Jump to content

Бороогийн суурин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бороогийн суурин нь Хүннүгийн үеийн хот суурингийн дурсгал. Суурингийн он цагийг радиокарбоны шинжилгээгээр МЭӨ 2-1-р зуунд хамаарахыг тогтоосон байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур сумын нутгийн заагт Бороогийн голын зүүн эрэгт, Цагаан чулуутын амны адагт орших Бороогийн сууринг анх 1966 онд Монголын ахмад археологич Ц.Доржсүрэн нээн олсон бөгөөд газрын гадаргаас илэрсэн түүвэр олдворуудаас үндэслэн уг дурсгалыг Хүннүгийн үед холбогдохыг нь тогтоожээ. Тэрээр “эдийн боловсролын дурсгалууд их олдож байгаа хөмсөглөж нурсан эрэг ба ан цавыг даган явж үзэхэд дээрээс 20-30 см гүнд зарим газар маш олон ваарны хагархай, чулуу, малын яс, нүүрс цухуйж байх бөгөөд уртаашаа 30 орчим метр үргэлжилж байгаагаас гадна энэ зурвасын зарим газар зөвхөн улаан зурвас харагдаж байна. Үүнээс үзэхэд энэ нь булш хэрхэвч биш харин суурингийн үлдэгдэл болох нь зайлшгүй. Энэ нь манай улсын нутагт гэр ахуйн, эдийн боловсролын дурсгалууд маш их олдож болох төлөвтэй Хүннү улсын анхны суурин юм” хэмээн гярхай ажиглаж бичжээ. Мөн тэрээр Хүннү судлал ба тус улсын түүхэнд чухал ач холбогдолтой энэ сууринг манай археологичид ойрын хугацаанд малтаж шинжлэх хэрэгтэй байна гэсэн санал дэвшүүлсэн юм.

Үүнээс хойш 20 гаруй жилийн дараа Монголын археологич Д.Цэвээндорж нар 1987 онд тус сууринг үзэж, түүвэр олдвор цуглуулан, эвдэрсэн 2 байгууламжийг цэвэрлэж үзсэн байна. 1990 онд Д.Цэвээндорж, Унгарын археологич И.Эрдели нар уг сууринд анхны бага хэмжээний туршилтын малтлага үйлдсэн юм. Тэд хоёр хэсэг газар туршилтын цооног малтаж, олон тооны вааран савны хагархай илрүүлснээс гадна богийн далаар хийсэн багаж, хатаж дуусаагүй байхдаа дарагдаж шалчийсан вааран савны амсар мөрний хэсэг зэрэг онц сонирхолтой эд өлгийн зүйлсийг малтан гаргасан байна. 2005-2007 онд Ц.Төрбат, Н.Пуса нарын удирдсан Монгол-Швейцарын хамтарсан археологийн экспедици тус сууринд томоохон хэмжээний малтлага хийжээ. Бороогийн голын зүүн эргийн дагуух хоёр дэнж дээр нийт 1175 м2 талбай, 75 м урт шуудуу, 90 м урт хөндлөн зүсэлтийг хийж хагас газар сууц 6, аж ахуйн зориулалттай 126 нүхэн байгууламжуудыг илрүүлэн олж малтан судласан байна. Судалгааны үр дүнд мал аж ахуй, газар тариалан, гар урлалын холбогдолтой хэдэн мянган эд өлгийн зүйлс илэрчээ. Бороогийн суурин нь Монгол улсын нутагт байгаа Хүннүгийн гар урлалын нэгэн төв төдийгүй одоогоор илрээд байгаа хүн байнга амьдран суудаг байсан цорын ганц суурин юм. Бороогийн сууринтай ижилсэх хоёр дурсгал хилийн чанадад байгаа нь Буриадын Ивлэгийн суурин ба Дөрөөгийн суурингууд юм. Энэхүү гурван суурин бүтэц зохион байгуулалтын хувьд бага ялгаатай боловч үүрэг зориулалтын хувьд ижил, хагас газар сууцнууд нь нэг ижил стандартаар баригдсан байжээ. Иймээс эдгээрийг нэг нэгтэйгээ холбоотой төдийгүй Хүннүгийн үед тусгай зорилго чиглэлтэйгээр хот суурины соёлыг хөгжүүлж байсны гэрч гэж үздэг. Эдгээр нь хүн амыг газар тариалан ба гар урлалын бүтээгдэхүүнээр хангах зорилготой байсан ажээ.