Владимир Набоков

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Владимир Набоков

Владимир Владимирович Набоков (1899 оны 4 сарын 22, Санкт-Петербург – 1977 оны 7 сарын 2, Монтрё) бол ХХ зууны өрнөдийн уран зохиолын нэг сонин содон төлөөлөгч бөгөөд орос гаралтай Америкийн зохиолч, орчуулагч, яруу найрагч юм. 1963, 1964, 1965, 1966 онуудад Нобелийн уран зохиолын шагналд нэр дэвшиж байсан.

Намтар[засварлах | edit source]

В. Набоков Оросын Санкт-Петербург хотноо үе улирсан сурвалжит тайж гаралтай гэр бүлд төржээ. Эцэг Владимир Дмитриевич Набоков (1869—1922), хуульч, улс төрч, Ардчилсан Үндсэн хуулийн намын (Кадетуудын нам) удирдагчдын нэг байсан. Эх Елена Ивановна (Рукавишникова; 1876—1939), баян алт олборлогч Рукавишниковын охин. Владимир Набоков хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй ах, дүү нартай байжээ.

Набоковынхон Английн соёл иргэншлийг шүтэн бишрэгчид байсан тул тэрбээр бүр багаасаа англи хэлийг оросоосоо илүү сурснаас, эцэг нь төрсөн нутагтаа байгаа хүүдээ эх хэлийг нь заалгах гэж орос хүмүүжүүлэгч авч байсан гэдэг.

1917 онд тогтсон коммунист дэглэмд дургүйцсэн тэднийхэн эхлээд Ялта руу, дараа нь 1919 онд харьд дүрвэн гарч Берлинд суурьшсан байна. Европын хэд хэдэн хэл мэддэг Владимир Кембрижийн их сургуульд орж, францын уран зохиолыг судлахын зэрэгцээ эцгийнхээ нөлөөгөөр шавж судлалаар оролдож, сүүлдээ бүр судалгаа шинжилгээний ажил хийх болсон байна.

1922 онд Светлана Зиверттай сүй тавьсан боловч 1923 онд сүйт бүсгүйн гэр бүлийнхэн болиулсан байна.

1925 онд Набоков еврей гэр бүлийн Вера Слонимтай гэрлэсэн ажээ. Тэд Дмитрий (1934—2012) гэж хүүтэй болсон бөгөөд сүүлд хүү нь эцгийнхээ бүтээлүүдийг хэвлүүлж түүний уран бүтээлийг дэлгэрүүлэхэд их хувь нэмэр оруулжээ.

1937 онд Набоков Францын нийслэл Парист цагаачлан амьдарч Канн, Ментон зэрэг хотуудаар их очиж байжээ. Улмаар германчуудааас зугтаж 1940 онд АНУ руу нүүжээ.

1940-1958 онд Америкт Набоков Уеллсли коллежид орос, дэлхийн уран зохиолын чиглэлээр лекц уншиж амьдралаа залгуулж байгаад Корнеллийн их сургуульд суралцаж, Харвардад харьцуулсан амьтан судлалын музейн энтомологийн лабораторид ажиллаж байжээ.

1960 онд Набоков Европт буцаж ирээд насан эцэс болтол Монтрёд амьдарчээ.

1975 онд Набоков Швейцарын ууланд унаж бэртээд эрүүл мэнд нь мууджээ.

Владимир Владимирович Набоков 1977 оны 7 дугаар сарын 2-нд нас барж, түүнийг Монтрёгийн ойролцоо Кларан дахь оршуулгын газар нутаглуулжээ.

Уран бүтээл[засварлах | edit source]

Набоков 1922 оноос Берлин хотод шилжин суурьшаад уран зохиолын орчуулга хийж, өөрийн шүлгийн номуудаа хэвлүүлж эхэлсэн юм. Тэрбээр 1937 онд Гитлерийн Германаас дүрвэн гарч, Парист очих үедээ

  • Машенька (1926)
  • Ноён хатан боол (1928)
  • Лүжиний хамгаалалт (1929-1930)
  • Туршуул (1930)
  • Гавъяа (1932)
  • Кино зургийн өрөө (1932-1933)
  • Цөхрөл (1934)
  • Цаазлах ялд урьсан нь (1935)

зэрэг роман, мөн өгүүллэгийн түүврээ оросын цагаачдын "Өдгөө цагийн тэмдэглэлүүд" сэтгүүлд нийтлүүлэн нэр хүндтэй зохиолч болоод байв. Парист сууж байх үедээ "Авьяас" романаа хэвлүүлсэн. Гэтэл Парисыг нацистууд эзлэн авсан тул 1940 онд АНУ-д шилжин суурьшжээ.

Энэ бол Набоковын хувьд Оросын зохиолч байсан хамгийн сүүлчийн жил бөгөөд 1940 оноос англиар бичдэг америкийн зохиолч болсон юм. Тэрбээр 1940 он хүртэлх зохиолоо Владимир Сирин гэсэн нууц нэрээр хэвлүүлж байв.

Набоков Америкт ирсэн эхний үедээ бүхий л цагаач иргэдийн адил аль олдсон ажлаа хийж, бас дутагдах гачигдахын зовлонг амсаж явжээ. 1948 онд Карнегийн их сургуулийн профессор болж, Оросын уран зохиолын талаар цуврал лекц унших зуур Пушкин, Лермонтов, Гоголийн зохиолоос англи хэл рүү орчуулж байсан.

Англи хэлээрх анхны роман «Себастьян Найтын жинхэнэ амьдрал» (англ. The Real Life of Sebastian Knight)-аа Набоков Европт байхдаа 1938 онд эхлүүлжээ. 1938 оноос хойш орос хэлээр роман бичихээ больж хэд хэдэн шүлэг бичсэн байна.

Набоков 1955 онд жаал охинд сэтгэл алдсан насанд хүрсэн эрийн тачаангуй хүслийн тухай өгүүлсэн "Лолита" романаа хэвлүүлсэн байна. Энэ романыг нь уран зохиолоос сургаал номлол хайдаг судлаач шүүмжлэгч нар ужид самуун явдал, хуял тачаалын зохиол хэмээн угтсан боловч чухам энэ л роман түүнийг дэлхийд алдаршихын эхийг тавьсан байдаг. Хоёр жилийн дараа амьдрал ахуйгаа төвхнүүлж эс чадсан Оросын цагаач, профессор Пниний тухай өгүүлсэн "Пнин" романаа бичжээ.

Набоков 1960 онд дахин Европ руу буцаж, амьдралынхаа сүүлийн 17 жилийг Швейцарт өнгөрүүлжээ. Тэнд байхдаа Сүүмгэр гал (1962), Ада буюу гал халуун хүслэн (1969), Алиа салбадайг хараач (1974) зэрэг романаа англиар туурвиснаас гадна, урьд бичсэн зохиолуудаа англи хэл рүү орчуулж, Пушкиний "Евгений Онегин"-ыг англи хэлнээ үргэлжилсэн үгээр гайхамшигтай сайхан гэсэн олны дүгнэлттэйгээр хөрвүүлэн, дэлгэрэнгүй тайлбар хавсаргаж хэвлүүлжээ.

Утга зохиолд түүний оруулсан нөлөө[засварлах | edit source]

Оросын уран зохиолын уламжлал, тогтсон хэв загварыг ягштал баримтлахаас зайлсхийн, шинийг эрэлхийлж байсан Набоковын романуудыг Оросын цагаачдын зүгээс буруутган шүүмжилж, харь орны уран зохиолын хувилбар хэмээн тунхаглан зарлаж байв. Гэтэл Владимир Набоковын бодлоор урлаг, уран зохиолыг нийгмийн хэрэгцээнд нийцүүлнэ гэдэг бол түүнийг басамжлан доорд аваачиж буй зохисгүй хэрэг мөн тул зохиолч хүн уран бүтээлдээ ёс суртахууны нийтээр даган мөрдөж ирсэн, хэвшиж тогтсон дэг журмыг бус, харин хувь хүний бодол, ойлголт, субъектив ухаарлыг нь дүрслэн үзүүлэхийг чухалчлах учиртай юм.

Олон судлаачдын тэмдэглэснээр, Набоков хувь хүнийхээ хувьд ганцаардмал, бусдаас ялгаатай, аль ч талаар хэнээс ч хамааралгүй байхыг эрхэмлэн үзэж, өөрийнх нь уран бүтээлд аль нэг өөр зохиол, зохиолчийн нөлөө тусгал байна гэж ярих, бичихийг тэвчиж чаддаггүй байжээ. Набоковын энэ л онцлог зан чанар нь түүний зохиол туурвилынх нь үндсэн шинжийг тодорхойлдог байна.

Тухайлбал, Набоковын олон зохиолын дүрүүд нь зохиолчийн өөрийнх нь бодол, хүсэл зоригийг илэрхийлж гарынх нь аясаар хөдлөх оньсон тоглоом мэт санагддаг. Энэ нь Набоковоос түүний нэг шавь нь "Зохиолчид миний зохиолын баатрууд намайг эзэмдэж аваад, зарим талаараа үйл явдлын өрнөлийг хөтлөөд явчихдаг гэж хэлэх нь бий. Танд иймэрхүү явдал тохиолдож байв уу?" гэж асуухад угаас ярилцлага өгөх дургүй Набоков тэр даруйд нь "Ерөөс үгүй. Энэ бол ёстой утгагүй зүйл. Ийм юмтай тохиолддог зохиолч нэг бол тун тааруухан зохиолч, үгүй бол мэдрэлийн гажигтай болж таарна. Ёстой үгүй. Зохиолын санаа миний тархи толгойд байнга байж, баатар болгон миний л бодож олсон тэр замаар явдаг. Энэ эрээн бараантай хорвоод би л цорын ганц эзэн нь бөгөөд үнэн, худал хоёрыг нь би дангаараа хариуцна" гэж хариулснаас харагдана.

Оросын сонгодог уран зохиолд хүнийг өөд татах ёс суртахууны эрхэм үнэт зүйлийг баримталдаг тул "илүүдсэн хүний" ажил амьдрал нь уруудаж доройтсоныг ихэвчлэн бүтэлгүйтсэн хайр дурлалтай холбон дүрсэлсэн байдаг билээ. Гэтэл Набоков бол хайр сэтгэл гэгч нь дотроо ямагт урван тэрслэх хорон санаа, ов мэх агуулж байдаг гэсэн тэс ондоо ойлголттой хүн байв. Иймд зохиолууддаа хайр дурлалыг хүн ёсны хамгийн эрхэм нандин сэтгэл гэдэг талаас нь бус, тун өөр өнцгөөс, их л доош оруулж дүрсэлсэн үзэгддэг. Жишээлбэл: "Лолита" бол хайр дурлалын роман боловч энэ хайрын тухай бус, арван хоёрхон настай жаал охин руу өөрийн эрхгүй тэмүүлсэн ужид самуун явдалт насанд хүрсэн эрийн тачаангуй шунал хүслийг үзүүлсэн байдаг.

Тэгвэл "Кино зургийн харанхуй өрөө" романдаа дөч дөхөж яваа Кречмар гэгч баян герман эр, арван зургаан настай Магда хэмээх сэвгэрт сэтгэл алдан, хүсэл тачаалдаа дийлдээд, эхнэр, охин хоёроо хаяж, ойр дотны хүмүүсээсээ холбоогоо таслан, орон гэрээ орхиж байгааг өгүүлдэг. Гэтэл шинээр авсан залуу гэргий нь түүнийг мэхэлдгийг мэдээд Кречмар сэтгэлийн тэнцвэр алдан авто машины осолд орж, нүүрэндээ сорвитой, хоёр нүд нь хараагүй болдог. Гэвч нөгөө Магда хүүхэн нь түүнд хотын захад тансаг харш хөлслөн авч өгсөн нэр зүүгээд, сохор болсон өвгөнийг мэхлэн нууц амраг зураач Горнтой нөхцөж, хамаг хөрөнгө мөнгийг нь үрж, тэр тансаг харшид ичих эрээлхэхээ умартан жаргалаа эдэлж байгаа тухай дүрсэлсэн байдаг. Энэ санаа бусад романуудад нь ч бий.

Тиймээс ч Набоковын зохиолуудад хувь хүн болон бодит байдлын хоорондох эмгэнэлт зөрчил дүрслэгдсэн байдаг гэж хэлж болно.

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Vladimir Nabokov – Викимедиа зураг, бичлэг, дууны сан