Василий Суриков

Василий Иванович Суриков (1848 оны 1-р сарын 12 (24)-нд Оросын эзэнт улсын Красноярск хотод төрсөн- 1916 оны 3-р сарын 6 (19)-нд Москва хотод нас барсан) -Оросын нэрт уран зураач, том хэмжээтэй түүхэн зургийн мастер, Оросын эзэн хааны урлагийн Академийн гишүүн.

Василий Суриковын цээж баримал.

Намтар[засварлах | кодоор засварлах]

В.Суриков 1848 онд Красноярск хотод казак офицерын гэр бүлд төрсөн. Тэрээр бага наснаасаа зурж эхэлсэн. Түүний анхны багш нь Красноярскийн дүүргийн сургуулийн зургийн багш Николай Васильевич Гребнёв байсан.

Суриков дүүргийн сургуульд суралцаж 1861 төгсөөд эцэгүй болж өнчирсөн гэр бүл нь гимназид үргэлжлүүлэн суралцах санхүүгийн боломжгүй болж мужийн захиргаанд бичээчээр ажилд орсон байна. В.Суриковын зургийг Енисей мужийн захирагч П.Н.Замятнин санамсаргүй үзээд түүнийг дэмжсэн байна. Амбан захирагч Красноярскийн алт олборлогч П.И.Кузнецовтой ярьж өгч Суриковын Урлагийн академид сургах зардлыг нь гаргуулуулжээ.

1869-1875 онд П.П.Чистяковын удирдлага дор Петербургийн Урлагийн академид суралцжээ. Суралцах хугацаандаа тэрээр дөрвөн мөнгөн медаль, хэд хэдэн мөнгөн шагнал хүртэж байжээ. Тэрээр зургийн композиц буюу зохицуулалтад ихээхэн анхаарал хандуулдаг байсан тул "Композитор буюу Хөгжмийн зохиолч" хоч авсан байна.

Тэрээр 1875 оны 11-р сарын 4-нд Академиа 1-р зэргийн зураач зэрэгтэй төгссөн байна.1877 онд сүмд зураг зурах захиалга авч Москва руу нүүж амьдрах болсон байна.

Суриков гадаад руу удаа дараа аялж Герман, Франц, Австри, Итали, Швейцарь, Испанид (1883-1884, 1897, 1900, 1910) зэрэг орнуудад очсон байна.

Зураачийн анхны бөгөөд цорын ганц хайр нь түүний эхнэр Елизавета Августовна Шэйр байв. Залуус 1878 онд гэрлэж, хэсэг хугацааны дараа Ольга, Елена гэсэн хоёр охинтой болжээ. Гэсэн хэдий ч гэр бүлийн аз жаргал богино настай байсан - 10 жилийн дараа түүний хайртай эхнэр нас барж, зураачийг гүн хямралд оруулсан байна. Тэрээр зөвхөн уран бүтээлийн ачаар хямралаа давж чадсан гэдэг.

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Василий Ивановичийн биеийн байдал эрс муудаж Крым руу эмчлүүлэхээр явсан болов ч олигтой тус болоогүй ажээ. 1916 оны 3-р сарын 6 (19)-нд агуу зураач зүрхний титэм судасны өвчнөөр нас баржээ.

Өнөөгийн алдарт кино найруулагч Никита Михалков, Андрей Кончаловский нар бол Василий Суриковын зээнцэрүүд юм.

"Брярыня Морозова", 1884-1887 оны зураг.

Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Тэрээр захиалгаар зурах туйлын дургүй байсан. Гэсэн хэдий ч тэрээр санхүүгийн хувьд чөлөөтэй байхын тулд захиалгаар зурдаг байсан гэдэг.

"Стрелецүүдыг цаазлах өглөө" В.Суриковын зураг

Василий Суриковын хамгийн ууган бүтээл бол 1862 оны "Енисей дээрх сал" усан будгийн бүтээл юм (Красноярск дахь В.И.Суриковын музейд хадгалагдаж байсан).

Суриковын ихэнх бүтээлийн сэдэв нь Оросын өнгөрсөн үеийн түүхийн тухай байдаг. Түүний уран бүтээл дээр гол төлөв түүхэн бодит хүмүүс янз бүрийн ангиллын хүмүүстэй зэрэгцэн оршдог. Зураачийн уран зургийн найрлагын үндэс нь дүрсэлсэн дүрүүдийн хоорондын зөрчлийг гаргадаг юм. Суриковын анхны чухал бүтээл болох 3 жил зарцуулсан "Стрельцуудыг цаазлах өглөө" (1881) нь зураг түүнд маш их алдар нэрийг тэр даруй авчирсан. "Берёзов дахь Меньшиков" (1883) зураг нь бөглүү Сибирийн цөллөгт Петр I-ийн алдарт хамтран зүтгэгч нөхрийн сэтгэл зүйн хямрал, ганцаардлыг харуулсан байдаг. "Боярыня Морозова" (1887) зураг мөн түүний алдар нэрийг өргөсөн байна.

"Ермак Сибирийг эзэлсэн нь" (1895), "Суворов Альпийн нурууг гатласан нь" (1899) зэрэг зургуудад зураач Оросын цэргүүдийн эр зориг, тэсвэр тэвчээрийг бишрэн харуулсан байдаг.

Суриковын сүүлчийн томоохон бүтээл бол "Степан Разин" (1907) юм. Энэхүү зураг нь 17-р зууны тариачдын дайны удирдагчийн тухай алдартай санааг тусгасан байдаг.