Бертран Рассел

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Бертранд Рассел» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Бертранд Рассел

Бертран Рассел (бүтэн нэр Бертран Артур Уильям Рассел, 1872-1970) нь Британийн нэрт философич, логич, нийгмийн зүтгэлтэн ба Англи-Америкийн философийн аналитик хөдөлгөөнийг үндэслэгчдийн нэг, уран зохиолын Нобелийн шагналийг хүртэгч. Логик, эпистемологи, математикийн философид оруулсан түүний хувь нэмэр нь 20-р зууны хамгийн чухал философичдийн нэгд нэртлэгдэх шалтгаан болжээ. Философиос гадна тэрээр нэрт энх тайвны төлөөх зүтгэлтэн байсан бөгөөд нийгэм, улс төр, ёс суртахууны сэдвүүдээр олон ном зохиол, нийтлэл бичдэгээрээ олон нийт дунд алдаршчээ. Тэрээр амьдралынхаа туршид 70 гаруй ном, 2000 орчим өгүүлэл бичиж байжээ. Рассел нь дөрвөн удаа гэрлэж, олон удаагийн нийтийн санал зөрөлдөөнд оролцож, дэлхий даяар ижил хэмжээнд хүндэтгэгдэж, шүүмжлэгдэж байжээ.

Бага нас[засварлах | edit source]

Бертран Рассел нь 1872 оны 5-р сарын 18-нд Британийн Уэйлс улсын Монмутшир мужийн Треллек тосгонд Рэйвэнскрофт хэмээх газар төржээ. Түүний эцэг эх нь Ноён , Хатагтай Амберли гэх хүмүүс байсан бөгөөд түүний өвөг эцэг Ноён Жон Рассел нь Бедфордын 6-р гүнгийн хамгийн бага хүү байжээ. Ноён Рассел нь Британийн ерөнхий сайдаар хоёр удаа ажилласан улс төрийн зүтгэлтэн байсан бөгөөд үүнийг үнэлэж Хатан хаан Викториа нь түүнийг язгууртны тоонд оруулж, 1-р Эрль Рассел болгожээ. Бертран Расселийн ах Фрэнк нь хүүхэдгүй нас барсанаар тэрээр 3-р Эрль Рассел болжээ.

Расселийн бага насны амьдралд олон гай зовлон тохиолдож байв. 6 нас хүрэхэд нь түүний эгч Рэйчэль, түүний эцэг эх, түүний өвөг эцэг нар бүгд нас барж, ах Фрэнкийн хамт эмэг эх дээрээ очиж амьдрах болжээ. Фрэнкийг Винчестер коллеж хэмээх язгууртны хүүхдүүдийг бэлддэг сургуульд оруулсан ч Бертранийг гэрт нь сургах болсноор хүүхэд насандаа бусад хүүхдүүдээс тусгаарлагдсан байдалтай байх болжээ. Тэрээр бага насныхаа энэ явдалд сүүлд ихээр харамсах болж байв. Багаасаа ухаалаг төрх нь мэдэгдэж математик сонирхох болсон ба 11 насандаа Евклидийн геометрийг сурсанаар нотолгоотой, баталгаатай мэдлэгийг олох боломжтойг мэдэрч, энэ ухаанд “анхны харцаар дурласан” хэмээж байжээ. Ямар ч мэдлэгийг ийнхүү ноттойгоор олох боломжтой хэмээн бодох болсон нь түүний философийн гол суурь болжээ. Өсвөр насандаа философийн анхны нийтлэлээ бичиж, спектицист үзэлтэй болж эхлэснээр эмэг эхийнхээ Христийн шашныг орхижээ.

