Олноо Өргөгдсөн Монгол Улс
ᠣᠯᠠᠨᠠ ᠡᠷᠭᠦᠭᠳᠡᠭᠰᠡᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ Олноо Өргөгдсөн Монгол Улс Богд Хаант Монгол Улс | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
| |||||
Албан хэл | Монгол | ||||
Нийслэл | Нийслэл Хүрээ | ||||
Төрийн хэлбэр | Хаант засаг | ||||
Засаглалын хэлбэр | Шашин төрийг хосолсон хэмжээгүй эрхт хаант улс | ||||
Төрийн тэргүүн | VIII Богд Жавзандамба хутагт | ||||
Засгийн газрын тэргүүн | Ерөнхий Сайд:
| ||||
Газар нутгийн талбай – 1924 |
1.8[1] сая км² | ||||
Хүн ам – 1924 |
542.000 | ||||
Мөнгөн тэмдэгт | Монгол доллар | ||||
Оршин тогтносон | 1911–1924 он | ||||
Төрийн дуулал | Зуун лангийн жороо луус | ||||
Олноо Өргөгдсөн Монгол Улсын түүх |
| ||||
Цагийн бүс | ГЦ+7, ГЦ+8 | ||||
Утасны бүсчлэлийн дугаар | +976 | ||||
Монголын түүх |
---|
Олноо Өргөгдсөн Монгол Улс (түүхэн бичиглэлд — Богд Хаант Монгол Улс) нь 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар Манж Чин улсаас тусгаар тогтнолоо зарласан, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дараах улс[2][3].
1911 оны 12 сарын 29-нд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээв. Анхны Засгийн газрыг таван яамтай байгуулсны нэг Сангийн яамны тэргүүн сайдаар Түшээт Засаг, ван Гадинбалын Чагдаржавыг (Одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул) томилсон байна. Хаант Орос Улсаас зарим тусламж авч Хятадуудын эсрэг Таван замын байлдаан хийж тулалдаж, улмаар Өвөр Монголыг нэгтгэх зорилт тавьж байсан боловч амжилтгүй болсон байна. Мөн Тагна Тува, Буриадыг нэгтгэх бодлого тавьж байжээ.
ОӨМУ байгуулагдахад барга монголчууд, Шинжаан дахь Илийн хязгаарын 26 ойрад хошуу, Дээд монголчуудын 26 хошууны 24 нь, Өвөр Монголын 49 хошууны 35 нь өргөх бичиг илгээн дагаар оржээ. Харин Өмнөд Монголын хятаджсан зүүн өмнөд хошуунууд Монголд дагаар ороогүй байна. Таван замын байлдаанаар Өвөр Монголын ихэнх хэсгийг чөлөөлсөн ч 1915 оны Хиагтын гэрээгээр Монголын нутгийг Халх, Дарьганга, Тагнын Урианхайн хязгаар (Хөвсгөлийн Урианхай орно), Ховдын хязгаарыг оролцуулан тогтоожээ.
Олноо Өргөгдсөн Монгол Улсын үед орчин үеийн олон шинэчлэлүүдийг хийсний дотор байнгын мэргэжлийн арми байгуулах, холбоо харилцааны газар, сургууль байгуулан, хэвлэлийн эхийг тавьсан байна[4][5].
Түүх
[засварлах | кодоор засварлах]Мөхөж байсан Манж Чин улсыг хуваан хагас колони хараат орон болгосон том гүрнүүд, манжийн хаанчлал халагдаж, ерөнхийлөгчийн засаглалтай Бүгд найрамдах Дундад Иргэн Улс 1911 оны арван хоёрдугаар сард байгуулагдсаны дараа ч нөлөөний хүрээгээ өргөтгөхийн төлөө өрсөлдсөөр байлаа. Буриад монголыг өөртөө нэгтгээд, тариачдаа суурьшуулан Манж Чин улстай хаяа нийлэн хиллэх болсон Орос улс 1907, 1910 онд Гадаад Монгол дахь "тусгай эрх ашгаа" Япон улсаар зөвшөөрүүлэн байр сууриа бэхжүүлж, улмаар Урианхайн хязгаарыг авахаар тэмүүлж байв. Гэвч Япон, АНУ, Герман зэрэг орнууд мөн монголын газар нутаг, худалдааны боломжийг судлан, хятадын худалдаачдаар зуучлуулан бараагаа борлуулж, оросуудыг шахаж, алт нүүрсний уурхай байгуулах боллоо.
