Боржигин уртын дуу
Боржигин уртын дуу
[засварлах | кодоор засварлах]Боржигин уртын дуу бол амьдралын гоо сайхан гүн ухаанаас урган гарсан өөрийн гэсэн онцлог бүхий ардын урлагийн урын сангийн үнэт дээж юм. Боржигин уртын дууг дуулахад хөг дан нь чимэглэл ихтэйгээс гадна элдэв өвөрмөц уран нугалаанууд их орно. Ер нь уртын дууны түрлэгийг малгайн оройн нугалаанд тохируулан 6, 12, 24, 36 гэх мэт тоотойгоор зохиодог байсан гэж ярилцдаг. Боржигин дууны онцлог нь аялгуу урт биш учраас хоолойд амар ая нугалаа нь уран олон байдгаараа өргөн дэлгэр дуулагддаг байжээ. Төв халхын аялгуугаар дуулах нэг түрлэг дууг хоёр турлэг болгон дуулдагаас боржигин аяар найрлах үед дуу урт болчихсон мэт санагдана. Ахуй амьдрал найр наадамд байнга дуулж ойрын хэрэглээ болж ирсэн учраас үг нь төв халхын дууг бодвол бичгийн хэлнээс нилээд холдож аман ярианд ойртсон нь ажиглагддаг. Мөн аялгуунд "Зээ жаа", "Ай хөө зээ хөө" гэх мэт чимэг аялгуу голлодог. Шуранхай нь богино огцом өргөлттэн дээр "Зээ жаа" нь аяыг зааглаж өгдөг учир сурахад амар болно. Боржигин уртын дууг сурах нөхцөл нь найр болон малын бэлчээр болж байв. Хэн нэгэн дуу сурахаар зорьсон хүн бэлчээрт сурч найран дээр дуулж шалгалт сорилт давдаг байна. Боржигин уртын дуу нь голдуу хурдан хүлэг байгалийн сайхныг харьцуулан магтахаас гадна сайн нөхөр үнэнч амрагын тухай өгүүлсэн нь бий.
Боржигин дууны тухай
[засварлах | кодоор засварлах]Монгол ардын уртын дууг дуучин Ж.Дорждагва, ардын билэгзүйч Ж.Бадраа нар судалж Боржигин барил, Баянбараат барил, Төв халхын барил гэж хуваагаад түүнд доорх нутгуудыг оруулжээ. Боржигин барилд Сэцэн хан аймгийн Боржигин Сэцэн вангийн хошуу, Баянбараат барилд богдын шавь, Төв халхын барилд Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу, Сэцэн хан аймгийн үйзэн бээлийн хошууг хамааруулжээ. Үүний дотроос Боржигин дуу яагаад ийм сэргэлэн гоё байдаг юм бэ гэж Ж.Дорждагва гуай Б.Ринчен доктороос нэгэн удаа асуухад "Тэр чинь ордных шүү дээ Чингис хаан өөрөө боржигин хүн бололцооны бас түүний хаялага байгаа юм байлгүй" гэжээ Ж.Дорждагва гуай түүнийг хүлээн зөвшөөрөөд боржигин аялгуу ийм тийм аймаг ч гэлтгүй Дорноговийн хойд Дундговийн зүүн талаар байна гэжээ. [Б.Ринчен доктор Боржигин аялгууны нууц түлхүүрийг ингэж Ж.Дорждагва гуайд атгуулсан байдаг. Боржигин дуу нь дээдсийн ордны ёслол найраас үүсэлтэй гэхийн нотолгоо дээрх боржигин найрын дэг ёсонд илэрч байна.
Боржигин уртын дууны талаар урлаг судлаач Ж.Бадраа хэлэхдээ "Уртын дуу бол олон нугалаа шуранхайтай юм. Ялангуяа боржигин ая бол маш олон шуранхайтай тун олон давхар дагнаас өнгө аялгатай өвөрмөц аялгуу юм. Би энэ аялгыг сонсож байхдаа эртний Чингисийн нутаг Боржигин нутагт хүрээд ирсэн юм шиг боллоо" гэсэн бол Ардын жүжигчин Н.Норовбанзад хэлэхдээ "Жинхэнэ боржигин аялгуу бол нугалаа шуранхай онцгой тун өвөрмөц аялгуу юм. Би боржигин аялгуугаар дуулдаг гэж боддог нь бас л дутуу байна төв халхыг голлодог юм байна". Дуучин Цэнджав хэлэхдээ "Манай Дундговьчууд сайхан дуулж байна. Харин жинхэнэ боржигин аялгуу тун дутмаг байна. Ер нь жинхэнэ боржигин ая бараг гарахгүй байна" гэж хэлж байжээ. Эдний хэлснээс үзвэл боржигин уртын дуу гэгч үнэхээр уран гоё өвөрмөц аялгуу гэдэг нь батлагдаж байна.