Гадаргын усны нөөцийн экологийн үнэ цэнэ
"Усны үнэ цэнэ” нь хүмүүсийн ахуй амьдрал, хүнс хоол, соёл, ёс заншил, эрүүл мэнд, боловсрол, нийгэм-эдийн засаг, байгаль орчны зэрэг олон талт үнэ цэнээр илэрхийлэгдэх бөгөөд экосистемийн тэтгэж буй усны үнэлж баршгүй эсвэл үнэлэх боломжгүй шинж чанар, ач холбогдол, далд мөн чанарыг усны үнэ цэнэ гэж ойлгож болно. Харин усны үнэ, өртөг гэдэг нь хэрэглэгчид усны нөөцийг ашигласныхаа төлөө төлж буй мөнгөн дүн юм.
Усны үнэ цэнийг доорх 5 үндсэн зарчим, хэлбэрээр илэрхийлдэг. Үүнд:
1. Усны байгалийн нөөц, экосистемийн үнэ цэнэ;
2. Усны хуримтлал, дамжуулалт, тээвэрлэлт, цэвэрлэгээ зэрэг “дэд бүтцийн” үнэ цэнэ;
3. Ундны ус, эрүүл мэнд, эрүүл ахуй, ариун цэвэр зэрэг үйлчилгээ үзүүлэх үнэ цэнэ;
4. Хүнс, ХАА үйлдвэрлэл, эрчим хүч, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэх хамгийн чухал үндсэн түүхий эд болох үнэ цэнэ;
5. Нийгэм-соёлын буюу усны соёл, ёс заншил, амралт зугаалга, сувилал, оюун санааны онцлог шинж чанар, үнэ цэнэ.