Япон улс мөн Солонгос дахь "тусгай эрх ашгаа" Оросоор зөвшөөрүүлээд, Манжуураар дамжуулан Ази тивд нөлөөгөө ихэсгэж байсан тул Орос улс монголтой хиллэсэн хилийнхээ дагуу цэргийн ангиудаа байрлуулсан байлаа. Хүчирхэг гүрнүүдийн Алс Дорнод, Хятад дахь дайн, Орос, Хятадын хувьсгалт хөдөлгөөн манжийн зах хязгаар монголд нөлөөлж, зах зээлийн харилцаа нэвтэрч, гадаад орны үйлдвэрийн бүтээгдэхүүн шинэ сонин хачин зүйлс монголчуудыг гайхшруулан хоцрогдлыг нь ойлгуулж байв. Манжийн төрийн "Шинэ засгийн бодлого" монголчуудын "үндсийг таслах, шашныг сөнөөх" -д чиглэж, тусгаар тогтнолын төлөө босох нөхцөлийг бүрдүүллээ.
1911 оны зун VIII Богд Жавзандамба хутагтад бат оршил өргөх үеэр зөвлөлдөн манжийн эрхшээлээс ангижрахаар шийдвэрлэсэн Ар монголын ноёд, дээд лам нар чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийг Орос улсад одуулав. Жавзандамба хутагт, Халхын хан нар нэр хамтарсан бичигтээ Гадаад монгол, Өвөр монгол, Барга, Урианхайн хязгаарыг багтаасан Их Монгол улсыг байгуулахдаа Орос улсаас тусламж авах, худалдааны зэрэг харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Монголын төлөөлөгчдийг Орос улсын Гадаад явдлын яамны хэргийг түр эрхлэгч А.Нератов, Сайд нарын зөвлөлийн дарга П.А.Столыпин, II Николай хаан хүлээн авч уулзжээ. Оросын засгийн газар манжаас тусгаарлахыг дэмжилгүй, "Шинэ засгийн бодлого"-ыг зогсооход Хятад Монголын хооронд зуучлах амлалт өгсөн байна. Тэр үед Бээжинд сууж байсан элчин Коростовец, Оросын Гадаад явдлын яамны Алс Дорнодын газрын дарга, Монголын талаарх бодлогод шийдвэрлэх үүрэгтэй байсан А. Козаковт хэд хэдэн чухал санаа хэлж нөлөөлөхийн зэрэгцээ, шинэ засгийн бодлогоо зогсоохыг хятадуудаас шаардаж байв.
Монголчууд мөн оныхоо 12-р сард Хүрээний манж амбаныг нутаг буцаан засаг захиргааг нь халаад 29-ны өдөр тусгаар тогтносон улсаа тунхаглаж, оны цолыг Олноо өргөгдсөн, улсын нэрийг Монгол Улс хэмээн зарлаж, Монгол улсын шашин төрийг хослон баригч Богд хаанд Жавзандамба хутагтыг өргөмжлөн, соёмбот шар тугаа мандуулав[6][7].
Ийнхүү "монгол овогтон бүгдээрээ нийлж өөртөө улс болон тогтнож шашнаа мандуулах" , Монголын тусгаар тогтнолыг хоёр их хөрш болон бусад орнуудаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө уйгагүй тэмцлээ[8]. Манж Чин гүрний захиргаанд байсан монгол овогтнууд Хүрээний засгийн газарт нэгдэхээ илэрхийлэн дагаар орж байсан боловч, дөнгөж байгуулагдаж байсан Дундад Иргэн Улс өөрийгөө Манж Чин улсыг залгамжлагч, монголыг өөрийн нэг муж гэж үзэж байв. Богд хааны засгийн газар Франц, Англи, Герман, Америк, Япон зэрэг улсын засгийн газарт тусгаар тогтнолоо сэргээсэн тухайгаа мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй ба дэлхийн бусад улсуудтай холбоо тогтоох явдалд Орос, Хятад хоёр ихээхэн саад тавьж байв.
1912 оны нэгдүгээр сарын 21-нд Улиастай хотын манж жанжин, сайд нар бууж өгсөн ба Хатанбаатар Магсаржав гүн, Манлайбаатар Дамдинсүрэн гүн, Тогтох гүн, Хайсан гүн, Дамбийжанцан, Жалханз хутагт Дамдинбазар нарын удирдсан цэргүүд хятад цэрэгтэй 3 сар гаруй тулалдаж, 1912 оны наймдугаар сарын 7-д Ховд хотыг бүрэн чөлөөлснөөр баруун хязгаарт манжийн засаг захиргааг устгасан байна. Гэвч Дундад Иргэн Улс монголын хувьсгалыг дарахаар Ховд руу цэрэг хөдөлгөв. Орос улс 1912 оны 5 дугаар сарын 6,14,18-нд Гадаад яамандаа зохион байгуулсан яамдын уулзалт дээрээ монголын асуудлаар баримтлах гурван гол зарчмаа тодорхойлжээ. Эдгээр нь: 1-д Хятадын Бүгд найрамдах улсын сюзеренитет дор Богд хаантай автономит Гадаад монгол улсыг байгуулах, 2-д автономит Гадаад монголд хятад гурван онцгой баталгаа өгөх, тухайлбал Гадаад монголд цэрэг оруулахгүй байх, колоничлохгүй байх, хятадын засаг захиргаа байгуулахгүй байх, 3-д Орос нь Гадаад монголд эдийн засгийн онцгой эрх, сонирхол олж авах байв. Дээрх зарчмыг тодорхойлоход Казаков, Нератов, элчин Коростовец нар гол үүрэгтэй байжээ. Ийнхүү Гадаад монголыг хятадтай харилцах автономит эрхтэй завсрын бүс болгохоор шийдэж хэрэгжүүлсэн юм.