Их Сургууль[засварлах | edit source]

1890 онд Рассел Кэмбрижийн Их Сургуулийн Тринити коллежид математик судлахаар элсэн орсоноор үе тэнгийнхнээсээ салангид байсан үе дуусчээ. Тэрээр Апостлууд хэмээх оюутны нууц бүлгэмд орж, тэнд танилцсан найз нөхөд нь амьдралынх нь туршид байж, дотроо тухайн үеийн хамгийн нөлөө бүхий философичдийг төрүүлжээ. Тус бүлгэмийн гишүүдтэй өрнүүлсэн яриануудынхаа дүнд Рассел нь математик суралцахаа больж, “Геометрийн суурь ойлголтын тухай эссе” хэмээх нийтлэлийг бичиж Тринитид философийг судлах тэтгэлэгийг авчээ. 1897 онд тус ажлаа бага зэрэг засаж хэвлүүлсэн нь Расселийн анхны философийн ном болжээ. Энэ нь орон зайн зөн совинг тодорхойлоход геометрийг ашиглах боломжтой хэмээх идеалист онолыг танилцуулж байсан ба 1781, 1787 онд гарсан Иммануэль Кантийн “Цэвэр оюун ухааны шүүмж” номны нэгэн үргэлжлэл маягтай байв. 1896 онд Рассел нь Германы социал ардчилал хэмээх улс төрийн анхны бүтээлээ туурвижээ. Германы социалист хөдөлгөөний шинэчлэлийг дэмжсэн маягтай байсан ч Марксизмийг ёжтой, алсын хараатай шүүмж байв. 1895 онд Алис Рирсалл Смит хэмээх анхны эхнэртэйгээ хийсэн Берлин руух аяллын дараагаар тус номоо бичиж байжээ. Берлинд байхдаа тэрээр шинжлэх ухааны философи, улс төр-нийгмийн философийн талаар хоёр цуврал ном бичих төлөвлөгөө гаргаж байжээ. Энэ үйл явдлын тухай тэрээр хожим “Одоо л би онол, практикийн хувьд ижил хэмжээнд авч үзсэн бүтээлийг Гегел мэт синтезтэйгээр гаргах болно” гэж байжээ. Рассел нь амьдралынхаа туршид өөрийн зорьсон бүх салбарын тухай бүтээл туурвисан ч гэсэн энэ төлөвлөгөөнөөс шал өөр байдалтай бичих болжээ. Геометрийн тухай номоо дуусгаад удалгүй тэрээр метафизик идеализм гэсэн өөрийн философийн тогтолцооны үндэс суурийг тавих байсан онолыг хаяжээ.

Principia Mathematica бүтээл[засварлах | edit source]

Рассел нь Апостлууд бүлгэмийн гишүүн, найз Жорж Эдвард Мүүрийн нөлөөллөөс үүдэж идеализмийг орхисон гэгддэг ч бодитоор бол түүнд Карл Вайэрштрасс, Георг Кантор, Ричард Дедекинд гэсэн Германы математикчид илүү ихээр нөлөөлжээ. Тэд математикийн логик суурьтай болгох бүтээлүүдийг гаргаж байсан ба тэдгээрийн ололт амжилт нь Расселийн хувьд философиос гадна математикийн хувьд асар их ач холбогдолтой байж, “Энэ цаг үеийн хамгийн том амжилт” гэж хэлж байжээ. Энэхүү бүтээлүүдтэй танилцсанаар өмнөх идеалист сэтгэлгээгээ бүтнээр хаяж, синтез биш анализ нь философийн хамгийн зөв арга гэх болж, өмнөх философичдийн “философийн тогтолцоо, систем бүтээх” аргыг буруу гэжээ. Энэ үзлээ бусдад сайтар түгээж, илэрхийлж чадсанаар англи хэлтнүүдийн аналитик философийн уламжлалд маш том нөлөөлөл болж, тус школын арга ажиллагаа, хэв маяг, өнгийг гаргажээ.

