Виллиам Томас Мортон

Виллиам Томас Грийн Мортон

Виллиам Томас Грийн Мортон (* 1819 оны 8 сарын 9 - †1868 оны 7 сарын 15) нь мэс засал хийхэд мэдээ алдуулах аргыг нээсэн гол гавьяатай хүн юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Бага нас[засварлах | кодоор засварлах]

Виллиам Томас Грийн Мортон нь АНУ-ын Массачусетс муж улсын Чарлтон хотод тариачин Жэймс Мортон болон Рэбэкка Мортон нарын хүү болон мэндэлжээ. Тэрээр 17 насандаа Бостон хотод бизнесийн гараагаа тавих гэж очсон боловч бүтэлгүйтэж хэдэн жилийн дараа буюу 1840 онд Балтимор хотын шүдний мэс заслын коллежид суралсан боловч 1842 онд сургуулиа орхин гарч насаар ахмад, мэдээ алдуулах асуудлыг сонирхдог Хорас Уэллөс гэдэг хүнтэй хэсэг зуур хамтарч ажиллажээ. 1844 оны намар Виллиам Мортон Харвардын Анагаах Ухааны их сургуульд элсэн ороод доктор Чарлз Жексоноор цийлэгийн мэдээ алдуулах чадварын талаар заалгаж авсан бөгөөд сургуулиа мөн орхин гарчээ.

Ажлын гараа[засварлах | кодоор засварлах]

Сургуулиа орхин гарсныхаа дараа азотын эслээр туршилт хийн эхэлж Коннектикут муж улсын Хартфорд хотод эмчилгээний ажилдаа амжилттай хэрэглэж хүнийг эмчлэх явцдаа мэдээ алдуулалт хийж эхлэв. Гэвч Бостон хотод олон нийтийн өмнө уг аргаа хэрэглэн үзүүлэх гэсэн оролдлого нь бүтэлгүйтэж шүүмжлэлд өртөв. Мортон хиймэл шүд суулгах эмчилгээ хийхдээ араа шүдний ёзоорыг авахад өвчтөн ихээхэн зовдогийг багасгах зорилгоор мэдээ алдуулах ямар нэг арга олох хэрэгтэйг ухаарч байсан тул азотын ислээс өөр ямар нэгэн бодис олохоор шийджээ. Түүний дотны найз нэрт эрдэмтэн Чарльз Жэксон түүнд цийлэг ашиглахыг санал болгов. Швейцарын эрдэмтэн Парацель бараг гурван зуун жилийн өмнө цийлэгийн өвчин намдаадаг чанарыг олж нээсэн боловч тухайн үед нэг ч эрдэмтэн түүнийг мэс засал хийхэд ашиглаж байгаагүй ажээ. Мортон цийлэгийн тухай сонсоод маш их баярлаж, цийлэгийг эхлээд нохой дээр, дараа нь биен дээрээ туршилт хийжээ. Тэгээд 1846 оны 9 сарын 30-ны өдөр Эбен Фрост гэгч хүн өрөөнд нь орж ирээд шүд өвдөж тэсэхээ байлаа та ямар нэг аргаар шүдийг минь өвтгөлтгүй аваач гэж гуйжээ. Энгээд Мортон зориг гаргаж цийлэг тариад өвчтэй шүдийг нь авав. Фрост дараа нь ухаан ороод ерөөсөө зовиур мэдэрсэнгүй гэж хэлэхэд Мортон үнэхээр их баярлаж ингээд алдрын оргилд хүрлээ, тун удахгүй маш их баяжина гэж дотроо бодов. Олон хүмүүсийн дэргэд болсон энэ онцгой явдлын талаар маргааш нь гэхэд Бостон хотын хэд хэдэн сонин дээр гарсан ч олон нийтийн анхаарлыг татсангүй. Үүнд гайхсан Мортон Бостон хотын төв эмнэлэгийн ахлах мэс засалч доктор Жон С. Уорренд хандан эмч нарын өмнө мэдээ алдуулдаг аргаа туршиж үзүүлэх бололцоо олгохыг хүсчээ. 1846 оны 10 сарын 16-ны өдөр Мортон эмч, оютнуудын өмнө өвчтөн Гилберт Эбботийг цийлэг тарьж унтуулсныхаа дараа өвчтөний хүзүүн дээрх хавдарыг доктор Уоррэн авч хаяв. Уг мэдээ алдуулалт үнэхээр санаанд багтамгүй үр дүнтэй болох нь ингэж нотлогджээ. Энэ мэс заслаас хойш мэс засал хийхэд мэдээ алдуулалтыг өргөн хэрэглэж эхэлсэн түүхтэй ажээ.