Орос улс XIX зууны дундаас шинжилгээний ангиа монголд илгээж материал цуглуулан, газрын зураг зэрэг хэрэглэгдэхүүн хийж ашиглаж байв. Дээрх газрын зургийг хийхэд оролцсон В.Л.Котвич Сангийн яамны Дорнод хэлтсийн тасгийн эрхлэгч байлаа. Энэ хэлтэс нь Азийн орнуудыг судлан Орос улсын нөлөөг улам бэхжүүлэх зорилготой байв. Мөн Сангийн яамыг Төв, Зүүн Азийг судлах "Оросын хороо"-нд төлөөлж байжээ. Дорно дахины судлаачид, засгийн газрын болон нэртэй хувь хүмүүс оролцож, ивээн тэтгэж байсан тус хороонд И.Я.Коростовец Гадаад явдлын яамыг төлөөлж байжээ. Котвич Азийн хэд хэдэн оронд оросын байгууллага, пүүсийг байгуулахад оролцож байсан тул улс төр, эдийн засгийн асар их өөрчлөлтийн тавцан хятад, монголын байдлыг сайн мэдэж байлаа.
Котвич 1912 оны хавар (1912 оны 7 дугаар сарын 14-нд буцах замдаа захиа бичсэнээс үзэхэд) Ж.Цэвээн, К.М.Масков нарын хамт монголын хойд хэсэг, Орхон голын сав нутгаар хээрийн шинжилгээний ажлаар явж, монгол, түрэг хэлний үсэг бичгийн судалгаанд чухал хувь нэмэр оруулсан байна. Тэрээр Хүрээ, Монголын төв болон баруун аймгуудаар явж байхдаа сүм хийдийн төлөөлөгчид, янз бүрийн давхаргын хүмүүстэй уулзаж, тэр үеийн монголын амьдрал ахуй, засаг захиргааны байгуулал, нийгмийн харилцааг ул үндэслэлтэй судалжээ. Түүнийг монголд байх үед Оросын Гадаад яаманд монголын талаарх бодлогыг тодорхойлсон уулзалт болжээ.
Гадаад монголыг XX зууны эхэн үеэс сонирхох болсон Япон юуны өмнө Өвөр монгол дахь нөлөөний хүрээгээ Оростой дахин баталж авлаа. Япон Орос хоёр 1912 оны 7 дугаар сарын 8-нд нууц конвенци байгуулж, Өвөр монголыг Бээжингийн уртрагаар (Гринвичийн 116 градус 21 минут)хоёр хувааж,түүний дорнод хэсгийг японы,баруун хэсгийг оросын нөлөөний хүрээ гэжээ. Энэ конвенцийн дараа Орос улс, монголын талаар 5 дугаар сард тодорхойлсон зарчмуудаа 8 дугаар сарын 15-нд яамдын сайдууд, II Николай хаанаар хүлээн зөвшөөрүүлээд засгийн газрынхаа бүрэн эрхт төлөөлөгчөөр Коростовецийг Хүрээнд томилов.
Коростовец 1912 оны 9 дугаар сард Нийслэл Хүрээнд иржээ. Оросын талаас Коростовец, монголын талаас да лам Цэрэнчимэд толгойлж байсан төлөөлөгчид Монгол хэмээх нэрэнд хамааруулах газар нутаг, статусын талаар маргалдаж, Коростовец хурал хаяж байсан боловч гэрээнд гарын үсэг зуржээ. Коростовец"Гадаад монгол" гэсэн томьёоллоос "Гадаад" гэсэн үгийг хасч, өргөн утгаар ойлгож болох "Монгол" гэсэн үгийг орос эхэд, "Монгол улс" гэсэн томьёоллыг монгол эхэд хэрэглэхийг зөвшөөрөх, "автономия" гэсэн грек гаралтай үгийг монгол эхэд "өөртөө тогтнож", "өөртөө эзэрхэх" ёс журам хэмээн хөрвүүлэхийг үл татгалзах зэрэг буулт хийсэн байна. Ийнхүү хоёрдмол утгатай болсон боловч, Хаант Оростой бие даан гэрээ байгуулсан нь монголын хувьд маш чухал ач холбогдолтой байлаа.