Тэрээр өөрийн хүндэлж явдаг математикчдийн бүтээл дээр үндэслэн математик нь логикийн хувьд бат бэх суурьтайгаас гадна үнэндээ бол логикоос өөр зүйлийг агуулдаггүй гэсэн санааг төрүүлжээ. Энэхүү санааны философийн зарчим (хожим логикизм гэх болсон) нь 1903 онд гаргасан “Математикийн үндэс суурь” номонд бичигджээ. Рассел нь энэ номондоо математикийг бүхэлд нь цөөн тооны аксиомоос ургуулан гаргах боломжтой гэж үзэж, ингэхдээ тоо, язгуур гэх мэт математик тэмдэглэгээг ашиглах шаардлагагүй, зөвхөн эргэцүүлэл, анги гэх мэт логикийн ойлголтуудыг л хэрэглэхэд хангалттай гэжээ. Ингэснээр математикийн үнэн нь ямар нэг эргэлзээгүйгээр батлагдаж, субъектив байдлаас салангид байх боломжтой гэжээ. Математикийн үндэс суурь бүтээлээ дуусгаж байхдаа тэрээр Германы математикч Готтлоб Фрегегийн “Арифметикийн үндэс” (1884) бүтээлийг олж, математикийн логигист философийн тухай өөрийн онолыг өмнө нь нээж байсныг мэджээ. Тэрээр номныхоо хавсралтанд Фрегегийн судалгааны тухай оруулж, логикийн шинжийн тухай өөрийн болон Фрегегийн бодлын ялгааг дурьджээ.

Расселийн оюуны амьдралын нэг онцлог нь тэрээр логикийн тухай улам эргэцүүлж бодох тусам логикийн ач холбогдол тийм ч чухал биш болохыг мэдэрч иржээ. Тэрээр Математикийн үндэс суурь бүтээлээс хойших өөрийн философийн хөгжлөө “Пифагороос холдсон нь” ч гэж өөрөө тайлбарлаж байв. Ингэх болсон анхны алхам нь математикийг логик системийн суурьтайгаар бүтээх гэсэн оролдлогын хамгийн суурь хэсэгт олсон нэгэн зөрчилдөөн байв – үүнийг өнөөдөр Расселийн парадокс гэдэг. Үүнийг тайлбарлавал: Зарим ангиуд нь өөрсдийнхөө гишүүн (тухайлбал бүх ангийн анги), зарим нь өөрсдийнхөө гишүүн болдоггүй (тухайлбал бүх эрэгтэйчүүд гэсэн анги нь өөрийнхөө гишүүн биш). Хэрэв ийм бол өөрсдийнхөө гишүүн биш ангиудыг багтаасан ангийг бүтээх боломжтой байх ёстой. Гэтэл “энэ нь өөрийнхөө гишүүн мөн үү” гэж асуувал зөрчилдөөн үүсч байна. Хэрэв мөн бол биш, биш бол мөн болж байна. Үүнийг энгийнхээр дүрсэлбэл, тосгоны үсчинг “өөрийнхөө үсийг засдаггүй хэн бүхний үсийг засдаг” гэж тодорхойлоод үсчин өөрийнхөө үсийг засдаг уу? гэж асуухтай төстэй.

Тус парадокс нь эхэндээ маш энгийн мэт байсан ч Рассел нь үүнийг шинжлэх тусамд асуудал илүү төвөгтэй болж, Математикийн үндэс суурь номондоо бичсэн классын тухай ойлголтод том асуудал байгаа гэж ойлгох болжээ. Фреге нь энэ асуудлын гүнг амархан ойлгож байв. Рассел түүн рүү захидал явуулж парадоксоо тайлбарлахад Фреге “арифметик гуйваж байна” гэсэн хариуг өгчээ. Фреге, Рассел нарын математикийг логик суурьтайгаар бүтээх ородлого ийнхүү нурах шиг болжээ. Фреге сэтгэлийн хямралд орсон бол Рассел нь парадоксгүй логикийн онолыг бүтээх оролдлогоо эхлүүлжээ. Гэвч ямар ч байдлаар онолоо боловсруулсан энэ парадокс гарч ирсээр байв.

