа тэрээр Версалийн бага хурлын Эдийн засгийн дээд зөвлөлд ажиллаж, ерөнхийлөгч Вудро Вилсоны эдийн засгийн хувийн зөвлөхөөр ажиллаж байжээ. Вудро Вилсоны дараа тэрээр ерөнхийлөгч Уоррен Хардинг, Херберт Хувер, Франклин Рузвельт, Харри Трумэн нарын байнгын хамтрагч бөгөөд сүүдэр мэт дагалдагч байв. Дэлхийн 2-р дайны үед ерөнхийлөгч Ф.Д. Рузвельт резиний каучукийн хомсдолыг арилгахын тулд Барухыг хорооны даргаар томилож байжээ.

Харри Трумэн 1946 онд Барухыг НҮБ-ын Атомын энергийн комиссын төлөөлөгчөөр томилов. 1946 оны 6-р сарын 14-нд болсон Комиссын анхны хурлаар Барух АНУ-ын цөмийн зэвсгийг бүрэн хориглох төлөвлөгөөг зарласан нь түүхэнд "Барухын төлөвлөгөө" нэрээр бичигдэн үлдсэн. Цөмийн судалгаа хийж буй бүх улс холбогдох мэдээллээ солилцох, бүх цөмийн хөтөлбөр нь зөвхөн энх тайвны шинж чанартай байх ёстой гэж заасан байдаг.