Вируст хепатит Д

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Элэг нь баруун талын өрцөн дор оршдог 1500 гр орчим жинтэй эрхтэн юм. Элэг нь хүний биед маш олон чухал үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Тухайлбал, элэг бидний идсэн хоол ундыг биед хэрэгтэй энерги болон тэжээл болгож бэлтгэдэг. Мөн цусан дахь хорт бодисыг гадагшлуулж биеийг хоргүйжүүлдэг. Хепатит дельта вирүсээр үүдсэн элэгний үрэвслийг Д хепатит буюу хүмүүсийн ярьж заншсанаар элэгний Д вирүс гэнэ. Хепатит дельта вирүс /ХДВ/ нь В вирүст халдвартай үргэлж хамт оршиж байдаг, хүний биед дангаараа өсөж үржих чадваргүй буюу согогтой вирүс юм. Ѳѳрѳѳр хэлбэл, хепатит Д вирүс нь биед хепатитын В вирүс байхгүй тохиолдолд ѳвчин үүсгэхгүй юм. Хепатит В вирүс ба Д вирүс нэг дор хамт халдварлахыг давхар халдвар, харин хепатит В вирүстэй хүнд дельта вирүс нэмж халдварлавал дараалсан халдвар гэнэ. Архаг хепатит В вирүс тээгчид нь хепатит Д вирүсийн халдвар авах эрсдэлтэй. Түүнчлэн хепатит В вирүсийн халдвар аваагүй мѳн хепатит В вирүсийн эсрэг дархлаажуулалт хийгдээгүй хүмүүс нь давхар болон дараалсан халдвар авах эрсдэлтэй. Давхар халдвар буюу В болон Д вирүс нэг дор халдварлах үед нууц хугацаа нь хепатит В вирүсийн титр хэр их байгаагаас хамаарна. Давхар халдвар нь ихэвчлэн цочмог халдвар байх ба ѳвчлөгсдийн 5% орчимд нь өвчин архагшиж үлддэг. Шарлалтын өмнөх үед өвчтөн ихээр ядрах, хоолны дуршилгүй болох болон дотор муухайрах зэрэг зовиур мэдэгдэх ба энэ үе нь 3-7 хоног үргэлжилнэ. Энэ үед элэгний үйл ажиллагааны шинжилгээнүүд ѳѳрчлѳлтѳй гарна. Шарлалтын үедээ хордлогын шинжүүд улам нэмэгдэн, элэг эмзэглэлтэй, дэлүү томрох нь олонтоо ажиглагдана.