Jump to content

Вислава Шимборска

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Вислава Шимборска, 2009 он

Мариа Вислава Анна Шимборска (польш. Maria Wisława Anna Szymborska; 1923 оны 7-р сарын 2-нд Познань хотын ойролцоо Бнин хотод төрж, 2012 оны 2-р сарын 1-нд Краков хотод нас барсан) — Польшийн яруу найрагч. 1996 оны утга зохиолын салбарын Нобелийн шагнал хүртсэн.

1931 оноос хойш насан эцэслэтлээ Краков хотод амьдарсан. 1943 оноос хойш төмөр замд ажиллаж байсан бөгөөд нацистууд иргэдийг нүүлгэн шилжүүлж албадан хөдөлмөрлүүлж байхад түүнээс зайлсхийж чадсан. Энэ үеэс урлагтай холбогдож, англи хэлний сурах бичгийн зураачаар ажиллав. Тэрээр мөн шүлэг, богино өгүүллэг бичиж эхэлсэн юм.

Дайны дараа тэрээр Краковын утга зохиолын амьдралд оролцож, 1946 он хүртэл «Inaczej» "Өөрөөр" утга зохиолын бүлэгт багтаж, Чеслав Милошийн нөлөөг мэдэрсэн. 1945-1948 онд Ягеллоны их сургуульд Польшийн уран зохиол, дараа нь социологийн чиглэлээр суралцаж, улмаар тэндээ семинар лекц уншдаг болжээ.

1953-1981 онд тэрээр Краковын утга зохиолын "Życie Literackie" (Утга зохиолын амьдрал) сонинд ажиллаж байсан.

1966 он хүртэл тэрээр Польшийн Ажилчны Нэгдсэн Намын (коммунист) гишүүн байсан бөгөөд цаг хугацааны явцад цагаачдын нийгэмлэг (жишээлбэл, Парисын "Соёл", Ежи Гидройц) болон бусад тэрс үзэлтнүүдтэй холбоо тогтоож байжээ.

1996 онд тэрээр утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн.