Газрын ховор элементүүд


Газрын ховор элемент (англи. rare-earth elements (REE), орос. редкоземельные элементы) нь иттри ба 15 лантанидын элемент (лантан, церий, празеодим, неодим, промети, самари, европий, гадолини, тербий, диспрозий, голми, эрби, тулий, итербий, итербий) зэрэг химийн элементүүдийн үелэх системийн 57-оос 71-ийг хүртэл дугаарт байрлах лантаноид элементүүд болон эдгээртэй химийн шинжээрээ ойролцоо төстэй №39-д байрлах элементүүдийг хэлнэ. Газрын ховор элементүүд нь бүгд металл бөгөөд ижил төстэй олон шинж чанартай байдаг бөгөөд энэ нь ихэвчлэн геологийн ордуудад хамт олддог. Тэдгээрийн ихэнх нь ислийн нэгдлүүд хэлбэрээр зарагддаг тул тэдгээрийг "газрын ховор исэл" гэж мөн нэрлэдэг байна.
Неодим, празеодим зэрэг газрын ховор оксидууд нь соронз, онгоцны хөдөлгүүр, тусгай шил зэрэг технологид, түүнчлэн салхин сэнс, хайбрид машин зэрэг ногоон технологид ашиглагдаж байгаа тул эрэлт өсөх төлөвтэй байна.
ГХЭ-үүд нь мөнгөлөг цагаан өнгөтэй металлууд бөгөөд нягт нь 4,48г/см3 (иттри)-ээс 9,33 г/см3 (тули) хүрнэ. Хайлах температур +804°С (цери)-ээс 1550°С (тули) байна. ХШЭ агаарт амархан исэлдэх ба нүүрстөрөгч, хүхэр, фосфор, азот, бусад зарим элементүүдтэй идэвхтэй нэгдэнэ.
Хэрэглээ
[засварлах | кодоор засварлах]Газрын ховор элементүүдийн (ГХЭ) мишметал гэгдэх хайлшийн найрлагад Се-45-50%, La–20-25%, Nd–15-17% г.м., мөн 5% хүртэл төмөр, 0,1-0,3% цахиур оролцоно. Мишметалыг гянтай ган, ширэм, өнгөт металын сайн чанарын хайлш гарган авахад хэрэглэнэ. ГХЭ ба мишметал нь орчин үед хар ба өнгөт металлургийн үйлдвэрт их хэмжээгээр хэрэглэгдэж байгаа ба онцгой шинжтэй шил, керамик, өнгөт телевизор цахилгаан техник, радиоэлектроникийн үйлдвэрийн салбаруудад өргөн хэрэглэгдэх болов. Тухайлбал, иттри нь лазер бүтээх гол материалын нэг болж байна.
Газрын ховор элементийг техникийн янз бүрийн салбарт ашигладаг: электроник, багаж хэрэгсэл, цөмийн инженерчлэл, механик инженерчлэл, химийн үйлдвэр, төмөрлөгийн үйлдвэр болон бусад. La, Ce, Nd, Pr нь шилэн үйлдвэрлэлд исэл болон бусад нэгдлүүдэд өргөн хэрэглэгддэг. Эдгээр элементүүд нь шилний тунгалаг байдлыг сайжруулдаг. Газрын ховор элемент нь хэт улаан туяаг дамжуулдаг, хэт ягаан туяаг шингээдэг тусгай шил, мөн хүчил, халуунд тэсвэртэй шилэнд багтдаг. Газрын ховор элемент, тэдгээрийн нэгдлүүд нь химийн үйлдвэрт, жишээлбэл, пигмент, лак, будаг үйлдвэрлэх, газрын тосны үйлдвэрт катализаторын хувьд маш чухал болсон.
Газрын ховор элементийн зах зээл
[засварлах | кодоор засварлах]"Verified Market Research" (VMR)-ийн тайланд дурдсанаар газрын ховор элементийн дэлхийн зах зээлийн хэмжээ 2023 онд 4,84 тэрбум ам.доллар байсан ба 2030 он гэхэд 10,78 тэрбум ам.доллар болж өсөх магадлалтай юм. "Research and Markets"-аар энэ зах зээл 2023 онд 7,05 тэрбум ам.доллар байсан бол 2024 онд 7,62 тэрбум доллар, 2024 онд 9,328 тэрбум ам.доллар болж өснө гэж таамаглаж байна.
Хятад улс ховор металлын дэлхийн зах зээлийн дийлэнх хувийг хянадаг: 2023 оны эцэс гэхэд Хятад улс дэлхийн хэмжээнд олборлож буй 350,000 тонн газрын ховор элементийн 69%-ийг буюу 240,000 тонн газрын ховор элемент үйлдвэрлэсэн байна.
Ордууд
[засварлах | кодоор засварлах]| № | Ордын нэр | Ордын төрөл |
|---|---|---|
| 1 | Баян овоо, Хятад (Bayan obo, China) | Fe-REE-Nb -орд |
| 2 | Чавара, Энэтхэг (Chavara, India) | Монацитын шороон орд |
| 3 | Маунтен пасс (Mountain Pass, USA) | Бастнезит бариттай карбонатит |
| 4 | хойд Шри Ланка (Northern Sri Lanka) | Монацитын шороон орд |
| 5 | Орисса, Энэтхэг (Orissa, India) | Монацитын шороон орд |
| 6 | Энэбба, Австрали (Eneabba, Australia) | Монацитын шороон орд |
| 7 | Капел, Ёгенап, Австрали (Capel and Yoganup, Australia) | Монацитын шороон орд |
| 8 | Хойд Страдбоке арал, Австрали (North Stradboke Island, Australia) | Монацитын шороон орд |
| 9 | Камаратуба, Бразил (Camarataba, Brazil) | Монацитын шороон орд |
| 10 | Стийн кэмпискраал, Өмнөд Африк (Steen Kampskraal, South Africa) | Монацит, Апатитын судал |
| 11 | Лугийн гол, Монгол (Lugiin Gol, Mongolia) | Синхизит Бастнезиттай карбонатт |