Энэ нь явсаар Расселийн парадоксийг даван туулахын тулд онолоо бага багаар өөрчилсөөр өөрийн логикийн схем бүрэн өөрчлөгдөхөд хүрчээ. Түүний онолд “Пифагорын” гэх хандлагын чухал элементүүд хаягдаж, логик гэсэн юм байдаг л юм бол анги, эргэцүүлэмж гэх мэт зүйлс угтаа байдаггүй гэх дүгнэлтэд хүрчээ. Эдгээрийн оронд “Төрлүүдийн салбарласан онол” гэх маш төвөгтэй, нарийн онолыг боловсруулсан ба энэ нь Расселийн парадокс гэх мэт зөрчилдөөнөөс ангид байдаг ч өнөөг хүртэл ойлгоход маш бэрх онол байсаар байна. Алфред Норт Вайтхэдийн хамт Principia Mathematica (1910-13) номны гурван ботио дуусгахад логик системд оруулсан төрөл, бусад элементүүд нь тус ухааныг хэт төвөгтэй болгожээ. Философич, математикчдаас тус бүтээлийг бүхэлд нь ойлгож, дахин шинжилгээ хийж чадсан хүний тоо одоог хүртэл цөөхөн ч гэсэн 20-р зууны оюун ухаанд оруулсан хамгийн том ололт амжилтанд зүй ёсоор тооцогдсоор байна.

Рассел нь Математикийн үндэс суурь номондоо математик бол логикийн салбар мөн гэхийг философи талаас батлах гэж оролдсон бол Principia Mathematica бүтээлдээ үүнийг математик байдлаар илэрхийлэх гэж оролджээ. Гурван боть номны дийлэнх хэсгийг эзлэдэг формаль баталгаануудыг шүүмжилсэн шүүмж бараг байдаггүй ч философийн ач холбогдол нь яг юу вэ гэсэн асуултыг хүмүүс мэтгэлцсээр байна. Математик бол логик хэмээн батлаж чадаж байна уу? Төрөлийн онолыг логикийн хувьд үнэн хэмээн үзвэл л тийм гэсэн хариуг өгч чадна. Гэтэл математик баталгаануудыг бодвол энэхүү онолыг шүүмжилсэн шүүмж илүү их бий. Түүнчлэн Курт Годелийн нэгдүгээр бүрэн бусыг теорем (1931) ёсоор математикийг бүхэлд нь гаргаж авах боломжтой цорын ганц логикийн онол байх боломжгүй гэжээ: арифметикийн нийцтэй бүх онол нь угтаа бүрэн бус гэжээ. Иймээс Principia Mathematica бол зорьсон бүхэндээ хүрч чадсан агуу бүтээл биш ч гэсэн математикийн логик, математикийн философийн хөгжилд оруулсан асар их хувь нэмэрийг нь үнэлэх зайлшгүй шаардлагатай.

Рассел, Фреге нарын үзэлд ялгаа их байсан ч логикийг Платоник байдлаар авч үзэж байснаараа адилхан. Илүү хөгшин насандаа тэрээр “Би бодит ертөнцөд дургүй байсан. Өөрчлөлт, илжрэлт байдаггүй, дэвшил гэх хуурмаг юм байдаггүй цаг хугацаагүй ертөнцийг илүүд үзсэн” хэмээн математикийг логикоос гаргаж авах сонирхолоо тайлбарлаж байжээ. Рассел нь Пифагор, Платоны адилаар бодит ертөнцийн хүртэхүй, сэрлээс үл хамаарах, өөрчлөх боломжгүй, үүрдийн үнэн байдаг хэмээн итгэж байжээ. Энэ үнэнийг олж авахын тулд оюун санааны ачаар л олж авч, нэгэнт олсон мэдлэг бол батгүй, засаж залруулах боломжтой биш, буруутгах боломжгүй, баттай байна гэжээ. Расселийн хувьд логик бол энэхүү үнэнд хүрэх зам байсан ба логикийн төлөөх тэмцэл бол амьдралын хамгийн өндөр зорилт гэдэгт итгэж байв.

