Jump to content

Гаалийн бодлого

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Гаалийн бодлого (англи. Customs policy, орос. Таможенная политика) - барааны экспорт, импортын хэмжээ, бүтэц, нөхцлийг зохицуулдаг улс орнуудын төрийн гадаад худалдаандаа хэрэгжүүлдэг бодлого юм. Улс бүрийн Гаалийн бодлогын нэг гол арга нь тухай улсад эдийн засгийн хямрал болох үед гаалийн татвараар дотоодын зах зээлээ хамгаалдаг юм. Энэ үеэр импортын бараанд өндөр гаалийн татвар ногдуулдаг ба экспортын бүтээгдэхүүнд эсрэгээрээ гаалийн хөнгөлөлт үзүүлдэг байна. Сүүлийн хэдэн арван жилд гаалийн татвараас гадна импортыг хязгаарлах тарифын бус аргууд өргөн хэрэглэгдэж байна: Үүнд: квот, чанарын болон байгаль орчинд ээлтэй стандарт зэрэг юм.

Галийн бодлогыг улс тус бүрийн Сангийн яам өөрийн Гаалийн байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлдэг.

20-р зуун хүртэл олон улс орон гаалийн протекционист буюу хамгаалалтын бодлого баримталж ирсэн байна. Гэвч 1910-1920-иод онд Баруун Европ, АНУ (бага хэмжээгээр) импортын татварыг бууруулсан.

1929-1930 онд Их хямрал эхэлсэн билээ. 1930 онд АНУ-д "Smoot-Hawley" хууль батлагдаж улмаар импортын татварыг сүүлийн 100 гаруй жил байгаагүй хамгийн дээд түвшинд хүргэв. Үүний үр дүнд бусад улс орнуудын эсэргүүцэлтэй тулгарч, Америкийн барааны татварыг нэмснээр АНУ болон Европын орнуудын хоорондын худалдаа огцом буурч, эцэст нь эдийн засгийг Их хямрал үүсэх нэгэн том шалтгаан болсон юм. Баруун Европт импортын татварын дундаж түвшин 25% (1929) -аас 40% (1931), АНУ-д 37% (1927 онд) -аас 55% хүртэл өссөн түүхтэй.

Үүний дараа АНУ-ын бодлогын үндсэн зарчим нь гаалийн татвар, худалдааны бүх төрлийн саад тотгорыг бууруулах зэрэг болсон юм. Ингээд АНУ 1947 онд Тариф, Худалдааны Ерөнхий Хэлэлцээрийг (GATT) байгуулах санаачилга гаргасан. Хамгаалалтын бодлогын /Протекционист/ саад тотгорыг даван туулахын тулд зарим улс орнууд гаалийн тарифын талаар хоёр талын хэлэлцээ хийгээд удаж байв. Тухайлбал, Аргентин улс Английн аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Аргентинд чөлөөтэй нэвтрүүлэх эрхийг өгсөний хариуд үхрийн махаа Их Британид нийлүүлэх давуу эрхтэй байх талаар тохиролцож чадсан байна. Дэлхийн 2-р дайны өмнө АНУ, Их Британи импортын татварыг харилцан бууруулах талаар хэлэлцээр хийхийг оролдсон боловч үр дүн муутай, үндэслэлгүй удаан үргэлжилсэн байна. Тариф, Худахлдааны Ерөнхий Хэлэлцээр бий болсноор тарифын талаар олон талт хэлэлцээ хийх боломж нээгдэж илүү үр дүнтэй болсон билээ. Үүний үр дүнд 1947-1994 он хүртэл аж үйлдвэрийн барааны импортын гаалийн татварын дундаж хэмжээ ойролцоогоор 10 дахин буурч, 1994 он гэхэд 4% хүрэхгүй байв. Энэ нь дэлхийн худалдааны өсөлтөд нөлөөлж хэмжээ нь бараг 20 дахин нэмэгдсэн.

2017 онд АНУ-ын төрийн эрхэнд гарсан Д.Трамп илт протекционист бодлогыг тунхагласан. Үүний үр дүнд АНУ 2017 оны 1-р сард "Номхон далайн түншлэл"-ээс гарч, 2018 оны 6-р сард Дэлхийн Худалдааны Байгууллагын дүрмээс гадуур ЕХ, Канад, Хятад, Орос болон бусад олон орны эсрэг ган, хөнгөн цагаан зэрэгт импортын татварыг үндэслэлгүйгээр нэвтрүүлсэн юм. Улмаар АНУ-Хятадын худалдааны дайн эхэлсэн байна.