Jump to content

Бодь суварга

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бодь суварга, Г.Занабазарын бүтээл.

Бодь суварга -Өндөр Гэгээн Занабазарын бүтээсэн хүрлээр цутгаж, алтаар шарсан суварга юм. Энэхүү алдарт баримал нь Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музейд хадаглагдаж байна.

Бурхадын дүр хөрөг нь лагшингийн шүтээн, судар ном зарлигийн шүтээн, суварга тааллын шүтээн болдог. Суваргыг тогтсон нарийн тиг зураг, зан үйлийн дагуу бүтээсэн бөгөөд бурхадын дүр хөргийг бүтээхийн адилаар сүншиг буюу тусгайлсан тарни ном болон амин мод хэмээх сорогшин хийж равнай өргөдөг зан үйлтэй.

Г.Занабазарын бүтээсэн энэхүү Бодь суваргыг харахад дорно дахины босоо дөрвөлжиндүү маягийн суварганаас нэлээд ялгаатай бөгөөд газрын гүнээс урган гарч тэнгэр өөд тэмүүлсэн мэт гурвалжин хэлбэрийн зохиомжтой, орой дээрээ нар, сар, галын дөл бадарч байгаа дүрстэй ажээ.

Суварга нь суурь хэсэгтэйгээ нийлээд дөрвөн хэсгээс бүрдэнэ. Үүнд: Суурь хэсэг болох арслант ширээ буюу сэнтийг монголчуудын эртнээс тахин, хүндэлж ирсэн морин эрдэнэ, заан эрдэнэ, хүч чадлыг бэлгэдсэн хос арслангаар чимэглэжээ. Түүний дээрх лянхуа цэцгийн нэгэн үе суурийг "Арван буян" гэдэг. "Арван буян" суурь болон суварган дахь бумбаны дээр байрлах бадам хүртэлх хэсгийг "Уг шалтгааны суварга" хэмээх бөгөөд түүний дээр үзүүр буюу дог хүртэлх "Чойнхор жүсүм" хэмээх 13 үет босоо хэсгийг "Үрийн суварга" хэмээн нэрлэнэ. Арслант ширээг үл тоолон ''Уг шалтгааны суварга", "Үрийн суварга" гэсэн хоёр хэсэг бол суварганы үндсэн хэсэг бөгөөд арслант ширээ бол бурхан шүтээн, суварга, ихэс дээдсүүдийг хүндэтгэн залдаг хүндэтгэлийн ширээ юм.

Шашны холбогдолт эд зүйлсийн дотор суваргыг өчүүхэн жижгээс эхлээд асар том хэмжээтэй урлаж байв. Монголын суварганы хийц Балба, Төвдийн хийцтэй адил төсөөтэй. Монгол оронд XVI зууны үеэс эхлэн бурхан шүтээний холбогдолтой зүйлсийг товоймол, хөөмөл, цутгамал, цул цутгамал зэрэг олон аргаар хийж бүтээж байжээ.