Валентина Серова

Валентина Серова (орос. Валенти́на Васи́льевна Серо́ва, төрөхдөө: Половикова; 1917 оны 2-р сарын 10-нд Харьков хотод төрсөн – 1975 оны 12-р сарын 11-нд ЗХУ-ын Москва хотод нас барсан) - Зөвлөлтийн тайз, дэлгэцийн жүжигчин, Зөвлөлт Оросын гавьяат жүжигчин (1946), Сталины хоёрдугаар зэргийн шагналтан (1947) байв.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Валентина Серова 1919 оны 2-р сарын 10-нд Харьков хотод төрсөн. Гэхдээ хожим нь театрын техникийн сургуульд элсэхийн тулд насаа нэмж төрсний гэрчилгээгээ 1917 оны 12-р сарын 23-ны өдөр болгон өөрчилсөн бөгөөд энэ нь түүний албан ёсны төрсөн өдөр гэгдэх болжээ.
Түүний эх нь жүжигчин Клавдия Половикова (1896-1979), эцэг Василий Половиков (1893-1966) нь гидрологич инженер байсан бөгөөд хэлмэгдсэн. Валентина сургуульд орохоосоо өмнө Валки хотын ойролцоох Посунки тосгонд өвөө эмээгийнхээ гар дээр өссөн байна. 6 настайдаа эхийгээ дагаад Москва руу нүүжээ. 10 настайдаа тэрээр Францын зохиолч Ромэн Ролланы жүжгээс сэдэвлэсэн "Цаг ирнэ" жүжигт тоглож Малый театрын студийн тайзан дээр анх гарчээ. 1933-1934 онд Валентина Театрын Урлагийн Төв Коллежид жүжигчний мэргэжлээр суралцжээ.

Тэрээр жүжигчний мэргэжлийн замналаа Ажилчин Залуучуудын Төв театр (одоогийн Ленком театр)-ын тайзан дээр эхлүүлсэн бөгөөд тэнд 1933-1941, 1943-1950, 1959-1964 онуудад ажиллаж байжээ.
Хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]Түүний анхны нөхөр нь Москвагийн Ажилчин Залуучуудын Төв Театрын жүжигчин Валентин Поляков байв. 1938 оны 5-р сарын 11-нд Валентина Половикова туршигч нисгэгч, Испанийн Иргэний дайны баатар Анатолий Серовтой гэрлэжээ. В.Серовагийн 3 дахь нөхөр нь зохиолч Константин Симонов байв. 1950 онд Симонов, Серова нар Мария гэдэг охинтой болсон бөгөөд 1957 онд тэд салсан байна.