Jump to content

Ван Ман

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ван Ман (хятад. 王莽, пиньинь Wáng Măng; хувийн нэр: Жүжүнь (хятад. 巨君, пиньинь Jùjūn); МЭӨ 45 он — 23 оны 10-р сарын 6-нд нас барсан) — 9-23 онд Хятадын эзэн хаан, Баруун Хань улсыг удирдаж байсан Лю удмынханыг буулган авч Шинь улсыг («Шинэ улс») байгуулж цорын ганц Эзэн хаан нь байсан.

Хутга хэлбэртэй зоосон мөнгө

Хятадын уламжлалт түүх судлал Ван Манг дарангуйлагч, түрэмгийлэгч гэж үздэг байсан бол сүүлийн үед зарим түүхчид түүнийг алсын хараатай, нийгмийн шинэчлэгч гэж дүрслэн үзүүлэх болсон. Түүний хаанчлалын үеэр тэрээр боолчлолыг халж, газар дахин хуваарилах хөтөлбөрийг санаачилсан. Хэдийгээр Хятадын сонгодог зохиолоос олж харсан эв нэгдэлтэй нийгмийг хэрэгжүүлэхийг эрэлхийлсэн Күнзийн сургаал баримтлагч байсан ч түүний хичээл зүтгэл эмх замбараагүй байдалд хүргэсэн юм.

Тэрээр нөлөө бүхий Ван овогтны гэр бүлээс гаралтай. Түүний эцэг Ван Мань нь Хан улсын Юан хааны эхнэр, эзэн хаан Ченгийн эх Сяоюаний төрсөн дүү байв. Иймд Ван эзэн хааны ордонд ойр байжээ. Тэрээр бага наснаасаа өөрийгөө Күнзийн шашныг баримтлагч байсан гэдэг.

Ван Хатан хаан Ван Манг албан тушаал ахихад тус дөхөм үзүүлсэн, ялангуяа Чен хааны үед. Тэрээр харваач цэргүүдийн тэргүүний албыг хашиж, улмаар "Шар хаалганы манаач" хэмээх хүндэт цолыг хүртэж байжээ. МЭӨ 16 онд тэрээр "хоу" цол хүртжээ. МЭӨ 8 онд авга ах Ван Гэн (хятад. 王根) нас барсны дараа тэрээр Тэргүүн сайдаар томилогдсон. Гэсэн хэдий ч МЭӨ 7 онд эзэн хаан Чен нас барсны дараа тэрээр энэ албан тушаалаасаа огцрохоос өөр аргагүй болжээ.

МЭ 5 онд эзэн хаан Пинди нас барсны дараа Ван Ман тэргүүтэй захирагчийн зөвлөл түр хугацаанд засгийн эрхийг авчээ. Тэрээр одон орон, зурхайн судлалаас эхлээд сонгодог зохиол хүртэл янз бүрийн асуудлыг авч үзэхийг эрдэмтэн, албан тушаалтнуудын томоохон чуулган хийхийг тушаав. Зөвхөн МЭ 6 онд Рузи Ин шинэ эзэн хаанаар сонгогдсон боловч Ван Ман бодит байдал дээр эрх мэдлээ хадгалж үлджээ.

Яваандаа тэрээр Хань гүрэн тэнгэрээс өгсөн үүргээ алдсан тул түүний төлөөлөгчдөд захирагдах эрхгүй болсон гэдэгт итгэх болжээ. Ван Ман хаан ширээнд суух эрхээ баталгаажуулахын тулд мэргэ төлгө, зөгнөлчдөд хандав. Үүнд нөлөө бүхий түшмэл, эрдэмтэн Лю Синь түүнийг дэмжсэн байна. Ийнхүү Ван Ман домогт шар хаан (Хуанди)-аас гаралтай гэж мэдэгдэв. Эцэст нь МЭ 9 онд Ван Ман эзэн хаан Рузи Инг буулгаж, Шинь улсыг байгуулж буйгаа зарлав.

Шаардлагатай байсан ажлуудыг дуусгасны дараа Ван Ман шинэ эзэн хаан хэмээн хүлээн зөвшөөрүүлжээ. Хятадын шинэ захирагч эхнээсээ эрх мэдлийг төвлрүүлэн бэхжүүлэх, язгууртнуудыг сулруулж, тариачдын дунд дэмжлэгийг өргөжүүлэх шинэчлэлийг хийхийг оролдсон байна.

Ван Ман хаанчлалынхаа үед мөнгөний шинэчлэл хийж, хөнгөн мөнгөн зоосыг нэвтрүүлж, хуучин мөнгөн зоосыг халсан юм. Эзэн хаан язгууртнуудад алтыг алтадмал хүрэл хутгаар солихыг тушаасан нь эрдэнэсийн санг ихээхэн аривжуулав. Ван Мангийн бодлогын үр дүнд язгууртны санхүүгийн байдал ихээхэн доройтож, улс доторх нөлөө нь мэдэгдэхүйц суларчээ. Үүний зэрэгцээ худалдааг төрөөс дэмжиж иржээ.