Ажлын уналт[засварлах | кодоор засварлах]

Дээрх мэс заслаас сарын дараа Мортон шинэ нээлтийн зохиогчийн үнэмлэх авсан ч доктор Жексон гэх мэт зарим хүмүүс зарга үүсгэжээ. Мөн тэрбээр 1846 онд цийлэгийн зохиогчийн эрхийг аваад түүнийхээ нээлтийг ашиглах лицензийг дан ганц өөрөө гарган өгөхөөр зүтгэж байв. Францын эмийн академи Жексон болон Мортонд дунд нь 5000 франкийн шагнал гардуулсан боловч Мортон нээлт нь зөвхөн түүнийх байсан гэж үзсээр байсан тул шагналаасаа татгалзав.1849 онд тэрээр Конгрессд хандан мэдээ алдуулагч зохион бүтээснийхээ шанд шагнал хүсэхэд Мортонд 100000 долларын шагнал олгох 2 хуулийн санал гарсан боловч үүний эсрэг зогссон улс төрийн фракцаас болж шан харамж авах хүсэл нь талаар болов. Түүгээр ч үл барам мэс засал хийхэд мэдээ алдуулах аргыг хэрэглэдэг болсон эмч эмнэлгүүдийн дийлэнх нь зохиогчийн татвар төлөхөөс зайлсхийх болсон тул хязгааргүй баян болох хүсэл нь талаар болжээ. Мортон зохиогчийн эрхээ баталгаажуулахын төлөө шүүхэд хандаж олсон хамаг хөрөнгөө барж 1868 онд Нью-Йорк хотод 49 настайдаа сэтгэл санааны хямралд орж ядуу байдалтай насан эцэслэжээ.

Түүхэн өв[засварлах | кодоор засварлах]

Мортоны эсрэг түүний шинэ нээлтийг өөрийн болгох гэсэн олон хүн байсны дотор Хорас Уэллс, Чарльз Жексон, Кроуфорд В.Лонг нар байсан юм. Чин үнэндээ Чарльз Жексоны хувьд цийлэгийг хэрэглэх зөвлөгөөг анх Мортонд өгсөн ч гэсэн мэс засал хийхдээ ганц ч удаа хэрэглэж зориглоогүй бөгөөд Мортон цийлэгийг хэрэглэн олны өмнө өвчтөнг ухаан алдуулж мэс засал хийгээд тэр нь амжилтгүй болсон бол Чарльз Жексон гарах бүх хор уршгийг хариуцах чадваргүй эрдэмтэн байсан юм. Одоо цагт ихэнх тохиолдолд мэдээ алдуулалт хийхдээ цийлэгээс илүү хүчтэй бодис ашиглаж байгаа ч цийлэгийг бараг зуун жил гаруй мэдээ алдуулах хамгийн гол хэрэгсэл болгон ашиглаж ирсэн түүхтэй. Цийлэгийг хэрэглэхэд бөөлжис цутгахаас өөр ямар нэг таагүй нөлөө хүний биед үзүүлдэггүй гайхамшигт эд юм. Эрдэмтэн Мортоны 1846 оны 10 сард олон эрдэмтэн, оюутны өмнө хийсэн мэдээ алдуулалтын үзүүлбэрээс хүн төрөлхтний түүхийн нэгэн агуу цаг мөч эхэлсэн юм. Түүний шарил дээр бичсэн доорх үгс түүний баталгаа болно: "Виллиам Т. Мортон бол мэс засал хийхэд бүх цаг үеийн туршид хамгийн аймшигтай зовлон байсан өвдөлтийг устгаж шинжлэх ухаан өвдөлтийг хянадаг болсон эрин үеийг нээсэн мэдээ алдуулалтыг зохион бүтээгч мөн."

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

[1] "William Thomas Green Morton." Encyclopedia of World Biography. 2004, & "Morton, William Thomas Green." The Columbia Encyclopedia, 6th ed.. 2016. (2004). William Thomas Green Morton. Retrieved May 17, 2016, from http://www.encyclopedia.com/topic/William_Thomas_Green_Morton.aspx

Stub icon

Энэ эмчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

  1. Hart, M. H. (1978). The 100: A ranking of the most influential persons in history. New York: Hart Pub., p. 92. ISBN 0806513500.