Jump to content

Бямбаагийн Цогтбаяр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бямбаагийн Цогтбаяр
ᠪᠢᠮᠪᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠴᠣᠭᠲᠤᠪᠠᠶᠠᠷ
Б.Цогтбаяр 2017 онд
Хувийн мэдээлэл
Төрсөн1961 оны 11 сарын 20
Монгол Улс Улаанбаатар
Нас барсан2022 оны 03 сарын 22
Монгол Улс Улаанбаатар
Үндэсний харьяалал Монгол (БНМАУМУ)
Алма матер1983 Бүх холбоотны кино урлагийн дээд сургууль
МэргэжилЗураглаач, найруулагч, сценарист, урлаг судлаач
ШагналАлтан гадас одон
Урлагийн Гавьяат Зүтгэлтэн
Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон
Гарын үсэг

Бямбаагийн Цогтбаяр (1961 оны 11 сарын 20 - 2022 оны 03 сарын 22) нь Монголын кино найруулагч, зураглаач, сценарист юм. Тэрээр Монголын түүхийг дэлгэцэнд дүрсэлсэн түүхэн, утга уянгын жанраар түлхүү туурвисан алдартай уран бүтээлч. Монголын ардчиллын дууч байж 1990 оны ардчилсан хувьсгалын баримтат зургийг авч үлдсэн нь “Халуун салхи[1]” баримтат кинонд түүхэн баримт болон хадгалагдсан. Б.Цогтбаярын уран бүтээлээс Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын амьдрал тэмцлийг харуулсан (“Богд хаан” 2011, “Монголын сүүлчийн эзэн хаан” 1, 2-р анги 2021 он) гурван анги кино нь тухайн цаг үеийн үнэн түүхийг уран сайхны аргаар үзүүлсэн түүхэн болоод соён гэгээрүүлэх ач холбогдолтой томоохон хэмжээний бүтээл юм[2].

Б.Цогтбаяр нь 1961 оны 11 сарын 20-нд Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотод төржээ. Тэрээр 1978-1980 онд Нийслэлийн 10 жилийн II дунд сургуульд суралцаж төгсөөд өөрийн хүсэл сонирхолоор “Монгол кино” үйлдвэрт дагалдан ажилчнаар орж урлагийн карьераа эхлүүлжээ. Монгол кино үйлдвэрт тэр цагийн алдартнууд болох Бэгзийн Балжинням, Намсангийн Зундуй, Дэлгэрийн Баттулга, Бямбаагийн Лхагвадорж нарын бүтээл туурвилаас шимтэн суралцаж, туслах зураглаачаар суралцаж дадлагажиж байсан. 1982 онд ЗХУ-ийн БХКУДС-д суралцах хүсэлт нь дэмжигдэж, Москвагийн Улсын Их Сургуульд (1982-1983) орос хэлний бэлтгэлд суралцаад 1983 онд элсэлтийн шалгалтдаа тэнцэж, алдарт Гальперин, Александр Владимирович Гальперины урланд шавь болж бүтээл туурвилаас шимтэн суралцаж, туслах зураглаачаар ажиллаж, дадлагажиж байсан.

Түүний эцэг Долгорын Бямбаа 1921 онд Монгол улсын урд хил дагуу их говийг дамнан орших Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Буур уулын хуудас гэдэг газар Долгорын хоёрдугаар хүү болон мэндэлж, 1937-1948 он хүртэл Өмнөговь аймгийн яаманд бичээч, төлөөлөгч, байцаагч, Залуучуудын эвлэлийн хорооны хэлтсийн эрхлэгч, 1-р нарийн бичгийн даргын албыг хашиж, улмаар Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн Төв хороонд зааварлагч, намын Төв хороонд тасгийн даргаар тус тус төгсгөн, Сайд нарын зөвлөлийн Хянан шалгах комисст улсын байцаагч, улсын ахлах байцаагчийн алба хашиж эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрийг оруулж хөдөлмөрлөж байсан ахмад зүтгэлтэн юм. Түүний хөдөлмөр бүтээлийг Монгол Улсын төр засгаас өндрөөр үнэлэн 1945 онд “Бид ялав” медаль, 1966 онд “Алтан гадас” одон, 1946 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1971 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, мөн бусад ойн медалиудаар шагнасан бөгөөд 1981 онд БНМАУ-ын гавьяат эдийн засагч цол хүртээжээ.

Ээж Хасагийн Хандсүрэн нь Монгол Улсын баруун хойд хязгаарын Увс аймгийн Хяргас суманд төрсөн. Насанд хүрээд Улаанбаатар хотод амьдрахаар тэмүүлэн ирж суралцаж байхдаа Д.Бямбаатай гэр бүл болж найман хүүхэдтэй өнөр өтгөн айл болсон байна.

Цогтбаяр эхнэр Дуламжавын Энхжинтэй (1962) гэрлэн дөрвөн хүүхэд төрүүлсэн. 1984 онд ууган хүү Цогтбаярын Энхцогт (1984) төрж, хожим аавынхаа мэргэжлийг өвлөсөн. Охин Цогтбаярын Энэрэл (1988), охин Цогтбаярын Мишээл, хүү Цогтбаярын Баясал (1992). Хүү Баясал мөн БХКУДС-г кино зураглаач мэргэжлээр (2021) онд төгссөн байна.

