Галина Уланова
Галина Уланова (орос. Гали́на Серге́евна Ула́нова, 1910 оны 1-р сарын 8-нд Оросын Санкт-Петербург хотод төрсөн —1998 оны 3-р сарын 21-нд Москвад нас барсан) —Зөвлөлтийн балетчин, сурган хүмүүжүүлэгч. 1928-1944 онд С.Кировын нэрэмжит Ленинградын дуурь, бүжгийн жүжгийн театр, 1944-1960 онд ЗХУ-ын Большой театрын тэргүүн гоцлол балетын бүжигчин.

Тэрээр 1974, 1980 онд ЗХУ-ын Социалист хөдөлмөрийн баатар, 1951 онд ЗХУ-ын Ардын жүжигчин, 1957 онд Ленины шагнал, 1941, 1946, 1947, 1950 ондуудад Сталины шагнал, 1997 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн шагнал хүртэж байсан Зөвлөлтийн балетын түүхэн дахь хамгийн алдартай бүжигчин байв.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Галина Уланова 1910 оны 1-р сарын 8-нд Санкт-Петербург хотод Мариинскийн эзэн хааны театрын балетчдын гэр бүлд төрсөн. Эцэг нь Сергей Николаевич Уланов, балетын бүжигчин, ялангуяа театрын гол бүжиг дэглээч Мариус Петипатай хамтран ажиллаж байсан бөгөөд дараа нь театрын балетын найруулагч болсон. Эх нь бүжиг дэглэлтийн сургуульд балетын багш, 1930 он гэхэд С.Кировын театрт багш-сургагч байсан Мария Федоровна Романова юм.
1919 онд 9 настайдаа Галина Уланова Петроградын театрын сургуульд (дараа нь бүжиг дэглэх коллеж, одоогийн А.Вагановагийн Оросын балетын академи) элсэн орж, анх түүний гол багш нь эх Мария Романова байсан бөгөөд сүүлд 1925-1928 он хүртэл гурван жил - Агриппина Ваганова багш байсан. Тэрээр 1928 онд сургуулиа А.Вагановагийн ангид сурч төгссөн байна. Төгсөөд 1928 онд С.Кировын нэрэмжит Ленинградын дуурь, бүжгийн жүжгийн театрт бүжигчин болсон.
1942 онд Мариинскийн театрыг бүслэлтэд автсан Ленинград хотоос Ташкент руу нүүлгэн шилжүүлсэн. 1941 онд бүслэлтийн үеэр түүнийг Молотов (одоогийн Пермь хот) руу нүүлгэн шилжүүлж, 1942 онд театрын зөвшөөрлөөр нөхөртэйгээ уулзахаар бүтэн жилийн турш Алма-Ата руу явсан боловч 1943 оны намар Урал руу дахин буцаж ирсэн юм. Амралтынхаа үеэр тэрээр Казахстаны Дуурь бүжгийн эрдмийн театрын хамтлагт ажиллаж, Мария, Жизель нарын дүрд бүжиглэж байсан. 1943 онд тэрээр "Зөвлөлт Казахстаны Ардын жүжигчин" хэмээх хүндэт цолоор шагнагджээ. Дайны үеэр тэрээр шархадсан хүмүүст зориулсан эмнэлгүүдэд очиж тоголдог байжээ. Фронтоос болон дайны дараа түүнд олон талархалын захидал ирдэг байж.
Сүүлд 1944 онд Уланова Москва руу нүүж очоод алдарт Большой театрын гоцлол бүжигчин, 1951 оноос хойш-тэргүүлэх гоцлол балетчинаар 1959 он хүртэл ажилласан юм.
Г.Улановагийн чадвар
[засварлах | кодоор засварлах]
Балетын бүжигчин тодорхой зүйлийг ерөнхийлж, энгийн зүйлийг уран яруу болгож харуулдаг байв. Түүний үзүүлбэрт бүжгийн техник, драмын жүжиглэлт, уян хатан байдлын эв нэгдэлтэй байсан. Сонгодог бүжгийн хатуу тогтсон цэвэр ариун байдлыг зөрчихгүйгээр хүндэтгэлийн уур амьсгалаар дүүргэж, энгийн, өдөр тутмын зүйлийг техникийн хувьд боловсронгуй бүжгийн хөдөлгөөнүүд оруулж, байгалийн жам ёсны байдал зэргийг хөгжимтэй нарийн уялдуулж чаддаг байсан. Улановагийн бүжигт хөдөлгөөн тасалдаагүй, дуусаагүй ч аажмаар алга болж, агаарт ууссан арилах мэт санагддаг байв. Уяан хатнаар хөдөлгөөнийг удаашруулж, бүдгэрч, бүдгэрүүлдэг энэхүү тусгай урлаг нь бүжгийн мэдрэмж, төгөлдөр хуур, нарийн илэрхийлэлийг бий болгосон гэдэг.
Тэрээр 1956 онд Лондонд болсон Большой театрын анхны гадаад аялан тоглолтонд оролцсон нь түүнд дэлхий даяар алдар нэрийг авчирсан юм. Тэрээр Жизель, Жульетта хоёрыг бүжиглэж, ялгуусан амжилтанд хүрсэн бөгөөд гадаадын шинжээчдийн үзэж байгаагаар Анна Павловагийн үеэс хойш тэд ийм сайхан бүжгийг үзээгүй гэж байв. Тэрээр гадаадад маш олон аялан тоглолт хийсэн: Үүнд: Хятад, Австри, Итали, Франц, Англи, АНУ болон бусад орнуудад.
Уланова өөрийн үеийнхний шүтээн болж, дэлхийн Оросын балетын урлагийн бэлгэ тэмдэг болсон юм. Тэрээр олон оронд сая сая шүтэн бишрэгчидтэй байсан.
1960 онд тэрээр урлагийн карьераа дуусгасан бөгөөд 1962 онд тайзны үйл ажиллагаагаа албан ёсоор зогсоосон байна.
Тэрээр 1960-1997 он хүртэл амьдралынхаа эцэс хүртэл Большой театрт багш-сургагчаар ажилласан. Түүний анхны бөгөөд гол шавь нь Екатерина Максимова байсан бөгөөд дараа нь Владимир Васильев, Светлана Адырхаева, Нина Тимофеева, Людмила Семеняка, Нина Семизорова, Малика Сабирова, Марина Колпакчи, Ирина Прокофьева, Алла Михалченко, Надежда Грачева нар байжээ. Тэрээр мөн Парисын дуурь, Гамбургийн балет, Шведийн хааны балет, Австралийн балетын гоцлол бүжигчид, Японы балетын хамтлагийн бүжигчидтэй хамтран ажилласан юм.
Галина Уланова Москвад хотод хоёр удаа цус харвасны улмаас 89 насандаа 1998 оны 3-р сарын 21-ндтаалал төгссөн байна.
2021 оны 6-р сард Москва хотод "Галина Улановагийн талбай" бий болжээ.