Вудсток
Ву́дсток (англи. Woodstock) — Английн Оксфордшир хошууны Баруун Оксфордшир дүүрэгт багтдаг жижиг хот.

Оксфорд хотоос умард зүгт 12 км-ийн зайд оршдог бөгөөд Глим гэх жижиг гол хотыг хуучин, шинэ гэсэн хэсэгт хуваадаг байна. Энэ хот нь үндсэндээ 1874 онд Уинстон Черчиллийн төрсөн Блэним Ордонгоороо алдартай юм.
Вудсток хот нь хааны ордонтой шууд холбоотой бөгөөд гайхалтай ан агнуурын ачаар тус бүс нутагт татагдсан Англо-Саксоны хаадууд энд цагаа өнгөрөөдөг байжээ. I Хенри хаан энд ан агнуурын байр барихыг захиалсан бөгөөд түүний залгамжлагч II Хенри хаан байрыг өргөтгөж, хааны хөдөөгийн оршин суух харш болох Вудстокийн ордон (англи. Woodstock Palace) болгон хувиргасан боловч Английн иргэний дайны үеэр сүйдэж өнөө үе хүртэл хадгалагдаж үлдээгүй ажээ.
Орчин үед Вудсток цэцэглэн хөгжиж буй Оксфордын дагуул хот бөгөөд Блэним ордонд зочлогсод буудалладаг алдартай болсон юм.