Jump to content

Бээжингийн амьтны хүрээлэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бээжингийн амьтны хүрээлэнгийн гол хаалга

Бээжингийн амьтны хүрээлэн (хятад. 北京动物园 пиньинь. běi jīng dòng wù yuán) - Бээжин хотын баруун хэсэгт орших амьтны хүрээлэн. 1949 оны 10-р сард БНХАУ байгуулагдсаны дараа Баруун захын цэцэрлэгт хүрээлэн (Xijiao Gongyuan) нэрээр алдартай болсон.

Бээжингийн амьтны хүрээлэнд Хятадын зэрлэг, ховор амьтдыг голчлон зочдод үзүүлдэг байна. Аварга хулсны баавгай бол хамгийн их зочилдог амьтдын нэг бөгөөд бусад алдартай амьтдын тоонд Сычуанийн алтан богино хамарт сармагчин, Манжийн бар, цагаан уруулт согоо, Төвөдийн сарлаг, аварга далайн яст мэлхий, Хойд туйлын цагаан баавгай, Австралийн имж, Африкийн эрээн тахь зэрэг багтдаг ажээ.

Мөн амьтны хүрээлэн нь ховор амьтан үзүүлэхээс гадна дэлхийн ховор амьтдыг судлах, үржүүлэх, амьтан судлалын судалгааны төв юм.

Манж Чин гүрний үед (1644-1911) энд төрөл бүрийн ургамал тариалж, амьтан үржүүлдэг байсан бөгөөд уг цэцэрлэгт хүрээлэнг "Ханхүүгийн өргөө" гэж нэрлэдэг байжээ. 1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард ​​Улс байгуулагдсаны дараа сэргээн засварлаж Баруун захын цэцэрлэгт хүрээлэн (Xijiao Gongyuan) гэж нэрлэх болсон. 1955 онд албан ёсны нэр нь Бээжингийн амьтны хүрээлэн болжээ.

1955 оноос хойш амьтны хүрээлэн маш их өөрчлөгдсөн. 1950-иад оны сүүлээр баавгай, заан, хулсны баавгай, арслан, бар, дууч шувууд, усны үхэр, хирс, гөрөөс, анааш зэрэг амьтдыг нутагшуулан байршуулсан, сүүлд сармагчингийн байшин, усан аквариум нээжээ. Мөлхөгчдийн хашаанд матар, питон зэрэг зуу гаруй төрлийн амьтад байдаг.

Өнөөдөр Бээжингийн амьтны хүрээлэнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 600 төрөл зүйлийн 7000 амьтан байдаг ажээ.