Jump to content

Василий Васильев

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Василий Васильев (орос. Васи́лий Па́влович Васи́льев, 1818 оны 3-р сарын 4-нд Оросын хаант улсын Доод Новгород хотод төрж, 1900 оны 5-р сарын 10-нд Санкт-Петербург хотод нас барсан) - Хаант Оросын хятад, монгол хэл, бурханы шашин болон санскрит хэл судлаач эрдэмтэн. Санкт-Петербургийн Шинжлэх ухааны академийн академич (сурвалжлагч гишүүн - 1866). Санкт-Петербургийн их сургуулийн Дорно дахины факультетын декан (1878-1893).

Василий Васильев 1818 онд Оросын Эзэнт улсын Доод Новгород хотын бага албан тушаалтны хүү болж төржээ. Түүнийг 6 настай байхад нь дүүргийн сургуульд оруулж, 3 жил суралцсан ажээ. Дараа нь Доод Новгород дүүргийн шүүхэд туслах ажилтнаар томилогдсон байна. Харин 1827 оны тогтоолоор залуучуудыг 14 наснаас доошгүй хугацаанд төрийн албанд элсүүлэхийг зөвшөөрсөн тул түүнийг дүүргийн сургуульд дахин 3-р ангид элсүүлж, 1828 онд гимназид шилжүүлжээ.

Тэр 1834 онд гимназиа төгсөөд Казанийн их сургуульд элсэн орж, Түүх, филологийн факультетын дорно дахины хэлний тэнхимд суралцсан байна. Түүнийг 1837 онд курсээ төгсөхөд Бээжин дэх Оросын шашны төлөөлөгчийн газар очиж санскрит, төвөд, хятад хэл сурах санал тавьсан байна. Тэрээр уг аялалд хоёр жил бэлтгэгдэх хугацаанд монгол сурвалжуудаас бурхны шашныг судалжээ. Эдгээр судалгааны үр дүн нь Буддын гүн ухааны үндсийг нарийвчлан задлан шинжилсэн “Алтангэрэлийн сүнс” «Дух Алтан-гэрэл’а» (о Сутре Золотого Блеска) хэмээх анхны хэвлэгдээгүй эрдэм шинжилгээний бүтээл байв. В.П.Васильев энэ бүтээлээрээ сүүлд 1840 онд дорно дахины уран зохиолын магистрын зэрэг хамгаалсан байна.

Ингээд 1840 оны 1-р сард В.П.Васильев Казань хотоос гараад Эрхүү, Хиагт болон Өргөөгөөр дамжин Бээжинд 1840 оны 6-р сард очиж 9 жил тэндээ амьдарч, бүх цаг заваа хятад, төвөд, санскрит, монгол, манж хэлийг судлахад зориулжээ. Түүний шинжлэх ухааны судалгааг Европын шинжлэх ухааны олон янзын салбарт хуваахаас гадна зарим нь цоо шинэ салбар болж байв. Тэрээр шинжлэх ухааны ажилдаа дорно дахины талаарх мэдлэгийн янз бүрийн салбарыг хөндсөн юм. Энэ үеэр монгол судлаач эрдэмтэн Юзеф Ковалевски руу олон /9 орчим/ тооны захиа бичиж байжээ.

1850 онд В.П.Васильев Хятадаас буцаж ирээд 1851 онд Казанийн их сургуулийн Хятад, Манжийн уран зохиолын тэнхимийн онц профессороор томилогдов. 1852 оноос Оросын газар зүйн нийгэмлэгийн гишүүн, 1857 оноос Оросын археологийн нийгэмлэгийн сурвалжлагч гишүүн болжээ. 1855 онд түүнийг Санкт-Петербургийн их сургуульд шилжүүлсэн. Тэндээ манж хэл (1856-1893) зааж, "Хятад хэл ба зохиолчдын тайлбар" (1856-1899), "Хятадын гүн ухаан, уран зохиолын бүтээл" (1868-1897), "Хятадын түүх ба Хятадын уран зохиолын түүх" (1871-1888) зэрэг сэдвээр хичээл зааж байв. Тэрээр 1859, 1878-1893 онд тус сургуулийн Дорно дахины факультетын деканаар ажиллаж байжээ.

Василий Васильев 1900 оны 5-р сарын 10-нд Санкт-Петербург хотод нас баржээ.

1864 онд тэрээр "Юань, Мин гүрний үеийн Манжийн тухай мэдээлэл" сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан. Оюутнуудад зориулж тэрээр: "Манж-Орос хэлний толь бичиг" (1866); "Хятад ханзны дүн шинжилгээ" (1866); "Хятадын уран зохиолын товчлол", гурван боть (1868); "Хятад үсгийн график систем. Анхны Хятад-Орос хэлний толь бичгийн туршлага" (1867); "Хятад уншигчийн гурав дахь хэвлэлийн тухай тэмдэглэл. Шижингийн орчуулга ба тайлбар" (1882); "Хятад уншигчийн хоёр дахь хэвлэлийн тэмдэглэл. Луньюй нарын орчуулга, тайлбар" (1884); "Хятад үсгийн шинжилгээ. II хэсэг. Хятад бичгийн элементүүд" (1884); "Хятадын уран зохиолын түүхийн эссе" (1885); "Хятадын уран зохиолын түүхийн материалууд. Петербургийн их сургуулийн оюутнуудад өгсөн лекцүүд" (1888). Эдгээр бүтээлүүдийн ихэнх нь хоёр дахь хэвлэлд аль хэдийн хэвлэгдсэн бөгөөд үүнийг В.П.Васильев өөрийнхөө өмнөх цаг үед заасан сурах бичгүүдийг янз бүрийн засвар, товчлол, нэмэлт өөрчлөлтөөр аривжуулсан байна.

Хэвлэгдсэн бүтээлүүд

[засварлах | кодоор засварлах]
  • «История и древности восточной части Средней Азии с X по XIII в., с приложением перевода китайских известий о киданях, чжурчженях и монголо-татарах» (1861 г.);
  • «Сведения о маньчжурах во времена династий Юань и Мин» (1861 г.);
  • «Русско-китайские трактаты» (1861 г.);
  • «О движении магометанства в Китае» (1867 г.);
  • Эхнэр- Софья Ивановна Симонова (1832—1868, Казанийн Их сургуулийн ректор Иван Симоновын охин)-тай гэрлээд 9 хүүхэдтэй болсон.
  • Хүү — Александр Васильевич Васильев (1853—1929), математикч, анхны Төрийн Думын гишүүн.
  • Охин — Аглаида Васильевна Васильева (1854—?)
  • Хүү — Николай Васильевич Васильев (1857—?)
  • Охин — Лидия Васильевна Васильева (Барановская) (1860—1950)
  • Охин — Мария Васильевна Васильева (Барановская) (1863—?)
  • Хүү — Владимир Васильевич Васильев (1866—?)
  • Хүү — Сергей Васильевич Васильев (1867—1950) малын эмч.
  • Охин — Софья Васильевна Васильева (1867—?)
  • Охин — Нина Васильевна Вороновская (?—?).