Болорсофт
| Компанийн төрөл | Хязгаарлагдмал хариуцлагатай компани |
|---|---|
| Аж үйлдвэрийн салбар | Програм хангамж, Компьютерын хэл шинжлэл |
| Байгуулагдсан | 2008 |
| Үүсгэн байгуулагч | С. Бадрал |
| Төв байр | Улаанбаатар , Монгол Улс |
| Бүтээгдэхүүн | Болор Толь Болор Дуран Кудос КиМо Тунгаамал Толь |
| Үйлчилгээ |
|
Ажилчдын тоо | 30+ (2025) |
| Вэб сайт | https://bolorsoft.com/ |
Болорсофт нь 2008 онд цахим орчинд Монгол хэлийг чөлөөтэй ашиглах боломжтой болгож, түүний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан цахим хэл шинжлэлийн компани юм. Тус компанийн анхны бүтээл бол монгол хүн бүрийн мэддэг Монголын хамгийн том онлайн толь бичиг болох Болор Толь юм.[1]
Түүх
[засварлах | кодоор засварлах]Болорсофт компанийг 2008 оны 8 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотод С. Бадрал байгуулсан. "Болорсофт" гэдэг нэр нь болор шиг тунгалаг цэвэр код бичих зорилгыг илэрхийлж, өндөр чанартай бүтээгдэхүүн гаргахыг билэгдсэн гэдэг. [1]
2000 оны эхээр цахим ертөнцөд Монгол хэлний хэрэгслүүдийн дутагдалтай, үг үсгийн алдаа хянах хэрэгсэл бүү хэл кирилл болон Монгол бичгээр дижитал орчинд чөлөөтэй бичих ч боломжгүй байлаа. Энэ нь дижитал технологийн хөгжил дөнгөж эхэлж байсан болон Монгол хэл нь морфологийн хувьд нийлмэл бүтэцтэй байгалийн хэлний боловсруулалтын хувьд тун төвөгтэй хэлний нэгд зүй ёсоор тооцогддог байсантай холбоотой. Тиймээс тус төвөгтэй асуудлыг зориглон шийдэж эх хэлээ цахим орчинд чөлөөтэй хэрэглэх боломжийг нээхээр зориг шулуудан судалгаанд суурилсан хөгжүүлэлт (R&D) бүхий программ хангамж үйлдвэрлэдэг анхны программ хангамжийн компани болж байв.
Бүтээгдэхүүн ба үйлчилгээ
[засварлах | кодоор засварлах]Болор Толь (https://bolor-toli.com) нь Монголын хамгийн том, хамгийн их хандалттай вэб сайтуудын нэг юм. Энэхүү платформ нь Монгол хэл болон англи, герман, солонгос, япон, орос, хятад гэсэн зургаан хэл хооронд орчуулга хийх боломжийг олгодог. Хэлний нийлбэр дүнгээр 1 сая гаруй үг хэллэгтэй тус толь бичгийг вэб болон гар утасны аппликейшнээр бараг бүх Монгол хүн хэрэглэдэг. [2]
Болор Дуран
[засварлах | кодоор засварлах]Болор Дуран нь Монгол хэлний баталгаатай, байнга шинэчлэгддэг кирилл бичгийн цор ганц үгийн алдаа шалгуур программ юм. Тус бүтээгдэхүүний вэб хувилбарыг https://spellcheck.mn хаягаар орж богино бичвэрийн хувьд төлбөргүй ашиглах боломжтой бөгөөд жилийн 49 000 төгрөгөөр Microsoft Office-д нэгтгэгдсэн хувилбарыг нь худалдан авч оффлайнаар ашиглах боломжтой байдаг.[3]
Кудос
[засварлах | кодоор засварлах]Кудос (https://kudos.mn) нь Монголын зах зээлд зориулсан иж бүрэн медиа мониторингийн платформ юм. Энэ нь Монголын бүх онлайн сонин болон Facebook, Twitter зэрэг олон нийтийн сүлжээг хянадаг. Систем нь язгуур үгээр задлан хайх чадамжтай бөгөөд энэ нь Монгол хэлний залгамал бүтэцэд сайн тохирч, онцгой үр дүн авчирдаг. [4]