1912 оны 12 дугаар сард хятадын цэрэг Ховд руу дөхөж ирэхэд Орос болон түүний холбоотой Англи, Япон хятадад шахалт үзүүлэн цэргийг нь гэдрэг татуулсан байна. Өвөр монголд түрэмгийлсэн хятад цэрэгтэй Хүрээнээс илгээсэн монгол цэрэг 1913 оны турш өвөр монголчуудтай хүч хавсран амжилттай тулалдаж байсан боловч, Орос улс өвөрмонголоос цэргээ татсан тохиолдолд Монголд үзүүлэх тусламжаа үргэлжлүүлнэ гэсэн болзол тавьсан тул Хүрээний засгийн газар 1913 оны арван хоёрдугаар сард арга буюу цэргээ эргүүлж татахад хүрчээ. Хаант Орос Улс «Танай улс учиргvй их улс болохыг бүү яар. Гагцхүү тогтнохыг хичээх нь эрхэм!» гэж зөвлөж, их цэргээ татахыг Хятадын засгийн газрын түлхээсээр шаардаж байсан.
Олноо Өргөгдсөн Монгол Улс гэсэн нэр нь бүх монголчуудыг захирах улс гэсэн утгатай тул Орос улс энэ нэрийг эрс эсэргүүцэж байжээ. Америк, Европ тивийн улсууд Монгол улс байгуулагдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд Хятадыг дэмжвэл ашигтай гэж үзэж байв. Иймээс ч Англи улс Монгол хэрвээ тусгаар тогтновол Төв Азийнхан монголчуудын жишгээр тэр чигтээ бослого гарган салан тусгаарлаж, дэлхийн колоний дэглэмийг нураах аюултай тул монголчуудын тусгаар тогтнолыг устгах, бүх монгол угсаатны нэгдсэн улс байгуулагдахыг эсэргүүцэн хориглохыг Орост зөвлөжээ. Оросын гадаад харилцааны сайд Сергей Дмитриевич Сазанов Монголын талаарх бодлогоо "Өөрийн улсын хил дээр цэргийн хувьд хүчирхэг улсыг батжуулан бэхжүүлэхгүй байх" гэж томъёолсон байдаг.[9][10]
Хүрээний гэрээнд сэтгэл ханамжгүй байсан монголчууд Оросын засгийн газрын удирдлагатай биечлэн уулзуулахаар Ханддорж тэргүүтэй хоёр дахь төлөөлөгчдөө (1912 оны 12 дугаар сараас 1913 оны 3 дугаар сар) явуулж, Ховдын хязгаарыг Монголд нэгтгэхийг Оросоор зөвшөөрүүлжээ. Мөн Орос улс монголын асуудлаар Хятадтай хэлэлцээ хийж байгааг мэдээд, Богд 1913 оны 5 дугаар сард Коростовецэд эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Үүний дараахан 1913 оны 6 дугаар сард Коростовец нутаг буцжээ. Ийнхүү Орос, Хятадтай Гадаад монголын хил хязгаар, статусийн талаар тохиролцож байх үед Коростовец монголын газрын зураг хийхэд оролцож байсан байна. Тэрээр монголд хийсэн тэмдэглэл, бусад материалаа ашиглан 1915 онд Санкт-Петербургийн ойролцоох Царское село-д "Монголд 9 сар: дипломат төлөөлөгчийн тэмдэглэл" дурсамжаа бичжээ.
Орос хятадын хэлэлцээ үе үе тасалдаж, дахин сэргэсээр жил гаруй болж, 1913 оны 10 дугаар сарын 23-нд (11 дүгээр сарын 5) Бээжин хотноо Орос -Хятадын тунхаглалд гарын үсэг зурж, нот солилцсон байна[11]). Орос улс хятадаар Гадаад монголын автономийг зөвшөөрүүлжээ. Нот бичигт: Гадаад монголын өөрөө засах газрын хязгаарыг зүй нь урьдын Чин улсын Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайд, Улиастайн жанжин, жич Ховдын сайдын захирсан хязгаараар хэмжээ болговоос зохимуй. Гагцхүү одоо нарийн нягт газрын зураггүй бөгөөд харьяат олон газрын засгийг явуулах газрын хязгаар хэмжээг бас тодорхойлон хуваагаагүй тул Гадаад монголын зах хязгаарыг лавлан .... хойч өдрөө зөвлөн тогтоовоос зохимуй" гэж заасан байна. Ийнхүү автономитийн хамрах нутаг нийт "Монгол" биш, зөвхөн Гадаад монгол" болжээ. Энэ нь Гадаад монголын хилийн асуудалд орон бүр өөр өөр саналтай байсныг харуулж байна.
