Jump to content

Бэйянгийн арми

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бэйянгийн арми
Бэйянгийн армийн дасгал сургуулилалт.

Бэйянгийн арми (Хятад: 北洋軍) — Чин улсын (дараа нь Бүгд Найрамдах Хятад Улсын (1912-1928), Хятадын эзэнт улсын (1915-1916) хуурай замын цэргийн арми. Энэ арми 1895 онд байгуулагдаж, орчин үеийн загварын дагуу зохион байгуулагдсан бөгөөд Бэйян мужийн нэрээр нэрлэсэн ажээ.

Хятад-Японы нэгдүгээр дайн дууссаны дараа Чин улсын засгийн газар хуурай замын армийг шинэ загвараар дахин зохион байгуулахаар шийджээ. Арми нь Тайпингийн тариачдын бослогын үеэр байгуулагдаж, дараа нь Хуай армид алба хааж байсан Ли Хунжангийн хуучин цэргийн анги нэгтгэлүүдийг багтаасан байна.

Үндсийг нь Ху Юйфэнийн (胡燏棻) удирдлага дор Тяньжин хотын ойролцоох Сяожан өртөөнд (小站) сургагдсан 10 батальон (营) бүрдүүлжээ. Эдгээр нь Динву армийг (定武軍) байгуулжээ. 1895 оны 10-р сард Ху Юйфэнийг Тяньжин-Лутай төмөр замын (津芦铁路) даргаар томилжээ. Юань Шикай түүний залгамжлагчаар шинэ армийн командлагчаар томилогдож, хожим нь Шинэ Арми (新编陆军) нэртэй Динву армийн анги нэгтгэлүүдийг удирдаж байжээ. Эдгээр ангиудын офицеруудыг анх Юань Шикайн дотнын найз нөхөд, хамаатан садан, Бэйян нутгийн цэргийн академийн төгсөгчид, хуучин Хуай армийн (淮军) офицеруудаас томилсон байна. 1899 онд эдгээр ангиудыг Вувэй армид (武卫军) нэгтгэж, түүний Баруун корпусыг (武卫右军) байгуулжээ.

1902 онд тэдгээр армийг зүүн ба баруун гэсэн хоёр дивизээс (镇) бүрдсэн Байнгын бэлэн байдалтай арми (常备军) болгожээ. Энэ дивизийг хожим нь 3 болгон нэмэгдүүлжээ.

1904 онд 36 дивизээс бүрдсэн улсын шинэ арми байгуулах шийдвэр гаргасан бөгөөд шинэ цэргийн хөгжлийн төлөвлөгөөнд 1-6 хүртэлх дугаартай, 6 нь байлдааны бэлэн байдалд байнга бэлэн цэрэг байхаар заасан байв. Бэйянгийн арми (北洋军/北洋軍) нь анх Жили мужийн захирагчийн (直隶总督) харьяалагддаг 6 дивизийг хэлдэг байсан бөгөөд тэрээр мөн Хойд Хятадын Засаг дарга (北洋通商大臣)-ын үүрэг гүйцэтгэж байжээ.

1906 оны 10-р сард Бэйянгийн арми өмнөд мужуудын цэргүүдтэй хамтран Жандэ (彰德)-д 33,000 гаруй цэрэг, офицер, 5,000 морь, 1,500 тэрэг оролцсон томоохон хэмжээний цэргийн хээрийн сургуулилалт хийжээ. 1906 оны 10-р сарын 20-нд Бэйянгийн арми Жандэ руу давшиж, 10-р сарын 22-24-ний хооронд мөн маневр хийж, 1906 оны 10-р сарын 25-нд цэргийн ёслолын жагсаал хийсэн байна.

1915 онд Юань Шикай өөрийгөө эзэн хаан болгон зарласны дараа Японд сурч байсан офицерууд түүний сөрөг хүчин болсон байна.