Principia Mathematica-гийн философид оруулсан хамгийн том хувь нэмэр бол “Тодорхойлолтын онол” . Анализийн энэхүү аргыг “Илэрхийлэх нь” (1905) өгүүлэлдээ анх тайлбарлаж байсан ба баттай тодорхойлолтыг агуулдаг эргэцүүлэмжийг (жишээ нь “Францын одоогийн хаан”) тодорхойлолт агуулдаггүй илэрхийлэл рүү шилжүүлдэг арга юм. Зорилго нь бодитоор оршдоггүй зүйлсийг дурьдахгүйгээр логик илэрхийлэл бүтээх боломжтой болж байна. Логикийн онолд гарч ирж байсан зөрчилдөөнүүдийг арилгах зорилгоор аүтээгдэж байсан энэхүү анализийн аргачлал нь математик сонирхолгүй философичид дунд ч маш түгээмэл болжээ. Расселийн тодорхойлолтын онолын суурь ойлголт бол ердийн хэлний хэлзүйн дүрэм нь илэрхийллийн бодит, логик төрхийг нууж байдагтай холбоотой ба энэ нь түүний философид оруулсан хамгийн том хувь нэмэрт тооцогддог.

Рассел нь хожим хэлэхдээ Principia Mathematica-г бичсэн үед гаргасан оюуны ачаалал нь бүрэн эдгэрч чадаагүй ба дахин логикийн салбарт тэгж хүчтэй ажиллаж чадаагүй. 1918 онд Principia бүтээлээ олон нийтэд хүргэх зорилготой “Математик философийг танилцуулах нь” нэртэй номыг гаргасан ч үүнээс бусад бүтээлүүд нь логик биш, ихэнхдээ Эпистемологи буюу мэдлэгийн тухай онолын тухай байжээ. 1914 онд “Гадаад ертөнцийн тухай бидний мэдлэг” номондоо ертөнц бол мэдрэхүйгээр ирэх мэдээллээр “бүтээгддэг” гэж үзсэн ба энэ санаагаа цааш нь “Логик атомизм” (1918-19) номондоо хөгжүүлжээ. “Оюуны шинжилгээ” (1921), “Материйн шинжилгээ” (1927) бүтээлүүддээ тэрээр энэ санаагаа орхиж төвийн байр суурьт буюу нейтраль монизм хэмээн нэрлэсэн үзлээ дэлгэж, дэлхий ертөнцийн “эцсийн үнэн” блд оюуны ч биш, физик зүйл ч биш, гэхдээ энэ хоёрын дунд орших төвийн зүйл гэжээ. Эдгээр бүтээлүүдийг философичид үнэлдэг ч гэсэн логик, математик философид оруулсан хувь нэмэртэй харьцуулахад нөлөө багатай байсан ба чанарын хувьд ч дутмаг гэж үздэг.

Principia-г туурвисны дараа оюун амьдрал өөрчлөгдсөнтэй холбогдуулаад хувийн амьдралд нь ч маш том өөрчлөлт оржээ. Логикийн тухай ажилласан жилүүдэд Расселийн хувийн амьдрал нь гунигтай, баяр баясалгүй байв. Анхны эхнэс Алистайгаа хамт амьдарч байсан ч хайртай байхаа болиод удаж байв. 1911 онд Хаматгай Оттолин Моррелд дурласан нь (Моррел нь нөхөрөөсөө салах хүсэлгүй байсан тул анхнаасаа сүйрэх тавилантай байжээ) түүний бүхэл амьдралыг өөрчилжээ. Алисаасаа салж өөр хүнтэй учрах талаар бодох болжээ. Меррелийн нөлөөн дор техникийн философийг сонирхохоо больж, нийтэд илүү хүртээмжтэй төрхөөр бичих болжээ. 1911 онд Философийн асуудлууд нэртэй удиртгал зохиолыг бичсэнээс тэрээр жирийн хүмүүст хэцүү сэдвүүдийг тайлбарлах чадвартайгаа мэдэрч, Principia Mathematica-г уншиж ойлгох чадвартай цөөн тооны хүнд бус, олон нийтэд зориулсан байдлаар зохиолуудаа туурвих болжээ.