Үүний дараахан 1913 оны 11 дүгээр сарын 5-наас 1914 оны 1 дүгээр сарын 5-н хүртэлх хугацаанд Орост очсон Монголын засгийн газрын төлөөлөгч Сайн ноён хан Намнансүрэн тусламж хүсэхийн зэрэгцээ Барга ба Өвөр монголыг оролцуулан Монгол улсын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэхийг цөхрөлтгүй оролдсон юм. Сайн ноён хан Петербургт сууж байсан хятадын элчинд тусгай нот бичгээр: "... уул эзэн нь болох монголын газар нутгийг уг улсад эзэмшүүлж, хилийг тодорхойлохдоо зах нийлж байгаа бүх монголчуудыг оруулсан тийм хил хязгаараар хүлээн зөвшөөрөхийг шаардах болно" гэж байр сууриа илэрхийлжээ. Сайн ноён хан Намнансүрэн монголыг мэдэх, өөртэй нь болон да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Хайсан гүн зэрэг нөлөө бүхий хүмүүстэй бичиг захидлаар харилцаж байсан Котвичийг чин вангийн зэргийн, алтаар хийсэн эрдэнийн Очир одонгоор шагнаж, Монголд санхүүгийн зөвлөхөөр томилуулах саналтай байсан боловч оросууд С.А.Козиныг явуулахаар шийджээ. Котвич 1913 оны гуравдугаар сарын 28-нд монголд хийсэн аяллынхаа тухай Эзэн хааны оросын газар зүйн нийгэмлэгийн хуралдаанд танилцуулсан бөгөөд монголд гурван сар орчим байхдаа хийсэн ажлаа нэгтгэн "Орчин үеийн монголын түүх улс төрийн хураангуй" (Петербург.1914) гэдэг ном бичсэн байна.
Хиагт хотод 9 сар гаруй үргэлжилж, 1915 оны зургаадугаар сард дууссан Орос, Монгол, Хятад гурван улсын гэрээгээр Орос Хятадын тунхаглалаар зөвхөн Гадаад монголыг Дундад Иргэн Улсын эзэн эрхийн (сюзеренитет) дор орших автономит улс, Орос улсын ивээл хамгааллын (протекторат) нутаг гэж тохирсоноо монголд тулган хүлээлгэсэн юм. Богд хааны засгийн газар "Монгол улс" нэрийг хэрэглэхээс татгалзахад хүрчээ. Өвөр монгол нь хятадын нэг хэсэг болсон байна.
Орос хятадын тунхаглалаар тогтоосон Автономит монголын газар нутгийн Өвөр монголтой хиллэх заагийн асуудал "хурлыг эхлэх, тараах гол асуудал" болж байв. Бээжингийн хэлэлцээний үеэр яригдсан, Гадаад монголын хил болон баримтлах газрын зургийн асуудал Хиагтын хэлэлцээр дээр ч шийдэгдэж чадаагүй юм. Хятад өөрсдийн хийсэн бичгээ санал болгож, хилийн онц тэмдэгтэй газруудыг тодорхойлон бичүүлэхгүй гээд, газрын зураг баримтлахыг эсэргүүцэж байв. Оросууд манжийн эзэнт гүрний үед Өвөр монголын хилийг зааглан тогтоосныг үндэслэн харьяалах газрыг тогтоон, Хятад улс Ар монголтой хиллэх хилийн шугамыг хавсралт зургуудад улаан хөх өнгөөр зурж тэмдэглэхийг санал болгожээ. Харин "Орос монголын хилийг хэлэлцэж үл болмой" гэсэн цахилгааныг Монголын Бүгд ерөнхийлөн захирах яаманд явуулж, санаснаараа болгожээ.
Монголын төлөөлөгчид нийт монголчуудыг хамарсан тусгаар Монгол улсын хилийг зааглан тогтоохдоо Орос улсын засгийн газар, түрүүчийн манжийн засгийн газраас гаргасан хил хязгаарын газрын зургийн дагуу нарийвчлан шалгаж тогтоох, Орос Монгол хоёр улсын хилийг улаан шар өнгөөр тэмдэглэх, Хятад Монгол улсын хилийг бор шаргал өнгөөр тэмдэглэж гарын үсэг тамга дарж баталгаажуулахыг зорьсон байна. Манж, Оросын хийсэн газрын зургууд нь эртнээс амьдарч ирсэн газар нутгаа тэмдэглэж ирсэн монголчуудын өвөрмөц газрын зурагтай ойролцоо байсан бололтой. Монголчуудын газрын зураг нь хилийн овоо нэг бүрийг нарийн тодорхойлсон зургийн өгүүлэл цэс хэмээх баримт бичигт үндэслэсэн, их төлөв улаанаар хилийн зааг шугам, харуул, өртөө зэргийг зурсан байдаг байв. Гэвч олон улсын жишгээр хийсэн зураг байсангүй.Шинэ тулгар төрийн гадаад байдал тун эгзэгтэй байсан бөгөөд олон улсад тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө ихээхэн хүч чармайлт тавьж байсан юм.
