Вонжун ван

Вонжун ван
Курё улсын ван
Хаанчлал1259-1274
Хаан суусан1259
Бүтэн нэрВан Чөнъ
Төрсөн огноо1219 оны 4 сарын 5
Төрсөн газарКэсон
Өнгөрсөн огноо1274 оны 7 сарын 23
Өнгөрсөн газарКэсон
ӨмнөхКужун ван (Курё)
УдаахЧүннёль ван
Их хатанЖонсүнь хатан
ХүүхэдЧүннёль ван
ЭцэгКужун ван (Курё)
ЭхАньхэ хатан
УлсКурё улс
Ургийн овогКэсон Ван овог
Сүмийн цолВонжон

Вонжун ван (солонгосоор: 원종, ханз: 元宗) Ван Чөнъ (왕정, 王禎) (1219-1274) нь 1259-1274 оны хооронд Курё улсыг захирч байсан 24 дахь ван юм. Кожон вангийн ахмад хөвгүүн.

Тойм[засварлах | кодоор засварлах]

1259 онд Курё улсад Чой овогтны цэргийн ноёрхолыг түлхэн унагасны дараа Кожон вангийн зарлигаар Их Монгол Улсад дагаар орохоо тунхаглаж, хунтайж Ван Чөнъөөр ахлуулсан элчийн бүлгийг Мөнх хаан руу захиа бичгийн хамт илгээсэн. Тухайн үед Мөнх хаан Сүн улсын Сычуань мужийн нутагт аян дайн хийж байсан учраас элч нар Люпаншань ууланд байсан монголын цэргийн хүрээнд ирэхэд, Мөнх хаан өөд болсон мэдээ ирсэн. Ингээд Монголд эзэн хаангүй болсонд курёгийн элч нар дотроо ярилцаад өмнөд зүгт аян дайн хийж байсан Хубилай ванд бараалхан уулзаж, Кайпин хот руу буцах замд нь дагалдан явж, хотод ирэхэд Кожон ван өөд болсон мэдээ ирсэнд, Хубилай хааны зарлигаар Ван Чөнъийг Курё улсын вангаар өргөмжилж, цэргээр хамгаалж улсад нь буцаажээ.

"1263 оноос эхлэн Курё улс нь Их Монгол Улсад дараах зургаан төрлийн албан татварыг гүйцэтгэх болсон. Үүнд:

  1. Данж илгээх: Вангийн угсааны эрчүүдээс барьцааны хүн илгээх
  2. Цэргээр туслах
  3. Амуу будаа тээвэрлэх
  4. Өртөө байгуулах
  5. Өрх амын тооллого явуулах
  6. Даргач суулгах"[1]

Энэ үеэс хааны ордоны хэрэгцээнд зориулж, татвар эм, шивэгчин, тайган илгээж байснаас хамгийн алдартай Ки овогт Өлзий хутаг хатан юм.

1269 оны 8 сард тус улсад Им Йөнъ хэмээх цэргийн жанжин төрийн эргэлт гаргаж, Курёгийн цэргийн дарангуйлагч Ким Жүнийг алж, Вонжон ванг сууринаас нь огцоруулж, дүү Аньгён гүн Ван Чаныг Курё улсын ванд өргөмжилжээ. Энэ явдлыг мэдсэн Хубилай хаан, Вонжон вангийн хөвгүүн хунтайж Ван Шимд 3000 цэрэг өгч, Курё руу илгээсэн. Им Йөний үймээнийг дарсны дараа 11 сард Вонжон ванг буцаан сууринд нь залсан.

1270 оны 6 сараас 1273 он 5 сар хүртэл үргэлжилсэн Самбёлчогийн самуун дэгдсэн. Энэ самуун нь Юань улсын цэргийн дэмжлэгтэйгээр цэргийн жанждын дарангуйлалыг эцэслэж, Канхва арлаас нийслэлээ Кэгён руу шилжүүлэх шийдвэр гарсанд Курёгийн Самбёлчо хэмээх цэргийн байгууллага эсэргүүцэж Пэ Жүнсониор удирдуулан бослого гаргасан. Эхлээд Жинду арлыг эзлэн Чансонъ, Көжэ, Тамна, Намхэ зэрэг арлуудыг эзлэн тэмцлээ үргэлжлүүлж байсан. 1273 онд Юань улсын жанжин Хиндү, Ши Шу, Хон Дагү нарын удирдсан монгол, хятад цэргүүд, Курёгийн Ким Бангён жанжнаар удирдуулсан цэргүүд Тамна аралд бүгсэн Самбёлчогийн цэргийн хүчийг довтлон устгаж, энэ үймээнийг дарсан.

1274 оны 6 сард Хубилай хаан зарлигаар Хутлуг кэлмиш гүнжийг Курё улсын хунтайж Ван Шимтэй гэрлүүлж, их хэмжээний хурим найр хийжээ. Үүний дараа 7 сард Вонжон ван таалал төгсөв. Нас эцэслэсний дараа өргөмжлөн, Сүньхё их ван (순효대왕, 順孝大王) хэмээн нэхэн өргөмжлөн, өвгөдийн сүмд тахих цолийг Воньжон (원종, 元宗) хэмээв. 1310 онд Өлзийт хааны зарлигаар Чүнгён ван (충경왕, 忠敬王) гэх цолыг нэхэн соёрхов.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

  • Эцэг: Кужун ван (고종)
  • Эх: Аньхэ хатан (안혜왕후)
    • Нагац өвөө: Хыижон ван (희종)
    • Нагац эмээ: Соньпён хатан (성평왕후)
  • Хатад, хүүхдүүд:
  1. Кёнжу Ким овгийн Жонсүнь хатан (정순왕후 김씨; 1222–1237)
    1. Ван Го хунтайж (태자 왕거)
    2. Нэр тодорхойгүй гүнж (공주)
  2. Ю овгийн Гёнчан гүнж (경창궁주 유씨): Шинань гүн Ван Жонъгийн охин.
    1. Шиян хү Ван И (왕이 시양후)
    2. Сүньань хү Ван Жон (왕종 순안후)
    3. Гёнан гүнж (경안궁주): Шиньян бэк Ван Чон, Сүхын гүнж[2] нарын хөвгүүн Жэань бэк Ван Сүктэй гэрлэсэн.
    4. Хамнён гүнж (함녕궁주): Хыижон вангийн гуч хүү Гванпён гүн Ван Хэтэй гэрлэсэн.
  3. Ордны авхай, нэр тодорхойгүй (궁인)
    1. Ван Икян (왕익장)
Өмнөх
Кужун ван (Курё)
Курё улсын ван
1259-1274
Дараах
Чүннёль ван

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Монголын эзэнт гүрний түүх. Их Юань хэмээх Их Монгол Улс. УБ., 2019. Дэд боть. т.73
  2. Кужун вангийн охин