Jump to content

Виктор Черномырдин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Виктор Черномырдин, 2003 он

Виктор Черномырдин (орос. Ви́ктор Степа́нович Черномы́рдин, 1938 оны 4-р сарын 9-нд ЗХУ-ын Оренбург мужийн Саракташский дүүргийн Черный Отрог тосгонд төрсөн - 2010 оны 11-р сарын 3-нд Оросын Москва хотод нас барсан) - Зөвлөлт ба Оросын төрийн зүтгэлтэн.

ОХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга (1992-1993), ОХУ-ын Засгийн газрын дарга (1993-1998), ОХУ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч (1996 оны 11-р сарын 5-6), ОХУ-аас Украинд суугаа Элчин сайд (2001-2009). 2009 оны 6-р сарын 11-ээс амьдралынхаа эцэс хүртэл - ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, ОХУ-ын Ерөнхийлөгчийн ТУХН-ийн гишүүн орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаарх тусгай төлөөлөгч. "Бидний гэр бол Орос" намын үүсгэн байгуулагч, удирдагч.

Виктор Черномырдин 1938 оны 4-р сарын 9-нд Черный Отрог тосгонд (одоогийн Оренбург мужийн Саракташ дүүрэг) оросын казакууд болох эцэг жолооч Степан Маркович, эх Марфа Петровна Черномырдин нарын хүү болж төрсөн. Гэр бүлд Николай, Александр, Наталья, Виктор, Екатерина гэх таван хүүхэд байсан.

1957 онд Орск хотын Техникийн 1-р сургуулийг төгсөөд Орскийн Нефть боловсруулах үйлдвэрт слесарь, компрессор, насосны оператороор ажлын гараагаа эхэлжээ. Приморийн хязгаар дахь Агаарын цэргийн хүчин (1957-1958), Оренбург мужид (1958-1960) нисэх онгоцны буудлын техникчээр цэргийн алба хаагаад хуучин үйлдвэртээ буцаж ирээд машинист, технологийн нэгжийн оператороор ажилласан байна.

1962 онд тэрээр Куйбышевын Политехникийн дээд сургуульд элсэн орж, 1966 онд инженерийн технологийн чиглэлээр төгссөн. Тэрээр сургуулиа төгсөөд өөрийн үйлдвэрт газрын тос боловсруулах цехийн даргаар ажилласан. 1967 онд ЗХУ-ын Орск хотын Коммунист намын хороо түүнийг намын ажилд авах шийдвэрлэж 1967-1973 онд хотын намын хороонд зааварлагч, орлогч дарга, хэлтсийн даргаар ажиллаж байжээ.

1968-1972 онд Москва хотын Бүх холбоотын эчнээ Политехникийн дээд сургуульд суралцаж, инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн.

1973-1978 онд Оренбург хотын Хий боловсруулах үйлдвэрийг удирдаж, дараа нь Москвад ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны хүнд үйлдвэрийн хэлтсийн зааварлагчаар ажилласан байна. 1981 онд техникийн шинжлэх ухааны дэд эрдэмтний цол хамгаалсан.

1982 оноос - ЗХУ-ын Хийн аж үйлдвэрийн дэд сайд. 1983 онд Бүх холбоотын "Тюменгазпром" аж үйлдвэрийн дарга бөгөөд яамны дэд сайдаар томилогдсон. 1985 оны 2-р сарын 12-ноос 1989 оны 6-р сарын 27 хүртэл ЗХУ-ын Хийн аж үйлдвэрийн сайд. 1989-1992 онд тэрээр улсын "Газпром" хийн концернийн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан.

1992 оны 5-р сарын 30-нд тэрээр ОХУ-ын Засгийн газрын түлш, эрчим хүчний цогцолбор хариуцсан орлогч даргаар томилогдсон.

1993 оны 12-р сарын 25-наас эхлэн Оросын шинэ Үндсэн хууль батлагдсантай холбогдуулан Сайд нарын Зөвлөлийг өөрчлөн байгуулсны дараа тэрээр ОХУ-ын Засгийн газрын даргаар ажиллах болов.

1992 оны 12-р сарын 14-өөс 1998 оны 5-р сарын 26 хүртэл - ОХУ-ын Аюулгүй байдлын Зөвлөлийн байнгын гишүүн.

В.Черномырдин, Евгений Примаков нар, 2000 он.

1998 оны 3-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч Борис Ельцин Засгийн газрыг огцруулж, даргын үүргийг Сергей Кириенко-д шилжүүлэх тухай зарлиг гаргажээ.

1998 оны 8-р сарын 24-ний өдрөөс эхлэн В.С.Черномырдин дахин Засгийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан боловч Төрийн Дум хоёр удаа зөвшөөрөөгүй бөгөөд гурав дахь удаагаа Б.Н.Ельцин Евгений Примаковын нэр дэвшүүлж Төрийн Думд хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлжээ.

1995-2000 онд “Бидний гэр бол Орос” хөдөлгөөний удирдагч байсан. 1999-2001 онд тэрээр Ямало-Ненецкийн автономит тойргоос ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын депутатаар сонгогдон ажиллаж байжээ. 1999-2000 онд тэрээр "Газпром" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан.

2001 оны 5-р сарын 21-ээс 2009 оны 6-р сарын 11-ний өдөр хүртэл ОХУ-аас Украинд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албыг хашиж байсан.

2009 оны 6-р сарын 11-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев В.Черномырдиныг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилж, тусгаар тогтносон улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаарх ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгчийн үүргийг нэгэн зэрэг үүрэг болгов.

Виктор Черномырдин 2010 оны 11-р сарын 3-нд 73 насандаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Клиникийн төв эмнэлэгт хүнд хэлбэрийн хавдар болон бөөрний цочмог дутагдлын улмаас үүссэн зүрхний шигдээсээр нас баржээ.