Моррелтой холбоо тогтоосон тэр жилдээ Лудьвиг Виннгенштеэйн хэмээх Рассел доор Кэмбрижид логик судлахаар ирсэн Австрийн залуу философичтой уулзжээ. Виттгенштэйн нь маш хурдан ахиц гаргаснаар жилийн дотор Рассел түүнийг философийн ирээдүй хэмээн үзэх болж, логикийн тухай асуудал гарахад Виттгенштэйн рүү шилжүүлэх болжээ. Гэвч 1921 онд Виттгенштэйний гаргасан Logisch-philosophische Abhandlung (Tractatus Logico-Philosophicus, 1922) бүтээл нь Расселийн логикт хандуулсан хандлагыг тэр чигээр нь няцаажээ. Үүнийг судласнаар Рассел нь логикийн “үнэн” хэмээх зүйл байдаггүй гэдэгт итгэх болж, логик бол тэр чигээрээ тавтологиос бүрддэг, эдгээрийн үнэн нь үүрдийн үнэн биш, хэлний мөн чанарт оршино гэх болжээ. Үүний үр дүнд Расселийн Пифагороос холдох эцсийн алхам болж, техникийн философийг хаях болсон бас нэг түлхэц болж өгчээ.

Улс төр, нийгмийн зүтгэлтэн[засварлах | edit source]

Дэлхийн нэгдүгээр дайны үед Рассел нэг үе улс төрийн ухуулгад бүх цагаа зарцуулж, энх тайвны төлөө, цэрэг татлагыг эсрэг тэмцэж байжээ. Түүний үйлдлүүдийг Британийн удирдлага тагнах болж, хорлон сүйтгэх чанартай хэмээх үзжээ. Хоёр ч удаа шүүхэд өгч, хоёр дахь удаад зургаан сар хоригдох ял авсанаар дайны төгсгөл үед шоронд суужээ. Дайны эсрэг явуулсан ухуулгаас үүдэж 1916 онд Тринити коллеж дахь багшийн албаас халагджээ. Дайн дууссаны дараа ажлыг нь эргүүлэн өгөх оролдлого хийсэн ч Рассел үүнээс татгалзаж, сэтгүүлч, зохиолчоор ажиллах хүсэлтэйгээ мэдэгджээ. Дайн нь Расселийн улс төрийн үзэлд маш томоор нөлөөлж, либералист үзлээ орхиж социалист үзлийг баримтлах болжээ. Тэрээр “Нийгмийг шинэлчэх зарчим” (1916), “Эрх чөлөөний зам” (1918), “Аж үйлдвэржсэн нийгэмшлийн ирээдүй” (1923) номнуудаа өөрийн үзлийн тухай бичжээ. Тэрээр анх 1917 оны Октябрийн хувьсгалыг дэмжиж байсан ч 1920 онд ЗХУ-д аялсанаар Зөвлөлтийн коммунизмийг үзэн ядах байдалд хүргэж, “Болшевист үзлийн онол ба практик” (1920) номондоо энэ тухайгаа бичжээ.

1921 онд хоёр дахь эхнэр, Кэмбрижийн Гиртон коллежийн төгсөгч Дора Блэктэй сууж, Жон, Кэйт гэсэн хоёр хүүхэдтэй болжээ. Хоёр дэлхийн дайны хоорондын жилүүдэд Рассел, Дора нар нь шашин, тухайн үеийн ёс суртахуунлаг чанарыг эсрэг, боловсролын тогтолцооны шинэчлэлийг дэмждэг дэвшилтэд социалист хөдөлгөөнийг ахлах болсноороо алдаршжээ. Энэ үед Рассел нь ихэнхдээ сэтгүүлзүй, нийтийн хүртээл болсон номыг бичсэн ба “Боловсролын тухай” (1926), “Гэрлэлт ба ёс суртахуун” (1929), “Аз жаргалыг даван туулах нь” (1930) гэх мэт зохиолууд нь бестселлер болсоноор олон нийт дунд тухайн цаг үеийн ёс суртахуун, улс төр, нийгмийн асуудын талаар ярих зүйлтэй философич хэмээн мэдэгдэх болжээ. Түүний 1927 онд тавьсан “Би Христийн шашинтан биш болсон шалтгаан” илтгэл нь олон удаа хэвлэгдэн гарч, атеист рационализмийн сонгодог бүтээлүүдийн нэгд тооцогдох болжээ. 1927 онд Бийкон Хилл нэртэй сургуулиа нээсэн нь бага насны боловсролын анхны туршилтуудынг нэг болжээ. Үүнийгээ нээх хөрөнгийг босгохын тулд АНУ-д хэд хэдэн лекцийн аялал хийжээ.