Гэвч 1915 онд Хятад, Орос, Монгол гурван улсын гэрээ гэдгээр Монголыг Хятадын автономит улс болгохыг тулгасан боловч Монголын төлөөлөгчид үүнийг үл зөвшөөрч, Хятадын сузернитетийг зөвшөөрнө гэдгээ гэрээнд тусган бичсэн байна. Гурван этгээд өөр өөрийн байр сууриа баримталсаар байсан тул хэлэлцээр мухардалд орж байв. Гэвч японы түрэмгийлэлд шахагдаж байсан хятад, хүчинд автагдсан монголыг гэрээнд гарын үсэг зуруулах талаар Орос улс чармайлт гаргасны дүнд хэлэлцээр дууссан байна. Энэ гэрээгээр тогтоосон монголын автономийг 1919 онд Хятадын генерал Сю Шүжан Их Хүрээнд халдан орсоноор унагажээ[12]. Энэхүү халдлага нь нийт Монголчуудын дургүйцлийг хүргэж Их Хүрээнд улс төрийн нууц бүлгэмүүд байгуулагдав. Хятад цэргийн хүчийг задалж, Монголын автономит засаг сэргэн тогтоход Оросын цагаантны генерал Унгерн чухал үүрэг гүйцэтгэсэн ч цаашдын зорилго, үйл ажиллагаа нь Монгол орны байдлыг хүндрүүлж, үндэсний эв нэгдлийг бусниулах аюулыг буй болгосон юм[13]. Энэхүү хоёр бүлгийн үйл ажиллагааны үр дүнд 1921 онд хувьсгал гарч Зөвлөлт Оросын дэмжлэгтэйгээр тусгаар тогтнолоо дахин зарлаж чадсан юм. 1921 оны долдугаар сарын 11-ний өдөр Богдыг Монгол Улсын эзэн хааны ширээнд дахин залах ёслол болов. Энэ бол гурав дахь удаа байлаа.
Өмнөх хоёроос ялгарах зүйл нь энэ ёслол хуурамч байсанд оршино. Учир нь яг энэ өдрөөр Богд хааны улс төрийн амьдрал дууссан юм. Энэхүү үйл явдлаар Богдыг хэмжээт эзэн хаанаар өргөмжилсөн нь Богд болон монголчуудад бус зөвхөн Оросын улаан засаг, түүний хүүхэлдэй болсон ардын засгийнханд Богд хааны нэр сүр, алдар хүндийг ашиглахад хэрэгтэй байлаа. Ард олонд Богд хааны нэрийг барьж, өөрийн бодлогоо тулгах явдал Ардын нам, улаан армийнхан Монголын хил даван орж ирсэн цаг мөчөөс эхэлсэн юм[14]. Тангарагийн гэрээ 1921 оны 11 дүгээр сарын 1-нд батлагджээ, Ардын Засгийн газар ба хэмжээт цаазат Богд хааны хоорондын харилцааг зохицуулсан дүрэм. 1921-1924 онд ардын төрөөс хэрэгжүүлсэн улс төр нийгэм, эдийн засгийн гол арга хэмжээ бол 1921 оны хувьсгалын ололтыг бэхжүүлж, Богд хаант төрийн хууль тогтоомж хэв хэмжээг бүрмөсөн халж, үндсэн хуульт Бүгд Найрамдах байгуулал тогтоох явдал байжээ[15].
Засаг захиргааны хуваарь
[засварлах | кодоор засварлах]-
Ерөнхий Сайд Төгс-Очирын Намнансүрэн
-
Дотоод хэргийн Сайд Да лам Цэрэнчимэд
-
Гадаад хэргийн Сайд Минжиддоржийн Ханддорж
-
Шанзавын яамны Сайд Гончигжалцангийн Бадамдорж
-
Гадаад хэргийн дэд Сайд Манлайбаатар Дамдинсүрэн
-
Баруун хязгаарыг тохинуулах Сайд Содномын Дамдинбазар
-
Сангийн яамны Сайд Гадинбалын Чагдаржав
-
Цэргийн яамны Сайд Ваанчигийн Гомбосүрэн
-
Шүүх яамны Сайд Мижиддоржийн Намсрай
Богд Хаант Монгол Улс нь 4 аймаг, 2 хязгаар бүхий засаг захиргааны үндсэн нэгжтэй байсан ба аймаг, хязгаар нь хошуудад болон шавь гэсэн нэгжүүдэд хуваагддаг байжээ.
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
Засагт хан аймаг | Түшээт хан аймаг | Сэцэн хан аймаг | Сайн ноён хан аймаг |
---|---|---|---|
|
* Ачит засгийн хошуу
|
* Ачит засгийн хошуу
|
|
- Үйзэн засгийн хошуу
- Эрдэнэ засгийн хошуу
- Мэргэн засгийн хошуу
- Түшээ засгийн хошуу
- Хурц засгийн хошуу
- Эетэй засгийн хошуу
- Жонон засгийн хошуу
- Эрх засгийн хошуу
- Баатар засгийн хошуу
- Дайчин засгийн хошуу
- Саруул засгийн хошуу
- Дөрвөдийн Зоригт ханы хошуу
- Ерөөлт засгийн хошуу
- Сүжигт засгийн хошуу
- Дөрвөдийн Далай ханы хошуу
- Бишрэлт засгийн хошуу
- Мянгад дайчин засгийн хошуу
- Ховдын тариачин хошуу
- Өөлдийн үйзэн засгийн хошуу
- Алтайн урианхайн Зүтгэлт засгийн хошуу
- Алтайн урианхайн Эетэй засгийн хошуу
- Алтайн урианхайн Зоригт засгийн хошуу
- Алтайн урианхайн Итгэмжит засгийн хошуу
- Алтайн урианхайн Ёст засгийн хошуу
- Алтайн урианхайн Саруул засгийн хошуу
- Алтайн урианхайн Дархан засгийн хошуу
- Торгууд тайжийн хошуу
- Хошууд засгийн хошуу
- Захчин бэйлийн хошуу
- Захчин гүний хошуу
- Торгууд бэйлийн хошуу
- Торгууд вангийн хошуу
Нийгэм
[засварлах | кодоор засварлах]Мөн тухайн үеийн Богд Хаант Монгол Улс нь шашин, төрийг хослуулсан теократ төртэй байсан ажээ[16].
