Буурангийн Нандинцэцэг

Буурангийн Нандинцэцэг нь (1954 онд төрж, 2006 онд нас барсан) Монголын эстрад урлагийн нэрт дуучин, Монголын хөнгөн хөгжмийн "Соёл-Эрдэнэ" хамтлагийн анхны гоцлол дуучин хүн юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Б.Нандинцэцэг нь дуу хуурын Дундговь аймгийн Өндөршил суманд 1954 оны 5 сарын 30-нд төржээ. Төрөлхийн өвөрмөц содон сайхан хоолойтой тэрбээр 23-р сургуулийн 7 дугаар ангиа дүүргээд дуучин болох мөрөөдөлдөө хөтлөгдөн Ардын дуу бүжгийн чуулгын байран дахь Залуучуудын Ордонд тасалбар түгээгч, таслагчаар ажилд орж, улмаар УАДБЧ-ын дэргэд 1970 онд байгуулагдсан “Соёл-Эрдэнэ” чуулгад "Эвлэлийн илгээлт" өвөртлөн анхны дуучин нь болж очжээ.

Тухайн цаг үед Б.Нандинцэцэгээс өөр цахилгаан хөгжмийн бит бүрэлдэхүүнтэй (бит бүрэлдэхүүн нь тухайн үеийн дэлхийн жишгээр бөмбөр, басс, ритм, соло гэсэн гурван цахилгаан гитар байсан, нэмэлтээр даралтат хөгжим - төгөлдөр, баянхуур, орган г.м) дуулж байсан эстрадын эмэгтэй дуучид гэвэл МУИС-д 1965-1970 онд сурч дуулж байсан Түнжээгийн Рэнцэнханд, мөн тэр үед Багшийн Дээд Сургуульд сурч байсан Д.Цэцгээ, 1967-1972 онд МУИС-д сурч байсан Балганжавын Бямбажав, Барсын Содгэрэл, Хорхойн Булганням, Төмөртолгойн Чимэг гэсэн "Охидын дөрвөл (квартет)", 1969 онд Ховд аймгийн 10 жилийг төгссөн жилээ урилгаар Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хороооны Цахилгаан хөгжмийн чуулга буюу одоогийн Төрийн шагналт "Баянмонгол" чуулгад дуучнаар ирж ажилласан Лувсангийн Оюунчимэг нарын дуучид байсан байдаг.

"Соёл-Эрдэнэ" хамтлаг гоцлол дуучин хайж байхдаа УАДБЧ-ын байранд байрлаж байсан Залуучуудын Ордны дагшаа хөгжмийн нийтийн бүжиг дундуур дуулдаг охины тухай олж сонсож харсан нь Б.Нандинцэцэг байв. 1970 оны 1-р сарын 11-нд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн хэдий ч цахилгаан хөгжмийн тус хамтлагийг байгуулахыг анх санаачилж, хамтлаг байгуулагдах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд онцгой үүргийг гүйцэтгэсэн, тухайн үеийн Соёлын сайд асан Чадраабалын Лодойдамба охиныг "Соёл-Эрдэнэ" хамтлагт дагуулж ирснээр гоцлол дуучинтай болж байжээ. Ийнхүү Б.Нандинцэцэг нь бит бүрэлдэхүүнтэй улсын гэх тодотголтой цахилгаан хөгжмийн "Соёл-Эрдэнэ" хамтлагийн анхны дуучин болжээ.

Түүний дуулсан "Мартагдашгүй намар" киноны "Анхны хайрын дуу", "Учралын уянга" телекино концертын "Учралын уянга", "Ангийн хоёр анддаа", "Суварган цэнхэр уулс" киноны "Хунгийн дуу" болон "Хөдөөнөөс бичсэн захидал", "Тэр бидэнд хайртай байсан юм", "Хаврын урь", "Хүлээлт" зэрэг уран бүтээлийг Монголын үзэгч, сонсогч олон түмэн андахгүй.

Манай "Зууны манлай", "Алдрын од"-ын анхны эзэн "Соёл-Эрдэнэ" хамтлагийн анхны дуучин, СТА Б.Нандинцэцэгийн гайхамшигтай сайхан хоолойг түүний уран бүтээлээс монгол түмэн зуун дамжин таашаан сонссоор ирсэн билээ.

Уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

  • "Ангийн хоёр анддаа" (шүлэг Ч.Пүрэвдорж, хөгжим Д.Галсанбат) [1]
  • "Анхны хайрын дуу" (шүлэг С.Дашдооров, хөгжим Д.Жанчив, 1975 онд бүтсэн "Мартагдашгүй намар" киноны дуу) [2]
  • "Зүүдний шувуухай" (шүлэг Б.Лхагвасүрэн, хөгжим З.Зундарь) [3]
  • "Миний аз жаргалын дуу" (шүлэг Л.Дагвадорж, хөгжим Д.Галсанбат), (Дуучин Дуламсүрэнгийн дуулсан энэ дуунд хоолой салгаж дуулсан) [4]
  • "Нартай бороо" (шүлэг М.Дариймаа, хөгжим З.Зундарь) [5]
  • "Өргөн хангайн нутаг" (шүлэг Ж.Лодой, хөгжим С.Гончигсумлаа) [6]
  • "Тэр бидэнд хайртай байсан юм" (шүлэг П.Бадарч, хөгжим С.Мааяа) [7]
  • "Учралын уянга" (шүлэг Ж.Ёндонсамбуу, хөгжим З.Зундарь, 1978 онд бүтсэн "Учралын уянга" телекино концерт) [8]
  • "Хаврын урь", (хөгжим Б.Нямбаяр) [9]
  • "Хоёулаа дуулъя" [10]
  • "Хөдөөнөөс бичсэн захидал" / "Хөдөөгийн сайхан талд зорино" (шүлэг Ц.Бүдханд, хөгжим З.Зундарь) [11]
  • "Хунгийн дуу" (шүлэг Г.Жигжидсүрэн, хөгжим З.Хангал, 1978 онд бүтсэн "Суварган цэнхэр уулс" киноны дуу), (Дуу нь уг киногоо гарахаас өмнө олонд түгсэн байв) [12]
  • "Хүлээлт" (шүлэг Ш.Дулмаа, хөгжим Г.Жаргалсайхан) [13]
  • "Сэрдээ сэр хүү минь" / "Чигчийн чинээ дүү минь" (хөгжим Б.Нямбаяр) [14]
  • "Зуурдын сэтгэл" киноны дуу cover, [15]

Гавьяа шагнал[засварлах | кодоор засварлах]

  • Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]