Энэ үед Расселийн хоёр дахь гэрлэлт хүнд байдалд оржээ. Хэт ажиллаж байснаас гадна Дора нь өөр эрэгтэйтэй дахин хоёр хүүхэдтэй болж Жон, Кэйтийн хамт өсгөнө хэмээн шаардаж байв. 1932 онд Дораг орхиж Патришиа Спенс гэсэн Оксфордын Их Сургуулийн залуу оюутантай учирснаар гурван жилийн турш Дорагаас салахаар шүүхээр явж, 1937 онд л салжээ. Дараа жил нь Спенстэй гэрлэж, 1937 онд Конрад гэсэн хүүтэй болжээ. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон жилүүдээсээ ядрах болсноор 66 настайдаа академик философи руугаа эргэн орж, АНУ-ийн Чикагогийн Их Сургуульд багшлах болжээ. 1938-аас 1944 он хүртэлтэрээр Чикаго болон Лос Анжелес дахь Калифорнийн Их Сургуульд багшилсан ба Нью-Йоркийн Сити Коллежид багшлах гэж оролдсон ч секс, гэрлэлтийн тухай түүний үзлээс болж ажиллуулахгүй байв. Тэрээр Санхүүгийн хувьд хэцүү байдалд орсоноор Филаделфи дахь Барнес санд философийн түүнийн тухай заах болжээ. Дарга Алберт Барнестайгаа санал зөрөлдөх болж, ажлаа алдсан хэдий ч тус санд тавьсан илтгэлүүдээ “Барууны философийн түүх” (1945) нэртэй ном болгож хэвлүүлсэн нь бестселлер болж, түүний орлогын гол эх үүсвэр болжээ.

1944 онд тэрээр Тринити коллежид эргэн ирж философийн салбарт оруулсан сүүлийн хувь нэмэр болсон санаануудынхаа тухай илтгэл тавьжээ, үүнийг “Хүний мэдлэг: Түүний цар хүрээ ба хязгаар” (1948) нэртэйгээр хэвлүүлжээ. Энэ үед Рассел анх удаа Британийн удирдлагаас үнэлүүлж, 1949 онд Order of Merit шагналыг, 1950 онд Уран зохиолын Нобелийн шагналыг хүртжээ. Гэвч хувийн амьдрал нь асуудалтай хэвээр байсаар 1949 онд гурав дахь эхнээрээсээ салжээ. Богино хугацааны туршид Лондоны Ричмонд-апон-Тэмсд хүү Жоны гэр бүлийн хамт амьдарч, философи, улс төрөөс бүрэн салж богино зохиол бичиж байжээ. Гэвч зохиомол үлгэр бичих авъяасгүй байсаар түүнийг дэмжигчид нь хүртэл зохиолуудыг нь тоохгүй байжээ.

1952 онд Эдит Финч нэртэй дөрөв дахь эхнэртэй болсноор 80 настайдаа тогтвортой хувийн амьдралтай болжээ. Рассел нь амьдралынхаа сүүлийн жилүүдэд цөмийн зэвсэг, Вьетнамын дайны эсрэг ухуулгад оролцож байжээ. Хөгшин насандаа бослогод оролцсоор байсан нь түүнийг шинэ үеийн дунд олон дэмжигчтэй болгожээ. 1961 онд 89 настай Расселийг дахин хорих болсон нь энэ дэмжлэгийг улам ихэсгэжээ.

Рассел 1970 онд нас барахад математикч, философич гэхээсээ илүү энх тайвны төлөөх тэмцэгч гэдгээрээ илүү алдартай байжээ. Ирээдүй хойч үед философид оруулсан хувь нэмэрээрээ санагдах болох нь тодорхой буйзаа.

Номзүй[засварлах | edit source]

Гадаад холбоос[засварлах | edit source]