Соёл
[засварлах | кодоор засварлах]Богд хааны үлдээсэн их өв дээр тулгуурлан Монголын түүх, соёл, шинжлэх ухааны олон байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний нэг нь Монгол улсын ууган музейн нэг Богд хааны ордон музей юм.
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]Богдын засгийн газарт улсын орлого, зарлага, санхүү, төсвийн зарцуулалтын тал дээр тодорхой ахиц гарсан гэж судлаачид үздэг юм. Мөн Засгийн газар 1914 оны гуравдугаар сард газар тариаланг ашиглах талаар журам гаргасан нь эдийн засгаа тэтгэх нэг бодлого болжээ.
Үндсэн хууль
[засварлах | кодоор засварлах]1911 онд өрнөсөн үндэсний чөлөөлөх хөдөлгөөн нь монголын эрх зүйн хүрээнд шинэчлэл хийх бололцоог олгож, манжийн засаг захиргааг халж өөрчлөн, 65 дэвтэр бүхий төрөлжсөн хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулж, Улсын дээд хурлаараа хэлэлцүүлэн Богд хаанаар батлуулаад нийтэд хэвлэн тараах арга хэмжээг авч байсан. Ингэж хууль тогтоомжийг боловсруулан гаргахдаа баруун европын улсуудын эрх зүйн туршлагыг харьцуулан судлаж ашигласан мэдээ бий.
Үүнээс улбаалан 1921 оны хувьсгалын дараа эрх баригчид барууны орнуудын эрх зүйг баримжаалан ажиллаж байсан байдаг. Энэ нь хувьсгалын дараахнаас эхлэн өрнөсөн тусгаар улсын Үндсэн хууль боловсруулах үйл явцын хүрээнд боловсруулагдсан гэх “Хэмжээт засагтай ард улсын Үндсэн хууль хэмээх баримт бичиг”-ийн төслөөс 1921 оны 11 дүгээр сарын 1-ний Ардын Засгийн газрын тогтоолоор “Богд хааны тухай зүйлүүд” гэсэн нэгдүгээр бүлгийг салганавч “Тангарагийн гэрээ” болгон баталснаар нотлогддог[17].
Зэвсэгт хүчин
[засварлах | кодоор засварлах]Торгон цэргийг захирах 4 аймгийн нэг нэг түшмэл байдаг байсан ба 1913 оноос аймаг тус бүрээс 50 цэрэгтэй болгожээ. Богд Хаанаас гадна Хатанбаатар Магсаржав, Жанжин Пунцаг, манлай ван Дамдинсүрэн нар торгон цэрэгтэй байжээ.
1913 оны 9 дүгээр сарын 17-нд Орос улсад одсон Монголын төр засгийн төлөөлөгч 26 хүний нэрсийн жагсаалтын сүүлийн хоёрт нь цэрэг, дарга Гонгор, цэрэг Цэрэнжанцан гэж бичсэн байдаг. Ийнхүү Орос улсад одох өндөр Гонгор, Цэрэнжанцан хоёрт дөчин тав, дөчин таван хурганы нарийн арьсаар доторлосон нацагдорж хээтэй хөх торгон дээл, жанжин малгай маягийн дөрвөн талт тоорцог /товь малгай/ өмсгөж, цэрэг урт сэлэм, модон хуйтай богино буу (маузер)зүүлгэн Ерөнхий сайд Намнансүрэнгийн хамт баруун, зүүн талд нь салалгүй дагах бие хамгаалагч цэргээр томилон явуулсан гэдэг.
Тухайн үед Богд хааны шадар цэрэгт байсан ардын журамт цэргүүдийн дурсамжаас зарим нэрсийг тодруулан хүргэвэл: Сумангийн дарга Дондов, сумангийн дарга Лувсанцэрэн, тавьтын захирал Лодон, аравтын захирал Баатардоржийн Гэндэн, салааны дарга Балжирын Загд, аравтын захирал Адъяа, шадар цэргийн дарга Нямаа, аравтын захирал Жигмидийн Пунцаг, аравтын захирал Мятавын Самбуудорж, Маанийн Базар, Жамц, Дүнчингийн Бат-Очир, өндөр хэмээх Гончиг, Дорж, Сундуй, Аюушийн Жимээ, Лувсан, Самбуу, Хасбаатар, Сундуй, Дондовцэрэн, Гомбосүрэн, Оожио, Намгарав, Санжийн Игнэн, Мэндийн Ламжав, Чойжинхүүгийн Гончиг, Лочингийн Чүлтэм-Осор, Ёстын Лувсан, Юмжавын Санжаажав нарын нэр, намтар одоогоор тодроод байна[18].