Кимо
[засварлах | кодоор засварлах]Кимо (https://kimo.mngl.net) нь Монголын хоёр албан ёсны бичиг болох кирилл болон уламжлалт босоо Монгол бичиг хооронд хөрвүүлэгч юм. 2025 оны 1 сарын 1-с Монгол хэлний тухай хуулиар төрийн бүх албан хэрэг хос бичгээр хөтлөх ёстой болсноор байгууллагуудад бичиг хөрвүүлэх шаардлага өсөн нэмэгдэж, тус хэрэгцээг хангахаар КиМо программыг Microsoft Office-ийн нэмэлт хэрэгсэл (жилийн лиценз: ₮89,000) болгон өргөжүүлсэн нь олны талархлыг хүлээж, төрийн байгууллагуудад түгээмэл ашиглагдаж байна.[5]
Тунгаамал толь
[засварлах | кодоор засварлах]Монгол бичгийн үгсийн тайлбар толь бөгөөд дуу хоолойгоор хайх боломжтой төлбөргүй гар утасны аппликейшн.
Судалгаа ба хөгжүүлэлт
[засварлах | кодоор засварлах]Монгол хэлний морфологийн анализ
[засварлах | кодоор засварлах]Болорсофт нь Монгол хэлний морфологийн анализаторыг хөгжүүлсэн бөгөөд Монгол хэлний үйл үгийн язгуур нь 1800 хүртэл, нэр үгийн язгуур нь 800 хүртэл хувирал үүсгэж болохыг илрүүлсэн. Тус компани нь бүх Монгол үгийн язгуур хэлбэрийг гаргахаас гадна нэр ба үйл үгийг хувиргадаг төгсгөлөг төлөвт автоматыг бүтээсэн. Энэ технологи нь Болорсофтын бүх суурь бүтээгдэхүүнд хэрэглэгддэг.[6]
Тунгаамал загвар
[засварлах | кодоор засварлах]Тунгаамал загвар (https://mngl.net) нь Монгол бичгийн Юникод кодчиллын асуудлуудыг шийдвэрлэхээр хэл шинжлэл, үсэг зүй, тилограф, програмын архитектурын талаас нь судлан Болорсофтын санал болгож буй маш хялбар шийдэл юм. Одоогоор Монгол улсын үндэсний стандартчиллын газраас үндэсний стандарт болгох асуудлыг хэлэлцэж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл, заавар зөвлөгөөг https://wiki.mngl.net хаягаар орж үзэх боломжтой.[7]
Түншлэл
[засварлах | кодоор засварлах]Болорсофт нь Монголын хамгийн том хэлний хөмрөгийг эзэмшдэг бөгөөд Болорсофтоос салан гарсан Чимэгэ системс болон Эгүнэ AI компаниудад Монгол хэлний өгөгдөл нийлүүлдэг. Компани нь програм хангамж хөгжүүлэлтэд төвлөрч, эдгээр түнш компаниудын хиймэл оюун ухааны загваруудыг сургах өгөгдлийг бэлтгэн нийлүүлж өгдөг. 2024 оны байдлаар тус компани нь 7 хөгжүүлэгч, 5 судлаач, бизнес маркетингийн 3 ажилтан болон 16 өгөгдөл хөгжүүлэгч зэрэг 30 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.
Байгууллагын соёл
[засварлах | кодоор засварлах]Болорсофтын уриа болох "Соёлыг тээнэ..." гэдэг нь цахим орчинд инновациар дамжуулан Монгол хэл, соёлыг хадгалж, баяжуулах эрхэм зорилгыг илэрхийлдэг. Компани нь дижитал орчинд Монголын оюуны соёлыг тээгч гол байгууллага гэж хүлээн зөвшөөрөгддөг болжээ.[8]
