Буджавын Чимэд
Буджавын Чимэд (1918 онд төрсөн- 1980 онд нас барсан) -Монгол Улсын анхны мэргэжлийн архитекторуудын нэг бөгөөд Монголын Архитекторуудын эвлэл (МАЭ)-ийн анхны ерөнхийлөгчөөр 1957-1963 онд ажиллаж байсан юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Б.Чимэд Зөвлөлтийн дунд сургуульд 1926 онд элсэн суралцан 1936 онд төгсөөд өөрийн хүслийн дагуу Улсын барилгын техникийн хэрэг эрхлэх газар зургийн техникийн дагалдангаар орж ажиллаад, тухайн үед томоохон барилга болох Багшийн техникум, автобаазын гараж, 5-р хорооны халуун усны барилгын зургийг багш И.Г.Васильевийн удирдлага дор зохиож хэрэгжүүлсэн байна. Тэрээр 1940-1948 онд ЗХУ-ын Москвагийн Архитектурын техникум, дээд сургуульд суралцаж төгсөн, 1953-1956, 1961-1969 онд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор, 1973-1979 онд Дархан хотын Ерөнхий архитектор, Дархан хотын орлогч дарга, Архитектур төлөвлөлтийн газрын орлогч дарга, Улсын Барилгын хорооны орлогч дарга, Улсын барилга эдийн засгийн комиссын нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байсан.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1956 оны 10-р сарын 23-ны өдрийн 545 дугаар тогтоолын XV дугаар зүйлд “Монголын Урчуудын Эвлэлийн дэргэд барилга ба барилгын урлагчийн бүлгийг байгуулсугай” хэмээн заасныг үндэслэн ууган архитектор Б.Чимэд, Б.Дамбийням, А.Хишигт нарын санаачилгаар 1956 онд Монголын Урчуудын эвлэлийн дэргэд архитектор, инженер, зургийн техникч, урчуудаас бүрдсэн Барилга ба барилгын урлагчийн бүлэг байгуулагджээ. Ингээд тус бүлгийн даргаар Буджавын Чимэдийг сонгосон цагаас Монголын Архитекторуудын Эвлэл албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй аж.
Ажил, бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]- МҮЭ-ийн барилга,
- Залуучуудын ордон буюу одоогийн Улсын Драмын эрдмийн театр,
- “Улаанбаатар” зочид буудал,
- Намын шинэ хүчний дээд сургуулийн цэцэрлэг, тэнд байрлах Д.Сүхбаатарын хөшөө,
- Дуурийн театрын хашаа,
- Төрийн ордны арын цэцэрлэг,
- Төрийн ордны өмнөх индэр,
- Төв театрын дотор чимэглэл,
- Д.Сүхбаатарын талбайн анхны байнгын индэр,
- Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний эскиз,
- Төрийн ордны өмнө байсан Д.Сүхбаатар, Х.Чойбалсангийн бунхан,
- Хужиртын рашаан сувилалын барилгууд,
- Улсын Төв музей,
- Улаанбаатар, Дархан хотын ерөнхий төлөвлөгөө
- УБ хотын 12, 15 дугаар хорооллын ерөнхий төлөвлөгөө зэрэг 90 гаруй обьектын зураг төслийг боловсруулахад оройлон оролцсон байна.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Гэргий нь орос үндэстэн Анна Васильевна Пугачева. Хүү нь Будажан Виктор Чимитович.
Дурсгал
[засварлах | кодоор засварлах]2018 онд Б.Чимэдийн мэндэлсэний 100 жилийн ойгоор Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт Усан спорт сургалтын төвийн зүүн талаар үргэлжлэх гудамжийг түүний нэрэмжит болгосон байна. Мөн “Архитектор Буджавын Чимэд” номын нээлт болж, түүний цээж барималыг Монолын Архитекторуудын эвлэл (МАЭ)-ийн ордонд байршуулжээ.