Уран бүтээл, нийгмийн манлайлал, судалгаа

[засварлах | кодоор засварлах]

Б.Цогтбаяр кино найруулж зураг авахын зэрэгцээ зарим киноныхоо зохиогчоор ажиллаж[3], нийгмийн амьдралын ололт дутагдлыг тод томруун тусгасан. Мөн кино уран бүтээлийн нийгмийн нөлөөг судалж[4] “Монголын уран сайхны киноны нийгмийн соёлд нөлөөлсөн нь[5]” судалгааны ажил бичиж докторын зэрэг хамгаалсан байдаг.

Кино урлагийн мэргэжлийн хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 1999 онд үүсгэн байгуулсан “Зохиомж” дээд сургууль нь өргөжин эдүгээ багш, хуульч, бизнес, эдийн засаг, урлагийн хөтөлбөрүүдээр сургалт, судалгаа эрхэлдэг, их сургууль болсон байна. Мөн тэрээр Монголын үндэсний кино урлагийн академийг 2008 онд үүсгэн байгуулсан. Монгол киноны хөгжлийг дэмжих, уран бүтээлчдийг чадавхжуулах, үндэсний үнэт зүйл, өв соёлыг дээдлэх зорилгоор удирдан явуулж Академийн шагнал кино наадам 2011 оноос 7 удаа зохион байгуулсан нь киноны уран бүтээлчид төдийгүй үзэгчдийн хүсэн хүлээдэг томоохон үйл явдал болсон.

Он Уран бүтээлийн нэр Уран бүтээлийн төрөл Оролцсон
1993 Дээд хэмжээ Уран сайхны кино Зураглаач
1994 Өвчтөй хог ш дээ хоноод явахгүй Уран сайхны кино Найруулагч
1994 Хамлет их говийн жонон Уран сайхны кино Зураглаач
2006 Уучил Уран сайхны кино Найруулагч
2007 Хубилай хааны зарлиг Уран сайхны кино Найруулагч
2011 Богд хаан Уран сайхны кино Найруулагч
2014 Луйвар[6] Уран сайхны кино Найруулагч
2015 Амьдрал нулимсанд дургүй Уран сайхны кино Найруулагч
2016 Харанхуй хад Уран сайхны кино Найруулагч
2021 Монголын сүүлчийн эзэн хаан Уран сайхны кино Найруулагч

Б.Цогтбаяр 2022 оны 03 сар 22-нд нас барсан.[8] Түүний дурсгалын арга хэмжээнд гэр бүл, үр хүүхэд, ах дүү, хамтран зүтгэгчид, уран бүтээлчид шавь нар хүндэтгэл үзүүлсэн. Жил бүрийн 11 сарын 20-ны өдөр түүний дурсгалыг хүндэтгэдэг ба үүсгэн байгуулсан сургуулийг түүний нэрэмжит болгон нэрлэсэн байна.

  1. gogo.mn. "Б.Цогтбаяр: Бидний хулгайгаар кино хийж байсан камер ардчиллын түүхэнд баримт үлдээсэн". gogo.mn. Татаж авсан: 2025-06-23.
  2. https://www.facebook.com/mpress.mn (2021-09-10). ""Монголын Сүүлчийн Эзэн Хаан" уран сайхны киноны нээлт боллоо". Тэгш эрхийн төлөө | mPress.mn. Татаж авсан: 2025-06-23. {{cite web}}: |last= has generic name (help); External link in |last= (help)
  3. "Д.Нацагдоржийн амьдралаар бүтээсэн "Харанхуй хад" кино дэлгэцнээ ирлээ". dorgio.mn. 2017-02-10. Татаж авсан: 2025-06-23.
  4. gogo.mn. "Найруулагч Б.Цогтбаяр: Энэ сайхан залуучууд аргагүйн эрхэнд арилжааны кино хийж байна". gogo.mn. Татаж авсан: 2025-06-23.
  5. Бямбаагийн, Цогтбаяр (2014). Монголын уран сайхны кино нийтийн соёлд нөлөөлсөн нь.[permanent dead link]
  6. "Э.Энхтулга: Б.Цогтбаяр найруулагчтай хамтарсан уран бүтээл минь бэлэн боллоо". Урлаг.мн. -001-11-30T00:00:00+00:00. Татаж авсан: 2025-06-23. {{cite web}}: Check date values in: |date= (help)
  7. "Киноны Б.Цогтбаяр Урлагийн гавьяат зүтгэлтэн болов". MONTSAME News Agency (Англи хэлээр). Татаж авсан: 2025-06-23.
  8. https://www.facebook.com/mpress.mn (2022-03-23). "МУУГЗ, кино найруулагч Б.Цогтбаяр бурхны оронд заларчээ". Тэгш эрхийн төлөө | mPress.mn. Татаж авсан: 2025-06-23. {{cite web}}: |last= has generic name (help); External link in |last= (help)