Гал (байлдааны гал)
Гал нь цэргийн цохилтыг бэлтгэж, түүнийг дэмжиж, дагах болсноор цохилтын байлдааны салшгүй бүрэлдэхүүн хэсэг болдог. Гал нь байлдааны амжилтыг дэмжих үндсэн арга, дайсныг хөнөөх /дарах, устгах/ цорын ганц хэрэгслэл юм. Гал нь маневр үйлдэх таатай нөхцөлийг ч бүрдүүлдэг.
Галын нөлөөллийн хүч нь их буу, зенитийн хэрэгслэлийн гал, нисэх онгоц, нисдэг тэрэг, ердийн цэнэгтэй пуужин, байлдааны хөлөг онгоцны зэвсгийн цохилт, тэрчлэн, атаклаж /хориглож/ байгаа танкийн болон явган /мотобуудлагын/ салбар, ангиуд, агаарын десантын галыг уялдуулан зохицуулж хэрэглэсэнд оршино.
Галын хэрэгслэлүүдийн өсөн нэмэгдэж байгаа боломж нь алсын зайнаас галын байлдаан хийх таатай нөхцлийг бий болгож, хүрээг нь улам бүр өргөжүүлж байна. Төрөл бүрийн хараалах, чиглүүлэх хэрэгслэл /гэрэллэг ба шөнийн хараа/-ийн чанар сайжирч, удирдлагатай галт хэрэглэл ашиглах болсон нь түүний үр дүнг эрс дээшлүүлээ. Тактикийн пуужин, их буу, нисэх онгоц, нисдэг тэрэгний зэвсгийн хүчээр дайсанд хөнөөл учируулахыг галын цохилт гэнэ. Их бууны гал нь тусгай цельд явуулах, хуралдуулсан, дараалан хуралдуулсан, бөөгнөрүүлсэн, хаалтан болон галын давалгаа гэх мэт олон төрлүүдтэй байдаг.
Харин нисэх онгоц, нисдэг тэрэгний цохилт нь ганцаарчласан цельд хийх, бүлгийн, цувраажсан, бөөгнөрүүлсэн хэмээн ангилагдана.