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Богд Хаант Монгол Улсын үед хүн амын тооллогыг явуулсан байна. Энэ нь хэдийгээр учир дутагдалтай гэж үздэг боловч Их Монгол Улсын үеэс хойш анх удаа хийгдсэн улсын хүн амын тоог гаргасан явдал байв. Богд хаант Улсын үед буюу 1918 онд явуулсан тооллогын дүнд дараах байдлаар хүн амын тоог тогтоосон байна. Үүнд:
- Сэцэн хан аймаг 101.792
- Түшээт хан аймаг 100.224
- Сайн ноён хан аймаг 133.860
- Засагт хан аймаг 70.241
- Дөрвөн аймаг дахь шавь нар 70.387
- Ховдын тойрог 50.000
- Хөвсгөл дэх Богд гэгээний эзэмшил 16.000
- Монголчуудын нийт дүн 542.504
- Үүн дээр Хятадууд 100.000
- Оросууд 5.000
- Бүгд нийлээд 647.504
Зураг
[засварлах | кодоор засварлах]-
1917 он хүртэл Монголчуудын газрын зураг
-
Хятадын цэргийн бүлэглэлүүд
-
Хятадын хувьсгал
-
Төв ба Зүүн Ази 1912-1928 он
-
Ази 1920 он
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Commons: Олноо Өргөгдсөн Монгол Улс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
- Монгольская революция 1921 г.
- Modern Mongolia, 1911-84 (англ.)
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Иван Яковлевич Коростовец: Von Cinggis Khan zur Sowjetrepublik. Eine kurze Geschichte der Mongolei unter besonderer Berücksichtigung der neuesten Zeit. Walter de Gruyter, 1926, S. 51. (Герман)
- ↑ William Elliott Butler. The Mongolian legal system: contemporary legislation and documentation. p.255
- ↑ Thomas E. Ewing, Revolution on the Chinese Frontier: Outer Mongolia in 1911, Journal of Asian History (Wiesbaden), v. 12, pp. 101–119 (1978). (англ.)
- ↑ Thomas E. Ewing. Between the Hammer and the Anvil. Chinese and Russian Policies in Outer Mongolia, 1911–1921 Bloomington, IN, 1980. p. 36.
- ↑ Tsedev, pp. 40, 46. (англ.)
- ↑ Батсайхан О. 2008. Монголын суулчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба. Улаанбаатар: Адмон
- ↑ Кузьмин С. Л. Русско-Монгольское соглашение 1912 г. и независимость Монголии. – Вестник Московского городского педагогического университета, серия "Исторические науки", № 1, 2015, с. 80-87 (орос.)
- ↑ History of Mongolia, Volume 5. Mongolian Institute of History, 2003.
- ↑ Bat Ochir baavain lekts 1 http://www.youtube.com/watch?v=twc9mF-oJow 08м:45с
- ↑ Istoriya Tuvy [History of Tuva], v. 1, pp. 354–55.
- ↑ 1913 г., октября 23. — Декларация России и Китая о признании автономии Внешней Монголии.
- ↑ Batsaikhan, O. The Last King of Mongolia, Bogdo Jebtsundamba Khutuktu. Ulaanbaatar: Admon, 2008, p.293 – ISBN 978-99929-0-464-0
- ↑ Нутаг орноо чөлөөлсөн нь
- ↑ ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭСНИЙ БАЯРЫН ӨДӨРТ (Memento 30. Арванхоёрдугаар сар 2019 цахим архивт) О.Батсайхан
- ↑ Төрийн ордны танилцуулга
- ↑ Монгол улсын нийгэм,эдийн засаг соёл 1911 он
- ↑ ТУСГААР ТОГТНОЛ БА АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ
- ↑ Богд Хаант Монгол Улсын Төрийн Хамгаалалт (Memento 2. Аравдугаар сар 2019 цахим архивт) Төрийн Тусгай Хамгаалалтын Газар.
Өмнөх Чин улс |
Олноо Өргөгдсөн Монгол Улс 1911-1915 |
Дараах Автономит Монгол Улс |
Өмнөх Олноо Өргөгдсөн Монгол Улс |
Автономит Монгол Улс 1915-1919 |
Дараах Хятадын цэргийн дэглэм |
Өмнөх Автономит Монгол улс |
Хятадын цэргийн дэглэм 1919-1921 |
Дараах Автономит Монгол Улс |
Өмнөх Автономитын Монгол Улс |
Хэмжээт цаазат Богд Хаант Монгол Улс 1921-1924 |
Дараах БНМАУ |